Мал, амьтны эрүүл мэндийн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-07-09

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ .

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

Энэ хэсэгт ... мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, бүртгэл мэдээлэл, Тайлбар: мал, амьтны бүртгэл мэдээллийн тогтолцоог энэ хуулиар зохицуулж өгөхгүй бол бид мал, амьтны өвчин эмгэгийн голомт, тархалт болон эмчлэн сэргийлэх арга хэмжээг хянах эсэх нь тодорхойгүй, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж чадахгүй хэвээр байсаар байх болно.

2015.10.26

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

Хуулийн зорилт бус зорилго гэж нэрлэх нь зүйтэй. Энэ хэсгийг тодорхойлохдоо олон улсын жишгээр ч, энэ хуулийнхаа нэрнээс нь бодоход ч " Энэ хуулийн зорилго нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах, мал, амьтантай энэрэнгүй харьцахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино". гэж тодорхойлбол илүү оновчтой л байсан юм даа. Одоохондоо Монголд анзаарахгүй, хөгжөөгүй мэт яваад байгаа ч гэсэн "мал амьтантай зүй бусаар харьцахгүй байх, энэрэнгүй харьцахтай холбоотой заалтыг оруулаад өгчих нь зүйтэй юм шүү. Энэ чиглэл удахгүй хөгжинө. Дэлхий дээр аль хэдийн бий болчихсон салбар шүү дээ. Жишээ нь Япон улсад мал эмнэлгийн клиник үйлчилгээ нь голдуу мал амьтантай энэрэнгүй харьцах, зүй бусаар харьцахгүй байх, companion animal дээр л суурилдаг юм шүү дээ. Энэ нь малын эмч орлогоо бүрдүүлэх гол эх үүсвэр, мал, амьтны эзэн ба малын эмчийн хоорондын амьд хамтын ажиллагааг бий болгож байдаг юм даа.

2015.10.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

мал амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах, мал амьтантай энрэнгүй харьцах ажиллагааг зохицуулах гэж оруулж өгье

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Мал амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, мал амьтантай энрэнгүй харьцах харилцааг зохицуулна.

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

хувийн малын эмч нарын нийгмийн асуудлын талаар хуульд нэмэлт зүйл заалт оруулж өгнө үү. Бид хувийн ажил үйлчилгээ эрхэлдэгч цаг улиралын чанартай төрийн ажил үйлчилгээг хүргэдэг билээ.ажлын нөхцөлд байнгын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байдаг боловч нийгмийн асуудал байхгүй байгаа нь шоовдорлогдмол байна. осол гэмтэл мэргэжлийн өвчин гэх мэт олон зүйл байдаг энэ талаар ярилцаж үзээд бидэнд нийгмийн халамж үйлчилгээнийг хүртээнэ үү гэж хүсэх байна

2016.04.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

 

2.1.Монгол Улсын мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Энэ хууль мал, амьтны эрүүл, тайван байдлыг хадгалах, түүнийг баталгаажуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээ, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод тээвэрлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

 

3.2.Энэ хууль зэрлэг амьтны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд үйлчилнэ.

 

3.3.Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай4 хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

--------------------

1 Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

2 Ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

3 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн  2010 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

4 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

 

3.4.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан анхан шатны үйлдвэрлэлийн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

3.5.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалттай болон мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэлийн үйлдвэрлэл, импорт, худалдаатай холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

 

3.2-т халдварт, халдваргүй өвчний гэж заавал оруулах шаардлагатай

2015.10.26

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

халдваргүй өвчинтэй гэж нэмж оруулахыг зөвлөж байна. Өнөөдөр халдварт өвчнөөс гадна халдваргүй өвчний асуудал дэлхий нийтийн өмнө тэр тусмаа манай орны хувьд маш том тулгамдсан асуудал байсаар байна. Монголын нийт мал сүргийн өвчлөл, хорогдлын 80-90 хувь нь халдваргүй өвчнөөс шалгаалсан байдагийг онцлон анхаарна уу!!!

2015.10.26

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

3.4-т найруулгын өөрчлөлт "3.4.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан анхан шатны үйлдвэрлэлийн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. гэж байгааг "3.4.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна." гээд өөрчилчихвөл.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

3.1-т" өвчнөөс .......тэмцэх гэдэг хэллэг байхгүй л дээ. "өвчинтэй тэмцэх гээд тусад нь оруулчихвал илүү ойлгомжтой болчихно. Эсвэл үйл үгийг нь үйлт нэр хэлбэрт оруулбал ойлгомжтой болж магад.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

3.5-д байгаа "Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт"-тай холбоотой харилцаа энэ хуулинд хамаарахгүй байж болох уу?.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

С.Батхуягг УМЭАЦТЛ техникийн менежер

3.1дээр тээвэрлэх үеийн бус ерөөсөө худалдаа, шилжилт хөдөлгөөнд тавих хяналт гэдгээр оруулбал

2015.12.30

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Халдварт, паразиттах, халдваргүй өвчний гэж оруулж өгөх шаардлагатай. Хэн дуртай нь халдварт, паразиттах, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дуртай эмээ хэрэглэдэг болсон шүү дээ

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

4 дүгээр зүйл.

 Хуулийн нэр томъёо

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“мал” гэж ашиг шимийг нь хүртдэг хөдөө аж ахуйн амьтныг;

 

4.1.2.“гэрийн тэжээвэр амьтан” гэж хүний ухамсарт үйл ажиллагаагаар хөгжлийн үйл явцад нь нөлөөлж гэршүүлсэн, ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор үржүүлэн ашиглаж байгаа амьтныг;

 

4.1.3.“зэрлэг амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн5 3.2.4-т заасан энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т зааснаас бусад амьтныг;

 

4.1.4.“мэдрэмтгий мал, амьтан” гэж тодорхой нэрийн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй мал, амьтныг;

 

4.1.5.“мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах” гэж мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх, малын эрүүл, тайван байдлыг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

 

4.1.6.“урьдчилан сэргийлэх” гэж өвчний гаралт, тархалтанд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах зорилгоор хийж байгаа үзлэг, тандалт, халдваргүйтгэл, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг;

 

4.1.7.“өвчинтэй тэмцэх” гэж өвчнийг оношлох, өвчний шалтгааныг тогтоох, эмчлэх, өвчний тархалтыг зогсоох, өвчнөөс эрүүлжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа мал эмнэлгийн цогц арга хэмжээг;

 

4.1.8.“мал эмнэлгийн үйлчилгээ” гэж мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг;

 

4.1.9.“гоц халдварт өвчин” гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж, худалдаа, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх өвчнийг;

-----

5 Байгаль орчныг хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

 

4.1.10.“шинэ болон дахин сэргэж байгаа өвчин” гэж Монгол Улсад анх удаа оношлогдож байгаа, эсхүл тухайн өвчнөөр тайван, эрүүл байгааг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсны дараа дахин гарч байгаа халдварт өвчнийг;

 

4.1.11.“өндөр эрсдэлтэй халдварт өвчин” гэж нийтийн эрүүл мэнд, улсын эдийн засагт үлэмж хохирол учруулах эрсдэл бүхий голомттой, эсхүл хил дамжин халдварлах өвчнийг;

 

4.1.12.“мал, амьтныг зайлшгүй шаардлагаар төхөөрөх” гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах магадлал бүхий мал, амьтныг холбогдох дүрэм, зааврын дагуу төхөөрч, биологийн хаягдлыг устгахыг;

 

4.1.13.“мал, амьтныг зайлшгүй шаардлагаар устгах” гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах магадлал бүхий мал, амьтныг холбогдох дүрэм, зааврын дагуу бүрэн устгахыг;

 

4.1.14.“ийлдсийн сан” гэж халдварт өвчний үүсгэгчийн эсрэг бие махбодод үүссэн эсрэг биемийг хянах, үүсгэгчийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгээс мал, гэрийн тэжээвэр амьтны төрөл, нас, хүйсийг төлөөлүүлэн тодорхой тооны сорьц авч, жил бүр нөхөн сэлбэдэг цусны ийлдсийн цуглуулгыг;

 

4.1.15.“малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн6 3.1.9-д заасан иргэнийг;

 

4.1.16.“амьтан маллагч” гэж амьтныг арчлах, тэжээх, болзошгүй аюулаас хамгаалах, хашаа, байр, хорго, хэвтрийг цэвэрлэх үүрэг бүхий иргэнийг;

 

4.1.17.”тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн” гэж мал, амьтны физиологи, биохимийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх, өвөрмөц бус эерэг үйлчлэл үзүүлэх бүтээгдэхүүнийг. 

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

4.1.10.“шинэ болон дахин сэргэж байгаа өвчин” гэж Монгол Улсад анх удаа оношлогдож байгаа, эсхүл тухайн өвчнөөр тайван, эрүүл байгааг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсны дараа дахин гарч байгаа халдварт өвчнийг; Энд нэмээд "урт хугацааны турш дэгдэлт нь тохиолдоогүй байж байгаад дахин дэгдсэн" гэдэг утга оруулмаар байна. Заавал эрх бүхий байгууллагаар баталгаажуулсны дараа дэгдвэл л дахин сэргэсэн гэж үзэж болохгүй биз дээ. Эрх бүхий байгууллага гэдэг нь бодвол OIE л байлгүй. Одоо үхрийн мялзан л гарвал дахин сэргэж байгаа өвчин гэж үзэх нь байна шүү дээ. Үхрийн цээж өвчин гарвал дахин сэргэж байна гэж үзэхгүй нь ээ. Хонины цэцэг ч, ямааны цэцэг ч 20-30 жил гарахгүй байж байгаад саяхнаас буюу 2007, 2010-аад оноос дахин сэргэж байгаа биз дээ. Тэдгээрийг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан юм байхгүй биз дээ. Ийм утгаар авч үзэх хэрэгтэй байх аа.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

4.1.11.“өндөр эрсдэлтэй халдварт өвчин” гэж нийтийн эрүүл мэнд, улсын эдийн засагт үлэмж хохирол учруулах эрсдэл бүхий голомттой, эсхүл хил дамжин халдварлах өвчнийг; гэж тусгажээ. Үүнийг "4.1.11.“өндөр эрсдэлтэй халдварт өвчин” гэж мал, амьтны болон нийтийн эрүүл мэнд, улсын эдийн засагт үлэмж хохирол учруулах эрсдэл бүхий голомттой, эсхүл хил дамжин халдварлах өвчнийг; " гэж " мал, амьтны болон" гэдгийг нэмж өгөх нь зүйтэй байх.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

4.1.14-т "....халдварт өвчний үүсгэгчийн эсрэг бие махбодод үүссэн эсрэг биемийг хянах, үүсгэгчийн тухай ....." гэж байгааг "халдварт өвчний үүсгэгчийн эсрэгбиеийг хянах, үүсгэгчийн талаар......" гэчихвэл ойлгомжтой болчих юм шиг.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

5 дугаар зүйл.

 Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим

 

5.1.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар дараах үндсэн зарчим баримтална:

 

5.1.1.мал эмнэлгийн үйлчилгээний мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл байдлыг хангасан байх;

 

5.1.2.мал эмнэлгийн үйлчилгээг энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тэгш хүртээмжтэй хүргэсэн байх;

 

5.1.3.нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгахад чиглэсэн байх;

 

-----

6 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дүгээрт нийтлэгдсэн.

 

5.1.4.үндэсний онцлог, уламжлалд тулгуурласан, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлсэн байх;

 

5.1.5.төр, иргэн, хуулийн этгээд хамтын үйл ажиллагаанд тулгуурласан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

 

МАЛ, АМЬТНЫ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

 

6 дугаар зүйл.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

 

6.1.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ерөнхий ба тусгай гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулна.

Ш.Норовсамбуу Дархан сангийн Төгсбуянт ТББ-ын Тэргүүн.

гол нь голомтод ажиллах ажиллагсдыг сайн бэлтгэх хэрэгтэй байна. хүний нөөц бүрэлдэхүүнтэй холбоотой заалт алга

2015.08.25

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Мал эмнэлгийн техникчийг бэлтгэж сургах Мал эмчлэх, урьдчилан сэргийлэх талд онцгой анхаарах хэрэгтэй

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

7 дугаар зүйл.

Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ

 

7.1.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ нь мал, амьтны бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхэд чиглэгдэнэ.

 

7.2.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээнд хашаа, байр, тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуй, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

 

7.3.Энэ хуулийн 7.2-д заасан мал, амьтны хашаа, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

7.3.1.малчин, амьтан маллагч нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэх үедээ хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг зааврыг дагаж мөрдөнө.

 

7.3.2.Энэ хуулийн 7.3.1-д заасан эрүүл ахуй, ариун цэврийн нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга (цаашид “төрийн захиргааны байгууллагын дарга” гэх) батална.

 

7.4.Энэ хуулийн 7.2-д заасан орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг хэрэгжүүлэхэд дор дурдсан этгээд дараах үүргийг хүлээнэ:

 

7.4.1.мал, амьтны өмчлөгч нь малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчимд мал, амьтны хүүр, биологийн хаягдал устгах зориулалтын байгууламж барьж ашиглана;

 

7.4.2.малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж буй бэлчээрт энэ хуулийн 7.4.3-т зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгана;

 

 

 

7.4.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн7 4.1.2-д заасан шалтгааны улмаас олноор хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх арга хэмжээг сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулна;

 

7.4.4.хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан маллаж буй иргэн хуулийн этгээд Ариун цэврийн тухай хуулийн8 18.1.4-т заасан үүрэг хүлээнэ;

 

7.4.5.гудамж, талбай, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн газар үхсэн мал, амьтны талаарх иргэд, байгууллагаас мэдээлэл хүлээн авсан харьяалах хорооны Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа харьяалах мал эмнэлэг /цаашид “гэрээт мал эмнэлэг” гэх/-тэй хамтран холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

7.4.6.мал, амьтан үхсэн бол хашаа, байр, орчныг халдваргүйтгэх ажлыг гэрээт мал эмнэлэг хийж гүйцэтгэнэ;

 

7.4.7.мал эмнэлгийн ариун цэвэр, халдваргүйтгэлийн заавар болон мал, амьтны хүүр, сэг зэм устгах зааврыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

7.5.Энэ хуулийн 7.2-д заасан мал, амьтны шилжилт, хөдөлгөөний хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

 

7.5.1.мал, амьтныг өмчлөгч мал, амьтнаа ялган тэмдэглэж, бүртгэл хөтөлнө;

 

7.5.2.иргэн, хуулийн этгээд нь мал, амьтныг уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, худалдаанд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, төхөөрөх, унах, эдлэх болон бусад зорилгоор тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш шилжилт хөдөлгөөн хийхдээ гэрээт мал эмнэлгээс малын эрүүл мэндийн гэрчилгээ авна;

 

7.5.3.гэрээт мал эмнэлэг энэ хуулийн 7.5.2-т заасан гэрчилгээ олгохдоо дараах шалгуурыг баталгаажуулна:

 

7.5.3.1.халдварт өвчингүй тайван бүс, нутагт маллаж байсан;

 

7.5.3.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай дархлаажуулалтад хамрагдсан;

 

7.5.3.3.тухайн мал, амьтанд халдварт өвчний ерөнхий болон өвөрмөц шинж тэмдэг илрээгүй;

 

7.5.3.4.хүнсэнд хэрэглэх мал, амьтны хувьд эм, биобэлдмэл хэрэглэснээс хойших хориглох хугацаа өнгөрсөн, эсэх;

 

-----

7 Гамшгаас хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

8 Ариун цэврийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

 

7.5.3.5.энэ хуулийн 7.5.1-д заасны дагуу бүртгэл, ялган тэмдэглэгээ хийгдсэн.

 

7.5.4.иргэн, хуулийн этгээд бусад нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах тухайгаа гэрээт мал эмнэлэгт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруйдаа харьяалах сум, дүүргийн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн /цаашид “сум, дүүргийн мэргэжилтэн” гэх/-д бүртгүүлнэ;

 

7.5.5.малын эрүүл мэндийн гэрчилгээгүй мал, амьтныг шилжилт, хөдөлгөөний үед илрүүлсэн, эсхүл хөдөө аж ахуйн чөлөөт бүс, халдварт өвчнөөс эрүүлжсэнийг баталгаажуулан зарласан нутаг болон бүс рүү нэвтрүүлэх бол мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/-ийн шийдвэрээр 14-өөс доошгүй хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтад оруулан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

7.5.5.1.улсын байцаагчийн мэдэгдлийг хүлээн авсан иргэн, хуулийн этгээд тээвэрлэж, тууварлаж, унаж, эдэлж яваа мал, амьтнаа мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын талбайд тусгайлан бэлтгэсэн хашаа, байранд оруулна;

 

7.5.5.2.улсын байцаагч эмнэл зүйн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд сорьц авч холбогдох мал эмнэлгийн лабораторид хүргүүлнэ;

 

7.5.5.3.дээж хүлээн авсан лаборатори 14 хоногийн хугацаанд багтаан сорьцны дагавар бичигт заасны дагуу шинжилгээ хийж, дүнг сорьц ирүүлсэн албан тушаалтанд хүргүүлнэ;

 

7.5.5.4.хорио цээрийн хяналтад байх хугацаанд тухайн мал, амьтан энэ хуулийн 7.5.3.1, 7.5.3.2-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг улсын байцаагч сум, дүүргийн мэргэжилтэнтэй хамтран мөшгин тогтооно;

 

7.5.5.5.хорио цээрийн хяналтад байгаа мал, амьтанд халдварт өвчин оношлогдоогүй бөгөөд энэ хуулийн 7.5.3.1, 7.5.3.2-т заасан шалгуурыг хангаж байгаа нь тогтоогдсон бол лабораторийн шинжилгээ хийсэн лабораторийн харьяалах мал эмнэлэг малын эрүүл мэндийн гэрчилгээ олгоно;

 

7.5.5.6.хорио цээрийн хяналтад байгаа мал, амьтанд халдварт өвчин оношлогдсон бол түүнийг зааврын дагуу эмчлэх, төхөөрөх, эсхүл устгана;

 

7.5.5.7.мал, амьтныг тээвэрлэх, унаж эдлэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, хашлага, тоног хэрэгслийг халдваргүйтгэх, өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, чигжээс, биологийн хаягдлыг устгах арга хэмжээг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэг улсын байцаагчийн хяналт дор гүйцэтгэнэ.

 

7.5.6.мал, амьтныг энэ хуулийн 7.5.5-д заасны дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг уг мал, амьтныг унаж эдлэж буй, эсхүл тээвэрлэгч, тууварлагч иргэн, хуулийн этгээд хариуцна.

 

7.5.7.мал, амьтны дотоод дахь шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулан хорио цээрийн хяналтад байлгах үед мөрдөх журам батлах болон мах бэлтгэл, отор нүүдлийн зорилгоор аймаг дамжиж нэгдсэн журмаар мал туух тууврын зам тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ;

 

7.5.8.Энэ хуулийн 7.5.2-т заасан малын эрүүл мэндийн гэрчилгээний загвар, түүнийг хэрэглэх зааврыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

7.5.9.отор хийх зорилгоор сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш тээвэрлэж, тууварлах малд гэрээт мал эмнэлэг нь эмнэл зүйн үзлэг хийж, энэ хуулийн 7.5.3.1-7.5.3.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэх талаар сүрэгт эрүүл мэндийн дүгнэлт гаргана.

 

7.5.10.мал, амьтны шилжилт хөдөлгөөнд дараах зүйлийг хориглоно:

 

7.5.10.1.гэрээт мал эмнэлэгт урьдчилан мэдэгдэхгүйгээр бусад сум, дүүргээс мал, амьтан шилжүүлэн авчрах;

 

7.5.10.2.холбогдох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн Засаг даргын хамтын шийдвэрээр отор, нүүлгэн шилжүүлэлт хийхээс бусад тохиолдолд ялган тэмдэглэгээ хийгдээгүй мал, амьтныг тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш тээвэрлэх, тууварлах, уналга, эдэлгээнд ашиглах;

 

7.5.10.3.мал, амьтныг эрүүл мэндийн гэрчилгээнд заасан мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгт шалгуулахгүй өнгөрөх, тогтоосон замаас өөр замаар тээвэрлэх, тууварлах, зорчих.

 

7.6.Халдварт өвчнөөс эрүүлжсэнийг баталгаажуулан зарласан нутаг болон бүс, хөдөө аж ахуйн чөлөөт бүс рүү нэвтэрч байгаа улсын чанартай авто замыг түшиглэн мал эмнэлгийн хорио цээрийн байнгын ажиллагаатай хяналтын цэг байгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

7.7.Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Засаг даргын шийдвэрээр түр, эсхүл байнгын ажиллагаатай мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулж болно.

 

7.8. Энэ хуулийн 7.7-д заасны дагуу байгуулсан хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

 

8 дугаар зүйл.

Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ

 

8.1.Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ нь эрсдэл бүхий халдварт өвчний тархалтыг хязгаарлах, халдварлалтын хувийг бууруулахад чиглэгдэх бөгөөд тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

 

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан тархвар зүйн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх бөгөөд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

8.2.1.сум, дүүргийн мал эмнэлгийн мэргэжилтэн харьяалах нутаг дэвсгэртээ дараах хэлбэрээр мал, амьтны халдварт өвчний тархвар зүйн судалгаа хийж, мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн анхдагч мэдээллийг бүрдүүлнэ;

 

8.2.1.1.төрийн захиргааны байгууллагын даргын баталсан тархвар зүйн судалгааны хуудсыг ашиглан мэдээлэл цуглуулах;

 

8.2.1.2.эрх бүхий байгууллагаас баталж, зөвшөөрсөн маягтын дагуу нэгдсэн хөтөлбөр, аргачлалаар цуглуулж боловсруулсан статистикийн мэдээллийг гаргуулан авах;  

 

8.2.1.3.мал эмнэлгийн үзлэг, лабораторийн шинжилгээ хийлгэх ажил зохион байгуулах.

 

8.2.2.сум, дүүргээс ирүүлсэн анхдагч мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага /цаашид “нутгийн захиргааны байгууллага” гэх/ нэгтгэн газар зүйн мэдээллийн санд оруулж, тухайн нутаг дэвсгэрийн тархвар зүйн зураглал үйлдэнэ;

 

8.2.3.мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, улсын хэмжээний тархвар зүйн зураглал үйлдэнэ;

 

8.2.4.энэ хуулийн 8.2.1, 8.2.2-т заасан мэдээллийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах үүрэг хүлээсэн этгээд тухайн мэдээллийг дараагийн шатны байгууллага, албан тушаалтанд дор дурдсан хугацаанд хүргүүлнэ;

 

8.2.4.1.халдварт өвчин гарсан үед өдөр тутам;

 

8.2.4.2.халдварт өвчингүй тайван үед улирал тутам.

 

8.2.5.мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, тайлагнах, хэрэглэгчийг мэдээллээр хангах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн /цаашид “Засгийн газрын гишүүн” гэх/ батална;

 

8.2.6.энэ хуулийн 8.2.1-8.2.3-д заасан мэдээллийн сан, тархвар зүйн зураглалыг төрийн захиргааны байгууллагын дарга хянаж баталгаажуулахаас өмнө хэвлэн нийтлэх, нийтэд мэдээлэх, бусад этгээдэд дамжуулахыг хориглоно.

 

8.3.Энэ хуулийн 8.1-д заасан дархлаажуулалт нь төлөвлөгөөт, яаралтай гэсэн хоёр хэлбэртэй байна:

 

8.3.1.өндөр эрсдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараа онд хийгдэх төлөвлөгөөт дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

8.3.2. дархлаажуулалтыг яаралтай төлөвлөгөөг тархвар зүйн судалгаа болон лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн дараах тохиолдолд дор дурдсан албан тушаалтан батална:

 

8.3.2.1.гоц халдварт өвчний үед төрийн захиргааны байгууллагын дарга;

 

8.3.2.2.энэ хуулийн 8.3.2.1-д зааснаас бусад халдварт өвчний үед  нутгийн захиргааны байгууллагын дарга.

 

8.3.3.дархлаажуулалтыг гэрээт, эсхүл дайчлагдан ажиллаж байгаа мал эмнэлэг холбогдох заавар, журмын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд нутгийн захиргааны байгууллага болон сум, дүүргийн мэргэжилтэн харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж хэрэгжилтэнд нь хяналт тавина.

 

8.3.4.дархлаажуулалтын товыг сум, дүүргийн мэргэжилтэн тогтоож, баг, хорооны Засаг дарга малчид, амьтан маллагчдад зарлан мэдээлнэ;

 

8.3.5.дархлаажуулалт хийх үед малчин, амьтан маллагч, мал, амьтны өмчлөгч дараах үүрэг хүлээнэ:

 

8.3.5.1.товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж дархлаажуулалтад бүрэн хамруулах;

 

8.3.5.2.мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.

 

8.3.6.дархлаажуулалтын гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

8.4.Энэ хуулийн 8.1-д заасан нүүлгэн шилжүүлэлтийг дараахь байдлаар зохион байгуулна:

 

8.4.1.энэ хуулийн 12.1.4-т заасан эрүүл бүсэд байгаа мал, амьтныг өвчний хамгаалалтын бүс болон улсын чанартай автозам, төмөр замд ойролцоо байрлах бэлчээр, нутгаас нүүлгэн шилжүүлж болно.

 

8.4.2.мал, амьтны нягтралыг бууруулах зорилгоор гоц халдварт өвчин гарсан үед төрийн захиргааны байгууллагын даргын, бусад халдварт өвчин гарсан үед нутгийн захиргааны байгууллагын даргын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга нүүлгэн шилжүүлэлт хийх шийдвэр гаргана.

 

8.4.3.гэрээт мал эмнэлэг нь нүүлгэн шилжүүлэх мал, амьтныг эмнэл зүйн үзлэгт нэг бүрчлэн хамруулсны дараа сүрэгт эрүүл мэндийн дүгнэлт гаргана.

 

8.5.Энэ хуулийн 8.1-д заасан шилжилт, хөдөлгөөний хяналтыг энэ хуулийн 13; 14 дүгээр зүйлд заасны дагуу хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох хэлбэрээр хэрэгжүүлнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ .

МАЛ, АМЬТНЫ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ

 

9 дүгээр зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ

 

9.1.Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд тухайн өвчнийг хяналтад авах зорилгоор тандалт, судалгаа хийх, өвчнийг оношлох, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, дархлаажуулалтыг яаралтай хийх, өвчний голомтыг цомхотгох, устгах, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах болон халдварт өвчнөөс эрүүлжүүлэх үйл ажиллагаа хамаарна.

 

9.2.Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бүсчилсэн болон тодорхой нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоох стратегийг баримтлах бөгөөд нийтийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт үлэмж хохирол учрүүлж байгаа мал, амьтны халдварт өвчнийг хяналтад авах стратегийг Засгийн газрын гишүүн, мал, амьтны халдварт өвчнөөс эрүүлжүүлэх стратегийг Засгийн газар тус тус батална.

 

9.3.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх, эрүүл, тайван байдлыг баталгаажуулах үед мөрдөх ажиллагааны стандарчилсан дэгийг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

10 дугаар зүйл.

 Халдварт өвчний тандалт, судалгаа

 

10.1.Мал, амьтны халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, халдварт өвчний тархалтын хүрээ, халдварлалтын түвшинг тогтоох, дархлаажуулалтын үр дүнг үнэлэх, халдварт өвчнөөс эрүүлжүүлэх стратеги хэрэгжүүлэх зорилгоор тандалт, судалгаа хийнэ.

 

10.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа хийх төлөвлөгөөг Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж дүгнэлт гаргасны дараа төрийн захиргааны байгууллагын дарга баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

 

10.3.Тандалт, судалгааны төлөвлөгөөний хүрээнд хийгдэх тархвар зүйн судалгааг энэ хуулийн 8.2-д заасны дагуу гүйцэтгэнэ.

 

10.4.Энэ хуулийн 10.2-д заасан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх тандалт, судалгаанд сонгогдсон мал, амьтныг лабораторийн шинжилгээнд хамруулж, ялгах тэмдэглэгээ хийнэ.

 

10.5.Мал, амьтнаас сорьц авах үед малчин, амьтан маллагч энэ хуулийн 8.3.5.2-д заасан үүрэг хүлээнэ.

 

10.6.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори иргэн, хуулийн этгээдийн захиалгаар тухайн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа мал, амьтан халдварт өвчингүй тайван байгааг баталгаажуулах шинжилгээ хийж болно.

 

10.7.Энэ хуулийн 10.6-д заасан шинжилгээний дүнг төрийн захиргааны байгууллагын дарга баталгаажуулан тухайн халдварт өвчнөөс эрүүлсэн нутаг болон бүсийн талаар нийтэд мэдээлнэ.

 

10.8.Мал, амьтны халдварт өвчнөөс эрүүлжсэн нутаг болон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд өөрийн өмчийн мал амьтнаа холбогдох заавар, зөвлөмжид заасны дагуу тогтмол шинжилгээнд хамруулах, шилжилт хөдөлгөөний хяналтын талаарх холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

 

10.9.Улс, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн тандалт, судалгааны дүнг нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлж, тайланг жил бүрийн 1 дүгээр сард багтаан байгууллагынхаа цахим хуудаст байршуулна.

 

10.10.Тандалт, судалгаа хийх, үр дүнг мэдээлэх журмыг Засгийн газрын гишүүн батална.

 

Бруцеллёз өвчинтэй тэмцэх стартегийн төлвөлгөөг баримталж ажиллах

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

11 дүгээр зүйл.

 Халдварт өвчний оношилгоо

 

11.1.Халдварт өвчний өвөрмөц шинж тэмдэг илэрсэн, олон тооны мал гэнэт өвчилсөн, эсхүл хорогдсон тохиолдолд мал, амьтны халдварт өвчний сэжиг илэрсэн гэж үзнэ.

 

11.2.Халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд малчин, амьтан маллагч, мал, амьтны өмчлөгч дараах үүрэг хүлээнэ:

 

11.2.1.гэрээт мал эмнэлэгт яаралтай дуудлага өгөх, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 12 цагийн дотор өгөх;

 

11.2.2.энэ хуулийн 8.3.5.2-д заасан үүрэг хүлээх;

 

11.2.3.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох халдварт өвчин гарсан үед өвчний сэжигтэй мал, амьтныг сүргээс тусгаарлахад зориулан хашаа, байр бэлтгэх, тусгаарлан маллах, арчлах;

 

11.2.4.малын эмчийн заавар, зөвлөмжийг биелүүлэх.

 

11.3.Дуудлага хүлээн авсан гэрээт мал эмнэлэг дор дурдсан үүрэг хүлээнэ:

 

11.3.1.өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, тархвар зүйн байдлыг тодорхойлж, өвчний эмнэл зүйн шинж тэмдэг болон түргэн оношлуурын дүнг үндэслэн анхны онош тогтоох;

 

11.3.2.халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад авах;

 

11.3.3.анхны онош болон малчны хотонд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сум, дүүргийн мэргэжилтэнд нэн даруй мэдээлэх;

 

11.3.4.анхны оношийг баталгаажуулах зорилгоор зохих журам, зааврын дагуу сорьц авч 12 цагийн дотор аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх;

 

11.3.5.өвчний тархалтын хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ тараах, зөвлөмж өгөх.

 

11.4.Халдварт өвчний анхны оношийн талаар мэдээлэл хүлээн авсан сум, дүүргийн мэргэжилтэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

11.4.1.анхны оношийн талаарх мэдээллийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор сум, дүүргийн Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх;

 

11.4.2.хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчин гарсан нь анхны оношоор тогтоогдсон бол энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан голомтын болон сэжигтэй бүсийн заагийг тодорхойлох талаар санал боловсруулах, эдгээр бүсэд багтсан бэлчээрт нутаглаж байгаа айл өрх, мал, амьтны тооны талаар судалгаа хийх, зураглал үйлдэх;

 

11.4.3.анхны онош тогтоогдсон хот айл, эрчимжсэн аж ахуйн байршлын солбицлыг тогтоох;

 

11.4.4.хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчин гарсан үед сум, дүүргийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллагыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх өдөр тутмын мэдээллээр хангах.

 

11.5.Хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчний анхны оношийн талаар мэдээлэл хүлээн авсан сум, аймаг, нийслэлийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

11.5.1.энэ хуулийн 13.3.1, 13.3.2, 14.1.1-14.1.3-д заасны дагуу шийдвэр гаргаж халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл бүрэн хориглох;

 

11.5.2.эрсдэлтэй нутаг дэвсгэр болон бэлчээр дэх зэрлэг амьтны байршил, нягтаршил, хөдөлгөөнийг тандах, ажиглан судлах.

 

11.6.Халдварт өвчний анхны оношийн талаар мэдээлэл хүлээн авсан нутгийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

11.6.1.халдварт өвчнийг оношлох, түүнтэй тэмцэх чиглэлээр сум, дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

11.6.2.хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчний анхны оношийн талаарх мэдээллийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор аймаг, нийслэлийн холбогдох байгууллага болон төрийн захиргааны байгууллагын даргад мэдээлэх;

 

11.6.3.сум, дүүргийн мэргэжилтэн хүсэлт гаргасан тохиолдолд нарийн мэргэшлийн малын эмч томилон ажиллуулах;

 

11.6.4.аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори хүлээн авсан сорьцийг шинжлэх чадамжгүй, эсхүл шинжилгээгээр тогтоосон эцсийн оношийг магадлуулах шаардлагатай гэж үзвэл дээж хүлээн авсан, онош тогтоосноос хойш 24 цагийн дотор улсын мал эмнэлгийн лабораторид сорьц хүргүүлэх;

 

11.6.5.хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчний эцсийн оношийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторид тогтоосон, эсхүл улсын мал эмнэлгийн лабораториос оношлогооны дүгнэлт хүлээн авснаас хойш 2 цагийн дотор төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэлийн онцгой комисс, сум, дүүргийн мэргэжилтэнд мэдээлж, гоц халдварт өвчнөөс бусад халдварт өвчин гарсан үед өвчний голомтыг цомхотгох, устгах хариу арга хэмжээний стратеги боловсруулж хэрэгжүүлэх;

 

11.6.6.гоц халдварт өвчин гарсан үед төрийн захиргааны байгууллагын дарга болон бусад холбогдох байгууллагыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх өдөр тутмын мэдээллээр хангах.

 

11.7.Сорьц хүлээн авсан улсын мал эмнэлгийн лаборатори дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

11.7.1.хүлээн авсан сорьцинд шинжилгээ хийж, эцсийн болон лавлагаа онош тогтоон дүнг төрийн захиргааны байгууллагын даргад 2 цагийн дотор мэдээлэх;

 

11.7.2.гоц халдварт өвчин гарсан тохиолдолд эцсийн онош тогтоосноос хойш ажлын 5 өдөрт багтаан олон улсын лавлагаа лабораторид сорьц илгээн онош баталгаажуулах ажлыг зохион байгуулах.

 

11.7.3.аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори хүсэлт гаргасан тохиолдолд нарийн мэргэшлийн малын эмч томилон ажиллуулах.

 

11.8.Халдварт өвчний сэжиг илэрсэн, онош батлагдсан тохиолдолд төрийн захиргааны байгууллагын дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

11.8.1.халдварт өвчнийг оношлох, түүнтэй тэмцэх чиглэлээр сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавьж ажиллах;

 

11.8.2.гоц халдварт өвчний оношилгооны дүгнэлт, тархвар зүйн судалгаанд тулгуурлан тухайн өвчний голомтыг цомхотгох, устгах хариу арга хэмжээний стратеги боловсруулж хэрэгжүүлэх;

 

11.8.3.гоц халдварт өвчний эцсийн оношийг баталгаажуулсан тухай мэдээллийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор Улсын онцгой комисст хүргүүлж, нийтэд мэдээлэх.

 

            11.9.Халдварт өвчний сэжиг илэрсэн, эсхүл онош баталгаажсан тухай мэдээлэл илгээсэн, хүлээн авсан иргэн, байгууллага, албан тушаалтан тухайн цаг хугацаа, огноог тодорхой бичиж тэмдэглэсэн байна.

 

11.10.Мал, амьтны гоц халдварт өвчний яаралтай мэдээ өгөх журмыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторид эцсийн онош тогтоох халдварт өвчний жагсаалтыг төрийн захиргааны байгууллагын дарга тус тус батална.

 

11.11.Мал эмнэлгийн лаборатори эцсийн онош тогтоож, дүгнэлт гаргахаас өмнө мал, амьтны халдварт өвчин гарсан тухай нийтэд зарлан мэдээлэхийг хориглоно.

 

12 дугаар зүйл.

Халдварт өвчинтэй тэмцэх үед бүсчлэл тогтоох

 

12.1.Хорио цээр, хязгаарлалт тогтоох өвчин гарсан үед олон улсын хэмжээнд мөрддөг дүрэм, журам, заавар, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх онцлог, өвчин гарсан нутгийн газар зүйн байршил, дэд бүтэц, хүн, мал, амьтны нягтшил, халдварын байдал зэргийг харгалзан дараах бүсийг тогтооно:

 

12.1.1.өвчин гарсан эрчимжсэн аж ахуй, хот айлтай бэлчээр, ус давхцдаг болон саахалт нутаглаж байгаа хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан халдварын голомтын бүс;

 

12.1.2.бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой ойролцоо нутаглаж байгаа өвчний халдвар тархаж болзошгүй хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр нутгийг хамруулан сэжигтэй бүс;

 

12.1.3.улсын болон олон улсын чанартай автозам, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын шилжилт хөдөлгөөний байдлыг харгалзан сэжигтэй бүсэд багтсан сумын хилийн цэсийн дагуух бэлчээр нутгийг хамруулан хамгаалалтын бүс;

 

12.1.4.өвчний халдвар дамжаагүй болох нь тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон, сэжигтэй, болон хамгаалалтын бүсийн заагаас гадна орших бэлчээр нутгийг бүхэлд нь эрүүл бүс.

 

13 дугаар зүйл.

Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах

 

13.1.Богино хугацаанд тархан мал, амьтан, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үлэмж хохирол учруулдаг халдварт өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгах зорилгоор голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтооно.

 

13.2.Сум, дүүргийн мэргэжилтэн голомтын бүсийн хилийн заагийг тогтоох санал боловсруулан газрын зураг үйлдэж, энэ хуулийн 13.3-т заасан хорио цээрийн дэглэм тогтоох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

 

13.3.Халдварт өвчний голомтын хүрээнээс хамаарч дараах байгууллага, эрх бүхий албан тушаалтан хорио цээрийн дэглэм тогтоож, цуцална:

 

13.3.1.нэг сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бол сумын мэргэжилтний саналыг үндэслэн тухайн сумын Засаг дарга;

 

13.3.2.хоёр буюу түүнээс дээш сумын нутаг, эсхүл нийслэлийн нутаг дэвсгэр дэх голомтыг нэгтгэх нөхцөл байдал үүссэн, эсхүл нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа бол нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга;

 

13.3.3.төмөр зам, олон улсын нисэх буудал, хилийн боомт, хилээр дамжин өнгөрүүлэх цэгийг хамарсан, эсхүл хоёр буюу түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр дэх голомтыг нэгтгэх нөхцөл байдал үүссэн бол төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар.

 

13.4.Эмнэлгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоосон голомтын бүсээс гадагш гарах хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.

 

13.5.Голомтын бүс рүү орох болон бүсийн доторх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлнэ. 

 

13.6.Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

14 дүгээр зүйл.

Хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах

 

14.1.Төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, сумын мэргэжилтний саналыг үндэслэн дараах эрх бүхий албан тушаалтан дор дурдснаар хязгаарлалтын дэглэм тогтоож, цуцална:

 

14.1.1.энэ хуулийн 12.1.2-т заасан сэжигтэй бүс, 12.1.3-т заасан хамгаалалтын бүсэд холбогдох байгууллага, мэргэжилтний саналыг үндэслэн энэ хуулийн 13.3-д заасны дагуу хорио цээрийн дэглэм тогтоох эрх бүхий байгууллага, албан тушаалтан;

 

14.1.2.голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоох санал гаргасан байгууллага мэргэжилтний дэглэм бууруулах саналыг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга, эсхүл Засгийн газар;

 

14.1.3.энэ хуулийн 14.4-д заасны дагуу баталсан жагсаалтад орсон халдварт өвчин гарсан тохиолдолд сум, дүүргийн мэргэжилтний саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга.

 

            14.2.Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсээс гарах мал, амьтан, ачаа тээрийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

 

14.3.Зайлшгүй шаардлагаар гарах зорчигч тээврийн хэрэгсэл, хүний хувцас хэрэгслийг шалган нэвтрүүлэх цэг дээр байгуулсан байгууламжид халдваргүйтгэл хийж гаргана.

 

14.4.Хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтыг Засгийн газрын гишүүн батална.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох санал гаргасан мэргэжилтэнтэй зөвшилцөж голомтын бүсээс гарах, орохыг эрх бүхий улсын байцаагч, тухайн шатны засаг дарга тогтооно.

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

15 дугаар зүйл.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ

 

15.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах малын эмчээр ахлуулсан мэргэжлийн багийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр байгуулна.

 

15.2.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн баг дараах үүрэг хүлээнэ:

 

15.2.1.өвчний голомтын, сэжигтэй болон хамгаалалтын бүс дэх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийх;

 

15.2.2.энэ хуулийн 12.1.4-т заасан эрүүл бүсээс бусад бүсийн мэдрэмтгий мал, амьтныг дархлаажуулах;

 

15.2.3.өвчний ил шинж тэмдэгтэй болон лабораторийн шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтанд ялгах тэмдэглэгээ хийж, цаашид мөрдөн ажиллах заавраар хангах;

 

15.2.4.өвчний голомтын, сэжигтэй болон хамгаалалтын бүс дэх хашаа, хороо, уст цэг, малын тоног хэрэгслийг халдваргүйтгэх;

 

15.2.5.төхөөрсөн мал, амьтны биологийн хаягдал болон мал, амьтны хүүр, сэг зэм, мал, амьтныг устгах цэгийг тогтоох;

 

15.2.6.энэ хуулийн 15.2.4 болон 15.2.5-д заасан устгалын цэг, 15.3.2-д заасан шалган өнгөрүүлэх цэг дээр хийгдсэн ариутгал, халдваргүйтгэлийн тайланг сум, дүүргийн Засаг дарга, холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэх;

 

15.2.7.сум, дүүргийн мэргэжилтнийг өвчний цагийн байдлын талаарх мэдээ, мэдээллээр хангах.

 

15.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.3-д заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн анги хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

15.3.1.энэ хуулийн 12.1.1-д заасан голомтын бүсийн хилийн зааг дээр таних тэмдэг байрлуулах, тус бүсээс гарах хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл бүрэн хориглох арга хэмжээг хэрэгжүүлэх;

 

15.3.2.энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан сэжигтэй болон хамгаалалтын бүсийн автозамын гол чиглэлд шалган өнгөрүүлэх цэг байгуулж, хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих;

 

15.3.3.энэ хуулийн 15.1-д заасан мал эмнэлгийн мэргэжлийн багийн ялган тэмдэглэсэн өвчтэй болон өвчний сэжигтэй мал, амьтныг холбогдох зааврын дагуу устгах, эсхүл төхөөрөх, устгалын цэгт хашаа, хамгаалалт барих, сэрэмжлүүлэх тэмдэг байрлуулах;

 

15.3.4.халдварын голомтын бүсэд оруулах хүнс, бараа, бусад зүйлийг тогтоосон цэгт тусгайлан бэлтгэсэн талбай /тавцан/-д буулгаж сэлгүүлэн хүргүүлэх хэлбэрээр зохион байгуулах.

 

15.4.Хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг хориглоно:

 

15.4.1.энэ хуулийн 15.3.2-д заасны дагуу байгуулсан шалган өнгөрүүлэх цэгээс бусад газраар хүн, мал, гэрийн тэжээвэр амьтан, тээврийн хэрэгсэл орох, гарах, дамжин өнгөрөх;

 

15.4.2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан удирдах шуурхай бүлгийн зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэх;

 

15.4.3.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгох;

 

15.4.4.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, худалдах;

 

15.4.5.халдварт өвчнөөр өвчилсөн мал, амьтан байрлаж байсан хашаа, байр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэхээс өмнө дахин ашиглах.

 

16 дугаар зүйл.

 Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн улмаас үүсэн хор уршгийг арилгах шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдал

 

16.1.Мал эмнэлгийн төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны байгууллага, нэгж, мэргэжилтэн нь мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн улмаас үүсэн хор уршгийг арилгахшуурхай хариу арга хэмжээ (цаашид “шуурхай хариу арга хэмжээ” гэх) хэрэгжүүлэх өдөр тутмын бэлэн байдалд ажиллана.

 

16.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт голомттой, эсхүл шинээр гарах өндөр эрсдэлтэй гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө /цаашид “бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө” гэх/-г Засгийн газрын гишүүн батална.

 

16.3.Бэлэн байдлын үндэсний төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

 

16.3.1.удирдлага, салбар хоорондын харилцаа холбоо, зарлан мэдээлэх систем;

 

16.3.2.санхүүжилт, санхүүгийн нөөц;

 

16.3.3.үзлэг, оношилгоо, тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт;

 

16.3.4.хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хяналт, хорио цээр, хязгаарлалтын дэглэм;

 

16.3.5.устгал, нөхөн төлбөр, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл;

 

16.3.6.нийтэд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгаа.

 

16.4.Бэлэн байдлын үндэсний төлөвлөгөөнд нийцүүлж нутгийн захиргааны байгууллага, сум, дүүргийн мэргэжилтэн тухайн орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөөг холбогдох шатны Засаг даргаар батлуулж мөрдөнө.

 

16.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг мал, амьтны эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.

 

16.6.Төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллага шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх үед дайчлан ашиглах дор дурдсан бэлэн байдлын нөөцтэй байна:

 

16.6.1.яаралтай дуудлага, шуурхай үйлчилгээнд зарцуулах тусгай зориулалтын төсөв;

 

16.6.2.шаардлагатай тоноглол бүхий автомашин;

 

16.6.3.шуурхай ажиллагаанд дайчлагдан ажиллах мэргэжлийн баг;

 

16.6.4.халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээнд хэрэглэх эм, биобэлдмэл, халдваргүйтгэлийн бодис, тоног төхөөрөмж, халдвар хамгааллын болон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл.

 

16.7.Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх зааврыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

16.8.Энэ хуулийн 16.7-д заасны дагуу заавар боловсруулж батлагдаагүй шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталсан, эсхүл боловсруулж хэвлүүлсэн баримт бичгийг мөрдөнө.

 

16.9.Өндөр эрсдэлтэй гоц халдварт өвчин болон энэ хуулийн 13.6-д заасан хорио цээр тогтоох өвчинтэй тэмцэхэд шаардлагатай хорио цээрийн хяналтын цэг, шалган өнгөрүүлэх цэг, устгалын цэг байгуулах, халдваргүйтгэлийн бодис, техник, тоног төхөөрөмж, эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

 

16.10.Энэ хуулийн 16.2-т заасан мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн улмаас үүссэн хор уршгийг арилгах шуурхай хариу арга хэмжээг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах үүрэг бүхий малын ерөнхий эмч ажиллуулж болох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын дарга томилно.

 

16.11.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай болон төлөвлөгөөт дархлаажуулалт хийх зорилгоор вакцин худалдан авахдаа үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулах хэлбэрийг ашиглах бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөрбараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

17 дугаар зүйл.

 Мал, амьтны шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх, эмчлэн сэргийлэх арга хэмжээ

 

17.1.Сум, дүүргийн мэргэжилтэн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт мал эмнэлэгтэй хамтран энэ хуулийн 8.2.1-д заасан хэлбэрээр жил бүр судалгаа хийж, мал, амьтны шимэгчтэх өвчин /цаашид “шимэгчтэх өвчин” гэх/-ийг тандах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

 

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан судалгааны дүн, албан ёсны статистикийн мэдээллийг үндэслэн сум, дүүргийн мэргэжилтэн шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

 

17.3.Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг тарилга, угаалга, туулга, боловсруулалт болон эмийн зааварт заасан аргачлал, арга хэлбэрээр зохион байгуулна.

 

17.4.Шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үед малчин, амьтан маллагч, мал, амьтныг өмчлөгч дор дурдсан үүрэг хүлээнэ:

 

17.4.1.энэ хуулийн 17.2-д заасан төлөвлөгөөний хамрах хүрээнд багтсан шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт мал эмнэлгээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж, уг арга хэмжээнд бүрэн хамруулах;

 

17.4.2.энэ хуулийн 8.3.5.2-д заасны дагуу мал, амьтнаа хаших, барьж бэхлэх зэргээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.

 

17.5.Шимэгчтэх өвчний тархалт, халдварлалтын байдал улсын эдийн засаг, нийтийн эрүүл эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрснийг мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага тогтоосон бол энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллага тухайн өвчинтэй тэмцэх үндэсний төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын гишүүнээр батлуулан хэрэгжилтийг зохион байгуулна.

 

17.6.Шимэгчтэх өвчнийг тандах судалгааны хуудас болон шимэгчтэх өвчинтэй тэмцэх зааврыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

17.7.Шимэгчтэх өвчнийг тандах судалгааны дүн, энэ хуулийн 17.2, 17.5-д заасан төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сум, дүүргийн мэргэжилтэн нэгтгэж, дараа оны 1 дүгээр улиралд багтаан нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

E.D

17.6. Шимэгчтэх өвчнийг тандах судалгааны хуудас, өвчинтэй тэмцэх зааврыг Малын Ерөнхий эмч баталж мөрдүүлнэ. гэж оруулах нь зөв.

2015.11.04

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

18 дугаар зүйл.

 Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ

 

18.1.Сум, дүүргийн мэргэжилтэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан судалгааны хуудсыг ашиглан цуглуулсан мэдээлэл болон албан ёсны статистикийн мэдээллийг нэгтгэн тухайн нутаг дэвсгэрт тохиолдож байгаа халдваргүй өвчний анхдагч мэдээллийн сан үүсгэнэ.

 

18.2.Мал амьтны халдваргүй өвчний анхдагч мэдээллийг гамшиг тохиолдсон үед 7 хоног тутам, тайван үед хагас жил тутам нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

18.3.Малчин, амьтан маллагч өөрийн өмчлөл, эзэмшил дэх мал, амьтанд өдөр тутам ажиглалт хийж, өвчин эмгэг, гэмтэл тохиолдсон үед анхны тусламж үзүүлэх бөгөөд энэ тухай гэрээт мал эмнэлэгт заавал мэдээлнэ.

 

18.4.Гэрээт мал эмнэлэг халдваргүй өвчний оношийг эмнэл зүйн шинж тэмдэг, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтоож, малчин, амьтан маллагч, мал, амьтны өмчлөгчийн зөвшөөрснөөр эмчилгээ хийнэ.

 

18.5.Гэрээт мал эмнэлэг харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтанд тохиолдож байгаа халдваргүй өвчин, түүнээс үүсэж болох эрсдэл, хор хохирол, сэргийлэх арга хэмжээний талаар малчин, амьтан маллагч, мал, амьтныг өмчлөгчид улирал тутам зөвлөгөө өгнө.

 

18.6.Шалтгаан нь тодорхойгүй халдваргүй өвчний тархалтын хүрээ, эмчлэх арга, эдийн засгийн хор хохирол, хүн, мал, амьтны эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөг тогтоох чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагаас захиалан гүйцэтгүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зориулан захиалагч эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

 

18.7.Гамшгийн улмаас олон тооны мал үхсэн тохиолдолд хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээг Гамшгийн тухай хуульд заасны дагуу холбогдох шатны Засаг дарга зохион байгуулна.

 

Д.Эрхэмбаатар ЗГХАгентлаг МЭҮГазарт Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, халдваргүй, паразиттах өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, суурин газарт манай улсын хүн амын 60-аад хувь нь сууршин, түүнийг дагаад нийт мал сүргийн 10 гаруй хувь төв суурин газрын ойролцоо байнга бэлчээрлэн байгаа юм. Төвлөрөлийн энэ эрин үед ахуйн болон үйлдвэр, уул уурхайн гаралтай хог хаягдал ихэсч, агаар, хөрсний бохирдлын нөлөөгөөр төв суурин, уул уурхайн ойролцоо бэлчээрлэн байгаа мал сүрэгт бэртэл гэмтэл, тэжээл боловсруулах эрхтэн тогтолцоо, хордлого, түгжрэл, эндемик зэрэг халдваргүй болон, халдварт, паразиттах өвчин жил бүр нэмэгдэн гарах боллоо. Үүний зэрэгцээ уул уурхай хөгжсөнөөр ухаж орхисон нүх, химийн элдэв бодис хэргэлэн ашигт малтмалаа боловсруулсан бохир усыг уух, түүгээр бохирдсон бэлчээрт бэлчээрлэсэн мал хордож, онош тодорхойгүй болон халдваргүй өвчнөөр өвчлөх, улмаар хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх болоод байна. Иймд халдваргүй өвчний эрсдэл цаашид өсөн нэмэгдэх аюул байгааг урьдчилан харж малчин, малын эмч, мэргэжлийн байгууллагын давагдашгүй хүчин зүйл болох аюул байна гэж үзээд 18.7. гамшгийн улмаас олон тооны мал өвчлөх, хорогдох, өвчлөл гарах магдлалаас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд улсын төсөвөөс санхүүжүүлэх... заалт оруубал зохилтой гэж үзэж байна.

2015.11.04

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Эрхэмбаатар ЗГХАгентлаг МЭҮГазарт Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, халдваргүй, паразиттах өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

• Монгол Улсын нутаг дэвсгэрт экологийн өөрчлөлтөөс шалтгаалан (хүний хүчин зүйлээс үл хамаарсан байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас) үүссэн болон үүсэх магадлал өндөртэй эндемик, хордлогот өвчний тандан судалгааг явуулах, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зардлыг төрөөс санхүүжүүлэх,

2015.11.16

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Халдваргүй өвчин түүн дотроос эндимек өвчний тандалт судалгаанд гарах зардлыг улсын төсөв суулгаж өгөх шаардлагатай гэж үзэж байна

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ .

 

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ

 

19 дүгээр зүйл.

Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн мал эмнэлгийн үйлчилгээ

 

19.1.Нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах мал эмнэлгийн үйлчилгээг хэрэгжүүлнэ:

 

19.1.1.мал, амьтнаас хүнд халдварладаг өвчингүй тайван байдлыг хадгалах, өвчин гарсан үед түүнтэй тэмцэх, хяналтад авах, эрүүлжүүлэх;

 

19.1.2.Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.

20 дугаар зүйл.

 Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах, эрүүлжүүлэх арга хэмжээ

 

20.1.Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин /цаашид “зооноз өвчин” гэх/-тэй тэмцэх, хяналтад авах, эрүүлжүүлэх арга хэмжээг энэ хуулийн 2, 3 дугаар бүлгийн холбогдох заалтын дагуу хэрэгжүүлнэ.

 

20.2.Зооноз өвчнөөс нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид “хамтарсан зөвлөл” гэх/-тэй байна. Хамтарсан зөвлөлийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд байгуулж, ажиллах журмыг батална.

 

20.3.Хамтарсан зөвлөл нь эрүүл мэндийн болон мал эмнэлгийн техникийн ажлын хэсгүүдтэй байж болно.

 

20.4.Зооноз өвчнийг хяналтад авах стратеги төлөвлөгөө, төслийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуй асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталж хэрэгжүүлнэ.

 

20.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн9 11.1.2-д заасны дагуу хэрэгжүүлнэ.

 

20.6.Зооноз өвчний халдвар авах эрсдэл бүхий иргэдэд тухайн өвчний талаар мэдлэг олгох сургалтыг сум, дүүргийн мал эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэн хамтран зохион байгуулна.

 

20.7.Хот, суурины оршин суугчдыг зооноз өвчний эрсдлээс хамгаалах зорилгоор дараах этгээд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

20.7.1.гэрийн тэжээвэр амьтан бүхий иргэн, хуулийн этгээд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгтэй гэрээ байгуулан үйлчилгээ авч, Ариун цэврийн тухай хуулийн 18.1.4-т заасан үүргээ биелүүлэх;

 

20.7.2.хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтны худалдаа эрхлэх байршлыг сум, дүүргийн Засаг дарга тогтоох;

 

20.7.3.энэ хуулийн 20.6.2-т заасан худалдаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагын даргын баталсан мал, эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг дагаж мөрдөх.

Бруцеллёз өвчний лабораторийн шинжилгээг бүх малд хийж, эрүүл өвчтэйг ялгаж авах, өвчтэй малыг 100 хувь вакцинжуулах хэрэгтэй байна.

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

21 дүгээр зүйл.

Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

 

21.1.Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

 

21.1.1.мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлыг хангах;

 

21.1.2.мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, бэлдмэлийн үлдэгдлийг хянах;

 

---

9 Эрүүл мэндийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дүгээрт нийтлэгдсэн.

 

21.1.3.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх.

22 дугаар зүйл.

Мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлын хяналт

 

22.1.Мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлын хяналт нь дараах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нотлоход чиглэгдэнэ:

 

22.1.1.тэжээл нь мал, амьтны биед хор хөнөөл, эмгэг, өвчин үүсгэх бохирдолгүй байх;

 

22.1.2.тэжээл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хольцгүй, хувиргасан амьд организмын гаралтай хууль тогтоомжоор хориглосон зүйлс агуулаагүй байх.

 

22.2.Тэжээлийн аюулгүй байдлын шаардлагыг хангах зорилгоор мал, амьтны тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэх бөгөөд төрийн захиргааны байгууллага импортын зөвшөөрөл олгоно.

 

22.3.Мал, амьтны тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх, импортын зөвшөөрөл олгох журмыг Засгийн газрын гишүүн батална.

 

22.4.Мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

 

23 дугаар зүйл.

 Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, бэлдмэлийн үлдэгдлийн хяналт

 

23.1.Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, биобэлдмэлийн үлдэгдлийн хяналтыг үндэсний төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Үндэсний төлөвлөгөөг Засгийн газар батална.

 

23.2.Эм, бэлдмэлийн үлдэгдлийн хяналтыг хэрэгжүүлэхэд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.1.2-д заасны дагуу тогтоосон зөвшөөрөгдөх дээд хэмжээг мөрдөнө.

 

23.3.Малын эмч болон малчин, амьтан маллагч эм, биобэлдмэл хэрэглэсэн тухай бүрд мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл үйлдэнэ.

 

23.4.Мал, амьтны эм, биобэлдмэлийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, сурталчилгааг гэрээт мал эмнэлэг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

 

23.5.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч иргэн баталгаагүй эм, биобэлдмэл худалдан авах, малын эмчийн зааварчилгаагүйгээр хэрэглэхийг хориглоно.

24 дүгээр зүйл.

 Мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжилгээ

 

24.1.Энэ хуулийн 30.1.3-т заасан мал эмнэлгийн лаборатори мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн, эсхүл лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ тус тус олгоно.

 

24.2.Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн гэрчилгээ олгохдоо дараах шалгуурыг баталгаажуулна:

 

24.2.1.өвчингүй тайван нутагт маллагдаж байсан, эсхүл халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан эрүүл малаас бэлтгэгдсэн байх;

 

24.2.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нядалгааны цэг, байр, орчинд бэлтгэгдсэн байх;

 

24.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр шинэлэг байдлын шаардлагыг хангасан байх;

 

24.2.4.холбогдох журам, заавар, стандартад заасан бусад шаардлага.

 

24.3.Хадгалалт, тээвэрлэлтийн явцад мал, амьтны гаралтай хүнсний түүхий эдийн гадна байдалд нь өөрчлөлт орж, шинэлэг байдлаа алдсан, эсхүл сав, баглаа боодол нь гэмтсэн бол нийтийн хэрэгцээнд худалдахын өмнө лабораторийн магадлан шинжилгээ хийнэ.

 

24.4.Магадлан шинжилгээгээр ариун цэврийн шаардлага хангаж байгаа нь тогтоогдвол лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгоно.

 

24.5.Ариун цэврийн болон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох зааврыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

24.6.Ариун цэврийн гэрчилгээгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад илрүүлсэн бол улсын байцаагчийн шийдвэрээр 21 хүртэл хоног хорио цээрийн хяналтад оруулан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

24.6.1.улсын байцаагчийн мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд тээвэрлэж яваа түүхий эд, бүтээгдэхүүнээ мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын талбайд тусгайлан бэлтгэсэн байр, агуулах, тавцанд буулгана;

 

24.6.2.улсын байцаагч нарийвчилсан үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд сорьц авч холбогдох мал эмнэлгийн лабораторид хүргүүлнэ;

 

24.6.3.дээж хүлээн авсан лаборатори 14 хоногийн хугацаанд багтаан сорьцны дагавар бичигт заасны дагуу шинжилгээ хийж, дүнг сорьц ирүүлсэн албан тушаалтанд хүргүүлнэ;

 

24.6.4.лабораторийн магадлан шинжилгээний дүн болон хорио цээрийн хугацаанд хийсэн үзлэгийн дүнгээр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон бол шинжилгээ хийсэн лаборатори магадлан шинжилгээний гэрчилгээ олгоно;

 

24.6.5.хорио цээрийн хяналтад байгаа түүхий эд, бүтээгдэхүүн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон бол түүнийг зааврын дагуу устгана;

 

24.6.6.тээвэрлэлтэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, сав, баглаа, боодлыг халдваргүйтгэх, хог, хаягдлыг устгах арга хэмжээг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэг улсын байцаагчийн хяналт дор гүйцэтгэнэ.

 

24.7.Мал, амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1, 9.1 дэх хэсгийг тус тус дагаж мөрдөнө.

 

24.8.Жижиг үйлдвэр, цехэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төв суурин газарт худалдаа эрхлэх үед мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн зааврыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

24.9.Гадаад худалдааны зориулалтаар мах бэлтгэж байгаа боловсруулах үйлдвэр, нядалгааны цехэд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажиллан мал төхөөрөхийн өмнөх болон төхөөрөх үеийн үзлэг, шинжилгээ хийж чанарын баталгаа гаргана.

 

24.10.Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журмыг Засгийн газрын гишүүн тус тус батална.

 

24.11.Хэрэглэгч нь Хүнсний тухай хуулийн10 15 дугаар зүйлд зааснаас гадна мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг дараах оролцоогоор дэмжинэ:

 

24.11.1.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, битүүмжлэлгүй, хөргүүргүй тээврийн хэрэгсэл, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, лангуу, мухлаг, ил задгай газар худалдаалагдаж байгаа мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

 

24.11.2.ариун цэврийн, эсхүл магадлан шинжилгээний гэрчилгээгүй бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх, зөөвөрлөхөөс татгалзах;

 

24.11.3.энэ хуулийн 24.11.1, 24.11.2-д заасан зөрчил илэрсэн тухай мал эмнэлэг, холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх.

ТАВДУГААР БҮЛЭГ .

 

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ

 

25 дугаар зүйл. Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ

 

---

10 Хүнсний тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

 

25.1.Улсын төсвийн санхүүжилтээр дараа онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг төрийн захиргааны байгууллага дор дурьдсан тайлан, мэдээллийг үндэслэн боловсруулж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

 

25.1.1.өмнөх онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, холбогдох судалгааны тайлан;

 

25.1.2.албан ёсны статистикийн мэдээлэл;

 

25.1.3.энэ хуулийн 8.2-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн тархвар зүйн судалгааны дүн.

 

25.2.Мал эмнэлгийн үйлчилгээний дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

 

25.2.1.энэ хуулийн 16.6-д заасны дагуу шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх өдөр тутмын бэлэн байдлын нөөц бүрдүүлэх зардал;

 

25.2.2.гоц халдварт өвчин болон энэ хуулийн 25.3-д заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад орсон зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний дараах зардал;

 

25.2.2.1.тандалт, судалгаа хийх, өвчингүй тайван байдлыг баталгаажуулах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах үйлчилгээний хөлс, оношлуурын үнэ;

 

25.2.2.2.урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлс, вакцины үнэ;

 

25.2.2.3.өвчин гарсан үед оношлох, голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, хэрэгслийн үнэ;

 

25.2.2.4.гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувь, энэ хуулийн 9.2-д заасан эрүүлжүүлэх стратегийн хүрээнд зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувьтай тэнцэх нөхөн төлбөр;

 

25.2.3.шинэ болон дахин сэргэж байгаа, эсхүл хил дамжин халдварлах эрсдэлтэй халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах үйлчилгээний хөлс, оношлуурын үнэ;

 

25.2.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт голомттой энэ хуулийн 25.2.2, 25.2.3, 26.2.2-т зааснаас бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины эргэн төлөгдөх нөхцөлтэй улсын нөөц бүрдүүлэх зардал, 25.2.2, 25.2.3-т зааснаас бусад халдварт өвчний оношлуурын үнэ;

 

25.2.5.энэ хуулийн 4.1.14-т заасны дагуу мал, амьтны ийлдсийн сан бүрдүүлэх, түүнийг хадгалах, ашиглахад шаардагдах зардал;

 

25.2.6.энэ хуулийн 17.5-д заасан шимэгчтэх өвчинтэй тэмцэх үндэсний төлөвлөгөөнд улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан бол тандалт, судалгаа хийх үйл ажиллагааны зардал, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах үйлчилгээний хөлс, оношлоход шаардагдах эм, бэлдмэлийн үнэ;

 

25.2.7.гоц халдварт өвчин гарсан үед энэ хуулийн 15.2, 15.3-д заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн баг, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажилласан малын эмч, мэргэжилтэн, албан хаагч, иргэдийн ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлсэн томилолтын зардал;

 

25.2.8.хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчний голомтыг хяналтад авах, устгах арга хэмжээ хэрэгжүүлэх үед энэ хуулийн 15.2, 15.3-д заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн баг, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажилласан малын эмч, мэргэжилтэн, албан хаагч, иргэн албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдвал түүний ар гэрт олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 3 жилийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж.

 

25.3.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив, улсын төсөвт байгууллагатай шууд гэрээ байгуулах хэлбэрээр эм, биобэлдмэл худалдан авах үнэ тариф, энэ хуулийн 25.2.4-т заасны дагуу вакцины улсын нөөц бүрдүүлэх, түүнийг худалдах, устгах журмыг Засгийн газрын гишүүн, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний зардлыг улсын төсөв, аймаг, нийслэлийн төсвөөс хариуцах халдварт өвчний жагсаалтыг Засгийн газар тус тус батална.

 

25.4.Энэ хуулийн 25.2.2.4, 26.2.2.4-д заасан нөхөн төлбөр олгоход баримтлах жишиг үнийг статистикийн байгууллага тогтооно.

 

25.5.Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох судалгааг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

 

25.6.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан үйл ажиллагааны санхүүжилтийг дор дурдсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэнэ:

 

25.6.1.энэ хуулийн 20.4-т заасан стратеги төлөвлөгөө, төсөлд заасан арга хэмжээний зардлыг улсын хэмжээнд төлөвлөх, зарцуулалтад хяналт тавих, тайлагнах ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай;

 

25.6.2.зэрлэг амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний зардлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай.

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

25.6-г найруулгын өөрчлөлт. Нэг өгүүлбэр дотор "дор дурдсан" гэдэг үг хоёр явж байна. "Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах үйл ажиллагааны санхүүжилтийг дор дурдсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэнэ" гэчихвэл.

2015.10.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

26 дугаар зүйл.

 Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ

 

26.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн санхүүжилтээр дараа онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг нутгийн захиргааны байгууллага, тухайн шатны мэргэжилтэн энэ хуулийн 25.1.1-25.1.3-т заасан тайлан, мэдээллийг үндэслэн боловсруулж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан холбогдох шатны Засаг даргад хүргүүлнэ.

 

26.2.Мал эмнэлгийн үйлчилгээний дараах зардлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ:

 

26.2.1.энэ хуулийн 16.6-д заасны дагуу шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх өдөр тутмын бэлэн байдлын нөөцийн холбогдох зардал;

 

26.2.2.энэ хуулийн 25.3-д заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад орсон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний дараах зардал:

 

26.2.2.1.тандалт, судалгаа хийх, өвчингүй тайван байдлыг баталгаажуулах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах үйлчилгээний хөлс;

 

26.2.2.2.урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлс, вакцины үнэ;

 

26.2.2.3.өвчин гарсан үед оношлох, голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, хэрэгслийн үнэ;

 

26.2.2.4.энэ хуулийн 9.2-д заасан хяналтад авах стратегийн хүрээнд зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувьтай тэнцэх нөхөн төлбөр;

 

26.2.3.хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон гоц халдварт өвчнөөс бусад халдварт өвчин гарсан үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээний зардал;

 

26.2.4.харьяалах нутаг дэвсгэр дэх мал, амьтныг эрүүлжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөнд тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр заасан арга хэмжээний зардал.

 

26.3.Мал эмнэлгийн үйлчилгээний дараах зардлыг сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ:

 

26.3.1.энэ хуулийн 16.6-д заасны дагуу шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх өдөр тутмын бэлэн байдлын нөөцийн холбогдох зардал;

 

26.3.2.гоц халдварт өвчин болон энэ хуулийн 25.3-д заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад орсон өвчнөөс бусад хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний дараах зардал;

 

26.3.2.1.дуудлагын дагуу ажиллаж анхны онош тогтоох үйл ажиллагааны тээвэр, шатахууны зардал;

 

26.3.2.2.өвчин гарсан үед голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээнд шаардагдах халдваргүйтгэлийн бодисын үнэ.

 

26.3.3.харьяалах нутаг дэвсгэр дэх мал, амьтныг эрүүлжүүлэх зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөнд тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр заасан арга хэмжээний зардал;

 

            26.4. Малчин, мал, амьтны өмчлөгч, амьтан маллагч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоосон бол энэ хуулийн 25.2.2.4, 26.2.2.4-т заасан нөхөн төлбөрийг авах эрхгүй.

Халдварт өвчин гарсан тохиолдолд нэмэлт вакцинжуулатыг орон нутгийн санхүүжилтаар хийлгэхээр тусгах нь хариуцлага тооцох механизм болж өгнө

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

27 дугаар зүйл.

 Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ

 

27.1.Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбогдсон дараах зардлыг иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ:

 

27.1.1.амьтны хүрээлэнгийн, циркийн, лабораторийн болон гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах мал эмнэлгийн үйлчилгээний бүх зардал;

 

27.1.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардал;

 

27.1.3.шимэгчтэх өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэ хуулийн 25.2.6, 26.2.5, 26.3.3-д зааснаас бусад арга хэмжээний зардал;

 

27.1.4.халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээний энэ хуулийн 25.2.7, 26.2.4-д зааснаас бусад бүх зардал;

 

27.1.5.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулахтай холбогдсон бүх зардал;

 

27.1.6.холбогдох хууль, тогтоомжид заасан бусад зардал.

ЗУРГАА ДУГААР БҮЛЭГ .

 

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

 

28 дугаар зүйл.

Мал эмнэлгийн тогтолцоо

 

28.1.Мал эмнэлгийн тогтолцоо нь мал эмнэлгийн үйлчилгээний, хяналтын, сургалт, эрдэм шинжилгээний, эмийн үйлдвэрлэл, импорт, худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн ажилтан, бусад байгууллага, аж ахуйн нэгжид мал эмнэлгийн асуудал хариуцан ажиллаж байгаа зөвлөх, мэргэжилтнээс бүрдэнэ.

 

28.2.Улс, аймаг, нийслэлд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сум, дүүрэгт мэргэжилтэн ажиллана.

 

28.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мал эмнэлгийн бүх шатны байгууллага, үйлчилгээний нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана.

 

28.4.Төрийн захиргааны байгууллагыг мал эмнэл зүйн чиглэлээр магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, сүүлийн арван жилийн таваас доошгүй жилд Монгол Улсын мал эмнэлгийн албанд мэргэжлээрээ ажилласан хүн удирдана.

 

28.5.Аймаг, нийслэлийн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагын бүтцийг Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

28.6.Энэ хуулийн 28.5-д заасан байгууллагын даргыг Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн11 30.1.10-д заасныг үндэслэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөж, тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.

 

28.7.сум, дүүрэгт ажиллах мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнг Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т заасны дагуу томилж, чөлөөлөхдөө энэ хуулийн 28.6-д заасан байгууллагын удирдлагатай зөвшилцөнө.

 

Д.Эрхэмбаатар ЗГХАгентлаг МЭҮГазарт Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, халдваргүй, паразиттах өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

28.1.Мал эмнэлгийн тогтолцоо нь мал эмнэлгийн үйлчилгээний, хяналт, сургалт, эрдэм шинжилгээний, эмийн үйлдвэрлэл, импорт, худалдаа, МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙН үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн ажилтан, бусад байгууллага, аж ахуйн нэгжид мал эмнэлгийн асуудал хариуцан ажиллаж байгаа зөвлөх, мэргэжилтнээс бүрдэнэ. 28.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны ТӨВ байгууллага нь мал эмнэлгийн бүх шатны байгууллага, үйлчилгээний нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана. 28.5. Аймаг, нийслэлийн Малын ерөнхий эмчийг Монгол Улсын малын ерөнхий эмчийн санал болгосоноор, аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилж, байгууллагын бүтцийг Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 28.6. Заалтыг хасах 28.7. Сум, дүүрэгт ажиллах мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнг аймаг, нийслэлийн малын ерөнхий эмчтэй энэ хуулийн 28.5-д заалтыг үндэслэн зөвшилцөж томилж, чөлөөлөнө. гэсэн засвар өөрчлөлтүүдийг оруулах санал байна

2015.11.04

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

29 дүгээр зүйл.

 Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл

 

29.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ орон тооны бус Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл /цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх/-тэй байна.

 

29.2.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газрын гишүүн батална.

 

29.3.Мэргэжлийн зөвлөл 21-ээс доошгүй гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүн нь сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээ, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд гишүүдийн 50-иас доошгүй хувь нь эрдмийн зэрэг цолтой байна. Төрийн захиргааны байгууллагын дарга мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох эрхгүй.

 

29.4.Мэргэжлийн зөвлөлийн даргыг төрийн байгууллагаас бусад төлөөллийн дотроос гишүүдийн олонхийн саналаар сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна. Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны төв байгууллагын ажилтан байх бөгөөд зөвлөлийн даргын удирдлагаар зөвлөлийн хуралдаанаас бусад үеийн үйл ажиллагааг зохицуулна.

 

----

11 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн

 

29.5.Мэргэжлийн зөвлөл нь шинжээчдийн багийг ажиллуулж болно.

 

29.5.Мэргэжлийн зөвлөл нь энэ хуульд зааснаас гадна дараах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

29.5.1.мал эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх стратеги, аргачлалыг тодорхойлоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

29.5.2.шинээр хэрэгжүүлэх цөм технологийн болон шинжлэх ухааны технологи, инновацийн төслийн тэргүүлэх чиглэлийн талаар санал гаргах;

 

29.5.3.мал эмнэл зүйн бакалаврын болон төгсөлтийн дараах давтан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх талаар санал, зөвлөмж гаргах.

T.Ulziitogtokh Mongoliin mal emnelgiin holboonii yerunkhiilugch

Монгол улсын үндсэн хуулийн 14.2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна". гэж заасан байхад энэ хуулийн 29.3-т 50%-аас доошгүй нь эрдмийн зэрэгтэй байна гэж ялгаварласан байна. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга асан П.Дамдиндорж шиг худалдаж авсан хуурамч дипломтнуудыг цуглуулж ирэх гэсэн арга юм байх даа. Уг нь анх энэ хуулийн төслийг боловсруулах үед олон улсын жишгээр 50%-аас доошгүй нь ТББ, мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлсэн мэргэжлийн мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд байна гэж л тусгасан юм сан. Үүнийгээ засах шаардлагатай байх.

2015.10.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

30 дугаар зүйл.

 Мал эмнэлгийн лаборатори

 

30.1.Мал эмнэлгийн оношилгоо, ариун цэврийн лаборатори дараах шатлалаар үйл ажиллагаа явуулна:

 

30.1.1.улсын мал эмнэлгийн лаборатори төрийн захиргааны байгууллагын харьяанд;

 

30.1.2.аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори тухайн шатны нутгийн захиргааны байгууллагын харьяанд;

 

30.1.3.сум, дүүрэгт хуулийн этгээд хэлбэрээр болон энэ хуулийн 31.5-д заасан эрх бүхий мал эмнэлгийн бүтцэд ажиллах хувийн өмчийн мал эмнэлгийн лаборатори.

 

30.2.Улсын мал эмнэлгийн лаборатори энэ хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

30.2.1.энэ хуулийн 30.1.2, 30.1.3-т заасан лабораторийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэргэжил дээшлүүлэх болон стандартын сургалт зохион байгуулах;

 

30.2.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулийн 15.3-т заасны дагуу мал, амьтны эрүүл мэндийн салбарт хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх;

 

30.2.3.лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, нийтэд зориулсан мэдээллийг цахим хуудастаа байршуулах;

 

30.3.Энэ хуулийн 30.1.2, 30.1.3-т заасан лаборатори энэ хуульд зааснаас гадна харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

30.3.1.итгэмжлэлийн хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээ хийх, мал, амьтны өвчнийг оношлох;

 

30.3.2.дээд шатны лабораториос ирүүлсэн захиалгын дагуу сорьц авах, илгээх;

 

30.3.3.шинжилгээний дүнгээр мэдээллийн сан бүрдүүлж дээд шатны лабораторид хүргүүлэх;

 

30.4.Малын эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори төрийн захиргааны байгууллагын харьяанд ажиллах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

30.4.1.мал эмнэлгийн зориулалтаар шинээр зохион бүтээсэн, үйлдвэрлэсэн, импортолсон эм, биобэлдмэл, эмийн түүхий эдэд сорилт, туршилт, шинжилгээ хийж чанарыг баталгаажуулах, цуцлах;

 

30.4.2.мал, амьтны эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай дүгнэлт гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

 

30.4.3.эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулга, эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй эмийн талаар зөрчил илрүүлэх, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

 

30.5.Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага нь мал эмнэлгийн судалгаа, шинжилгээний лабораторитай байна.

 

30.6.Энэ хуулийн 30.1.1, 30.5-д заасан лаборатори үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагаа эрхэлж болно.

 

30.7.Холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн энэ хуулийн 30.1.1, 30.4-д заасан лабораторийн захирлыг төрийн захиргааны байгууллагын дарга, 30.1.2-т заасан лабораторийн эрхлэгчийг тухайн шатны нутгийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

 

30.8.Энэ хуулийн 30.1, 30.4-т заасан мал эмнэлгийн лабораторийн ажиллах журмыг Засгийн газрын гишүүн батална.

31 дүгээр зүйл.

 Мал эмнэлэг

 

31.1.Мал эмнэлэг гэж мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэлтэй малын эмчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй, энэ хуульд заасны дагуу мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, хуулийн этгээдийг хэлнэ.

 

31.2.Мал эмнэлгийн үйлчилгээний хүрээг дараах байдлаар тогтооно:

 

31.2.1.ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээний;

 

31.2.2.төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний;

 

31.2.3.тусгай мэргэшлийн тусламж, үйлчилгээний.

 

31.3.Энэ хуулийн 31.2.1.-31.2.3-д заасан мал эмнэлгийн үйлчилгээний хүрээ тус бүрд нийцсэн стандартай байх бөгөөд үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд дараах байдлаар үйлчилгээний хүрээгээ сонгоно:

 

31.3.1.бүх төрлийн мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ эрхлэх бол ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээний;

 

31.3.2.тодорхой төрлийн мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, тухайн төрлийн мал, амьтны гаралтай түүхий эдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ эрхлэх бол төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний;

 

31.3.3. мал эмнэлгийн 5 хүртэл мэргэшлийн чиглэлээр дагнан явуулын болон суурин үйлчилгээ үзүүлэх болтусгай мэргэшлийн тусламж үйлчилгээний.

 

31.4.Итгэмжлэлтэй малын эмч, эсхүл итгэмжлэл бүхий малын эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуулийн этгээд мал эмнэлэг байгуулж, харьяалах нутгийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй болно.

 

31.5.Нутгийн захиргааны байгууллага шинээр болон шинэчлэн зохион байгуулагдаж байгаа мал эмнэлгийг бүртгэхдээ дараах шаардлагыг хангасан эсэхийг магадлана:

 

31.5.1.итгэмжлэлтэй малын эмч нь хөдөө орон нутагт үйлчилгээ эрхлэх бол тухайн сумын; дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх бол нийслэлийн байнгын оршин суугч байх;

 

31.5.2.хүсэлт гаргагч этгээд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүрээ, үйлчилгээний нэр төрөл, зорилго чиглэлээ тодорхойлсон бизнес төлөвлөгөөтэй байх;

 

31.5.3.сум, дүүргийн Засаг даргын тодорхойлттой байх;

 

31.5.4.харьяалах сум, дүүргийн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн мал эмнэлэг энэ хуулийн 31.5-т заасан холбогдох стандартыг хангасан тухай дүгнэлт гаргасан байх.

 

31.6.Шинээр нээсэн, шинэчлэн зохион байгуулагдсан мал эмнэлгийг бүртгүүлэх хүсэлт хүлээн авсан нутгийн захиргааны байгууллага ажлын 5 өдөрт багтаан бүртгэнэ, эс зөвшөөрвөл албан бичгээр хариу мэдэгдэнэ.

 

31.7.Хүсэлт гаргасан этгээд энэ хуулийн 31.5.1-31.5.4-т заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримтыг үнэн зөв, бүрэн ирүүлсэн тохиолдолд нутгийн захиргааны байгууллага бүртгэхээс татгалзах эрхгүй.

 

31.8.Мал эмнэлэг өөрийн байршиж байгаа сум, дүүргийн нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээ үзүүлэх сум, дүүргийн мэргэжилтэнд хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлсэн байна.

 

31.9.Малчин, мал амьтны эзэн, амьтан маллагч тухайн нутаг дэвсгэрт байнга болон түр хугацаагаар үйлчилгээ үзүүлж байгаа мал эмнэлгийг өөрөө сонгон үйлчлүүлэх эрхтэй.

 

31.10.Боловсролын байгууллага болон бусад хуулийн этгээдийн харьяанд сургалтын зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг мал эмнэлэг энэ хуулийн 31.6-д заасны дагуу бүртгүүлээгүй бол нийтэд үйлчлэх эрхгүй.

 

31.11.Мал, амьтны халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр тусгай мэргэшлийн тусламж, үйлчилгээ эрхлэх мал эмнэлэгт энэ хуулийн 31.5.1, 31.5.3, 31.8, 31.12.1. дэх заалт хамаарахгүй.

 

            31.12.Мал эмнэлэг энэ хуулийн 31.2-д заасан үйлчилгээний хамрах хүрээнээс үл хамааран дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

 

31.12.1.сум, дүүргийн Засаг дарга, мал, амьтны өмчлөгч, хариуцагчтай гурвалсан гэрээ байгуулж ажиллах, биелэлтийг хангах;

 

31.12.2.мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох стандарт, техникийн зохицуулалт, журам, зааврыг дагаж мөрдөх;

 

31.12.3.мал эмнэлгийн үйлчилгээний тайлан, мэдээг хууль, тогтоомжид заасан хугацаанд гаргаж, сум, дүүргийн мэргэжилтэнд хүргүүлэх.

 

31.13.Нутгийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн талаар төрийн захиргааны байгууллагын даргын баталсан судалгааны хуудасны дагуу анхдагч мэдээллийн сан үүсгэж, түүнийг жил бүр шинэчлэн дээд шатны байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн захиргааны байгууллага бүртгэлийн нэгдсэн сан хөтөлнө.

 

31.14.Мал эмнэлгийн үйлчилгээний технологийн мөрдөлтөд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хяналт тавих бөгөөд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтын тайланг хагас жил тутамд нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

31.15.Хяналт шалгалтын үр дүн, зөрчлийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчид хүргэх ажлыг нутгийн захиргааны байгууллага харъяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтран зохион байгуулна.

 

31.16.Дараах тохиолдолд нутгийн захиргааны байгууллага мал эмнэлгийг бүртгэлээс хасч үйл ажиллагааг түдгэлзүүлэх ба өмчлөгчид албан бичгээр мэдэгдэнэ;

 

                        31.16.1.энэ хуулийн 31.5-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй болсон;

 

                        31.16.2.мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ гэрээний биелэлттэй холбоотой зөрчлийг 3-аас дээш удаа давтан гаргасныг улсын байцаагч тогтоосон;

 

                        31.16.3.мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэхгүйгээр 2-оос дээш жил завсарласан.

 

31.17.Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, үр дүнг мэдээлэх журмыг Засгийн газрын гишүүн батална.

Д.Эрхэмбаатар ЗГХАгентлаг МЭҮГазарт Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, халдваргүй, паразиттах өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

31.1. ...төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээдийг хэлнэ гэж оруулах, 31.3.2. мал эмнэлгийн ерөнхий мэргэлийн /31.3.1. заалт дээр нэмж/ тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мал, амьтны өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал, амьтны төрөл тус бүрээр дагнан үйлчилгээ үзүүлдэг, түүний гаралтай түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ эрхлэх бол төрөлжсөн, мэргэжлийн тусламж, үйлчилгээний 31.3.3. устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт, хорио цээр зэрэг мал эмгнэлгийн 5 хүртэл мэрэгшсэн үйлчилгээг дагнан явуулын болон суурин үйлчилгээ үзүүлэх бол тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээний 31.16. дараах тохиолдолд нутгийн захиргааны байгууллага мэргэжлийн байгууллагатай зөвшилцөн ... гэж оруулах саналууд байна. Энэ хуулийн төсөлд орсон мал, амьтны өвчлөл, хорогдлын шалтгааныг тандах, бүртгэх, сан бүрдүүлэх судалгааны хуудас, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний зааврыг Монгол Улсын малын ерөнхий эмч батлан орон даяр дагаж мөрдөнө гэж оруулбал оновчтой болно.

2015.11.04

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

32 дугаар зүйл.

Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан 

 

32.1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэлтэй малын эмч мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

 

32.2.Малын эмчийн итгэмжлэлийг төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын дарга олгож, хүчингүй болгоно.

 

32.3.Малын эмч мэргэжилтэй гадаадын иргэн тухайн улс орныхоо эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлтэй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэгт гэрээгээр ажиллуулж болно.

 

32.4.Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчийн мал, амьтны эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, анхны тусламж үзүүлэх, шаардлагатай үед харьяалах мал эмнэлгийн удирдлага дор эмчилгээ, үйлчилгээ хийлгэх зорилгоор итгэмжлэлтэй малын эмч ажиллуулж болно.

 

32.5.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу харьяалах иргэн, хуулийн этгээдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа малын эмч нь гамшиг тохиолдох үед дайчлагдан ажиллах, яаралтай анхны тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд нийтэд үйлчлэхийг хориглоно.

 

32.6.Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг Засгийн газрын гишүүн тус тус батална.

 

32.7.Малын эмчийн ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрмийг холбогдох төрийн бус байгууллагын саналыг авч төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

32.8.Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцож, малын эмчээс өгсөн удирдамж, зааврын дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн үнэмлэхтэй ажилтныг мал эмнэлгийн техникийн ажилтан гэнэ.

 

32.9.Мал эмнэлгийн техникийн ажилтан нь бие даасан үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Д.Эрхэмбаатар ЗГХАгентлаг МЭҮГазарт Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, халдваргүй, паразиттах өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

32.2. Малын эмчийн итгэмжлэлийг төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын малын ерөнхий эмч олгож, хүчингүй болгоно. гэж оруулах

2015.11.04

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

33 дугаар зүйл.

 Мал эмнэлгийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо

 

33.1.Мал эмнэлгийн арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно:

 

33.1.1.сургалт, сурталчилгааг дангаар, эсхүл холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

33.1.2.хууль, тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавих;

 

33.1.3.мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудлаар судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх.

 

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүний нөөцийн болон материаллаг чадавхитай, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 3-аас доошгүй жилийн туршлагатай төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ .

БУСАД

 

34 дүгээр зүйл.

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

34.1.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг Төрийн албаны тухай хууль12 тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

34.2.Энэ хуулийн 7.5.3, 8.3.3 дахь заалтад холбогдох зөрчлийг давтан гаргасныг улсын байцаагч, эсхүл шүүгч тогтоосон бол малын эмчийн итгэлжлэлийг хүчингүй болгоно.

 

34.3.Малчин, амьтан маллагч, мал амьтныг өмчлөгч нь зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд малаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон энэ шалтгааны улмаас уг арга хэмжээг нөхөн авч хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг хариуцна.

 

34.4.Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэгч иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 7.5.5, 24.6-д заасны дагуу хорио цээрийн хяналтад байлгах хугацаанд гарсан зардлыг хариуцна.

 

--

11 Төрийн албаны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

 

34.5.Малын эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл оногдуулна:

 

34.5.1.энэ хуулийн 7.4.2, 7.4.6, 7.5.10, 8.3.5.2, 11.2.1, 15.2, 15.4.5, 17.4.1, 23.5-д заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох;

 

34.5.2.энэ хуулийн 8.2.6, 11.3.4, 11.11, 31.10-т заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

34.5.3.энэ хуулийн 13.4, 14.2, 15.4.1-15.4.4-т заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох.

35 дугаар зүйл.

 Хууль хүчин төгөлдөр болох

 

35.1.Энэ хуулийг …... оны ...... дүгээр сарын ......-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.