Дашдорж.Ц Даваасүрэн.Ц 2009.11.20

250 тэрбум төгрөгийн бондын 80 тэрбум нь орон сууцны санхүүжилтэнд зориулагдана

250 тэрбум төгрөгийн бондын 80 тэрбум нь орон сууцны санхүүжилтэнд зориулагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн гарагийн нэгдсэн хуралдаанаар ‘’Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай’’ УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва хуралдааны эхэнд уншиж танилцуулсан.

‘’Үнэт цаасны зах зээлийн тухай’’ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-ын зөвшөөрлөөр Засгийн газар нийтэд санал болгон үнэт цаас гаргах, ‘’Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай’’ хуулийн 7 дугаар зүйлийн 1.5 хэсэгт Засгийн газар УИХ-ын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гаргах бүрэн эрхтэй байхаар тус тус заасан.Үүний дагуу Улсын төсвийн алдагдал, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасны хэмжээг 250.0 хүртэлх тэрбум төгрөг байх нь зүйтэй гэж үзэж байгаа тул Засгийн газрын үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн Засгийн газрын үнэт цаас гаргах нь эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах хэрэгсэл болохоос гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг эдийн засгийн өсөлтөнд нөлөөлнө гэж тооцоолж байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Дашдорж уг бондыг чухам юунд зарцуулах талаар асуухад Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан дээрх бонд гаргаснаар төсвийн алдагдлыг нөхөх болон төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангахад зориулж 80.0 тэрбум төгрөг хүртэлх дотоодын бондоор санхүүжүүлэхэд зарцуулагдана гэлээ.Мөн гишүүн Ц.Батбаяр дээрх орон сууцны метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөр тогтоохдоо юуг үндэслэсэн бэ гэсэн асуултыг Байнгын хорооны даргад тавихад мэргэжлийн холбогдох байгууллагуудтай харилцан ярилцаж шийдвэрлэсэн асуудал бөгөөд Засгийн газрын өнөөгийн чадавхи, төрийн албан хаагчдын төлбөрийн боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэнээ тайлбарласан.

Гишүүн Г.Баярсайхан хэлэхдээ УИХ улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд өрийн бичиг гаргаж байна гэж ойлгож байна. Өмнө нь алтны салбарт бонд гаргаж байсан. Одоо үр дүн нь ямар байна, муу л байгаа .Харин энэ орон сууцанд олгох бондыг хэрхэн хянахыг сонирхлоо. Ц.Баярсайхан гишүүн хариулахдаа бонд гаргах шийдвэрийг баталж байгаа УИХ үүнд анхаарч, зориулалт болон эргэн төлөлтөнд хяналт тавих ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ийнхүү дээрх тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,8 хувь дэмжиж, батлагдлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.