Төсвийн эхний хэлэлцүүлэг бүтэн өдөржин асуулт хариултаар үргэлжлэв
2010.10.29

Төсвийн эхний хэлэлцүүлэг бүтэн өдөржин асуулт хариултаар үргэлжлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвchuulga_32ийн тухай хуулиудын нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Н.Энхболд даргалав.

УИХ-д Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй харилцах бүлэг байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон тухай Монголын парламентын бүлгэмийн даргын шийдвэрийг гишүүн Р.Амаржаргал хуралдааны эхэнд танилцуулж, энэхүү бүлгийн үйл ажиллагаа нь бүх гишүүдэд нээлттэйг дуулгав.

 

Ингээд Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудтай холбогдуулан асуулт асуухаар нэрээ өгсөн гишүүдийн асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүд хариулт өгөв.

 

Гишүүн Р.Буд энэ онд төсвийн орлогын бүрдүүлэлт, өр барагдуулалт хэр байгаа, мөн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төсвийн төсөлд хэрхэн анхаарсныг лавлахад Сангийн сайд

С.Баярцогт:

-Төсвийн орлогын бүрдүүлэлтийн тухайд татварын орлогыг өмнөх оноос 10 хувиар өсгөсөн, орлогын бүх эх үүсвэрийг харьцангуй дайчилж чадсан гэж үзэж байгаа. Алтны орлогыг төсөвт бүрэн оруулахад анхаарч дөрвөн байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох замаар бүртгэл тооцоог сайжруулах бодлого барьж байгаа.

 

-Сангийн яамны дэргэд байсан өр барагдуулах албад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжсэн. Нийт өрийн үлдэгдлийн 74 хувийг эзэлж байгаа “Алтан дорнод Монгол” компанитай холбоотой өрийн асуудал олон улсын арбитрын шүүхийн шатанд байгаа, мөн “Олон овоот гоулд” компанитай холбоотой 17 тэрбум төгрөгийн өрийн асуудал бий. Харин хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой өр барагдуулалт хангалтгүй байгаа гэсэн хариулт өгөв.

 

Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт: Газрын тосны хайгуулын ажил хийж байсан компаниудын ажлын эхний үр дүн гарч эхэлж байна. Төвийн бүс рүү хоолой татах замаар газрын тос боловсруулах үйлдвэр барих тооцоо хийж үзэхэд ашиггүй гэсэн дүгнэлт гарсан учраас тэнд нь боловсруулах үйлдвэр барих замаар зүүн бүс нутгийг хангах бодлого барьж байгаа. Харин ОХУ-аас түүхий тос авах замаар Дархан-Уул аймагт боловсруулах үйлдвэр барих төсөл яригдаж байгаа. Гэхдээ энэ төсөлд Засгийн газрын баталгаа гаргах шаардлага тавьж байгаа ч тийм эрх зүйн орчин бүрдээгүй байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайд Т.Бадамжунай: Засгийн газар ирэх оныг хөдөө аж ахуйг дэмжих жил болгохоор төлөвлөж байгаа. Энэ салбарт үзүүлэх төсвийн дэмжлэг урьд жилүүдээс өсөх төсөөлөлтэй байна. Ноолуурын салбарт л гэхэд арван жилийн хугацаатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн мах, сүүний үйлдвэрүүд байгуулах бодлогын асуудал төсөвт туссан гэлээ.

 

Гишүүн Д.Дамба-Очир зээлийн хэлбэрүүдийг зохистой ашиглах талаар ямар байр суурьтай байгааг тодруулахад Сангийн сайд: Малчдын зээлийн асуудлыг иргэн бүртээ ирэх онд олгох бэлэн мөнгөнөөс нь суутгах замаар тооцохоор төлөвлөж байгаа. Харин урт хугацаатай зээлийн тухайд хүү тогтох бололцоо бүрдсэн, Засгийн газрын бонд гаргах замаар энэ асуудлыг зохицуулахаар Монголбанктай ярилцаж байгаа гэсэн хариулт өгөв.

 

Харин гишүүн С.Оюун ирэх онд төсвийн орлогын бараг таван төгрөг тутмын нэгийг нь иргэдэд тараахаар болж буйг шүүмжлээд сонгуулиар бэлэн мөнгө амладаг явдлаа зогсоох эсэхийг намын даргынх нь хувьд Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хоёроос лавлав.

 

Ерөнхий сайд С.Батболд: Иргэдэд бэлэн болон бэлэн бусаар хүртээх мөнгө нь эдийн засагт хүндрэл бэрхшээл үүсгэхгүйн тулд Засгийн газраас хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Мөн бэлэн мөнгийг бөөнд нь олгохоос сэргийлэх үүднээс сард нь олгох, үлдсэн хэсэгт нь оюутны сургалтын төлбөр, малчдын зээлийн хүү, нийгмийн даатгал, орон сууцны зээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэлбэрээр бэлэн бусаар хүртээх зарчим барьж байгаа. Улс төрийн намууд шинээр батлагдах хуулийн хүрээнд ярилцаж бэлэн мөнгөний амлалтыг зогсоох боломжтой.

 

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг: Улс орны эдийн засгийн түвшин, иргэдийнхээ амьдралын нөхцөл байдлаас үүдээд иргэддээ халамж дэмжлэг үзүүлэх нь тодорхой цаг хугацааны асуудал юм. Өнөөдрийн тухайд бидэнд ийм шаардлага тулгарч байна. Хоёр намын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхийг хамтарсан Засгийн газар хичээж байгаа. Цаашдаа бэлэн мөнгө амлахгүй байх тийм эрх зүйн орчин, эдийн засгийн бололцоо олгохын төлөө байна гэлээ.

 

Гишүүн Ж.Энхбаяр хөрөнгө оруулалтын үндэслэл шаардлагыг гол болгохгүйгээр төсвийн эрх мэдэлд ойр сайд, дарга нарт тал засах байдлаар хөрөнгө оруулалтад хандаж байгаад шүүмжилтэй хандахад Сангийн сайд С.Баярцогт: Хөрөнгө оруулалтын ажлуудыг ил тод, нээлттэй байлгах үүднээс салбарын хөрөнгө оруулалтыг аймгаар нь гаргасан. Сүүлийн жилүүдэд эрчим хүч, замын хувьд говийн болон баруун аймгуудад илүүтэй хөрөнгө зарцуулж, бодлогын хувьд ч онцгойлон анхаарч ирсэн. Тэр дундаа Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүч, татаасын асуудалд Засгийн газар онцгой анхаарч, орон нутгаас тавьсан асуудлыг тухай бүрт нь  шийдэж ирсэн гэлээ.

 

Мөн Ерөнхий сайд С.Батболд: Төсвийн шинэтгэлийн чиглэлээр Засгийн газар нэлээд арга хэмжээ авч байгаа. Хөдөөгийн хөгжлийн тэгш бус, төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, стандарт хангалтгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтай хандаж байна. Иймээс орон нутгийн хөгжлийн индексийг салбар салбараар нь гаргаж бодлогоо тодорхойлох, энэ үндсэн дээр төсвийн төлөвлөлтийг хийх чиглэлийг яамдад өгсөн. Орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх асуудал ч төрөөс үзүүлэх сатандартын дагуу зохицуулагдах ёстой. Энэ асуудлыг ойрын үед нэг мөр болгож боловсруулан ирэх оноос хэрэгжүүлж эхлэх эрх зүйн үндэс тавигдана гэж үзэж байгаа гэлээ.

 

Мөн гишүүн Д.Энхбат, Г.Баярсайхан, П.Алтангэрэл, Д.Ганхуяг, Д.Дондог, Ц,Шинэбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Баярсайхан нарын асуултад Ерөнхий сайд болон холбогдох бусад сайд нар тодорхой хариулт өгөв.

 

УИХ-ын дарга хуралдааны цагийг сунгаж төсөвтэй холбогдуулан сайд нараас асуулт асууж хариу авахаар нэрээ ирүүлсэн гишүүдийг сонсохоор шийдвэрлэсний дараа гишүүн Ц.Сэдванчиг, Р.Раш, Д.Оюунхорол, Р.Гончигдорж, З.Энхболд, Д.Балдан-Очир, А.Тлейхан нарын асуултад салбарын сайд нар хариулт өгөв. Төсвийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан оройн 20 цаг 50 минутад өдөрлөв.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 10 цагаас үргэлжилнэ.

Ахлах референт Ш.Содномжамц

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.