"Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны....
"Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонсов
Өчигдөр үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонсов. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Г.Батхүү удирдан явууллаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13/02 тоот албан бичгээр Оюу толгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан 1/.Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж хөрөнгө оруулалт хийх үе шат хуульд заасан процессын дэс дараалал зөрчсөн эсэх, 2/. Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хуралд танилцуулсан техник, эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн тооцоо нь Монгол Улсын холбогдох хууль, стандарт, шаардлагыг баримталж байгаа болон тоо, үзүүлэлтүүдэд мэдэгдэлд дурдсанчлан өөр хоорондоо зөрчилтэй эсэх талаар дэлгэрэнгүй тайлбар, судалгааг гаргаж өгнө үү хэмээн Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.
Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн а/428 тоотоор ирүүлсэн байх бөгөөд уг хариуг С.Эрдэнэ гишүүн хангалтгүй хэмээн үзэж 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10/1902 тоотыг хүргүүлжээ. Уг албан тоотын хариу Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаас 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн а/1432 тоотоор ирсэн байна.
Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцууллаа. Сайд хариулахдаа ""Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт, гэрээний төсөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.3, 30.1-д заасан шаардлага хангасан тул Засгийн газрын 2009 оны 308 дугаар тогтоолоор хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Сангийн ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт олгосныг хөрөнгө оруулагч талд энэ тухай хуульд заасан хугацаанд мэдэгдсэн" гээд хуульд заасан 3 сарын хугацаанд багтаан уг гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан гэсэн байна. Түүнчлэн "Айвенхоу Майнз Монголий Инк" ХХК-ийн боловсруулсан Оюу толгойн бүлэг ордыг ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл буцааж, засварласан ТЭЗҮ-г дахин хэлэлцэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 71 дүгээр тушаалаар хүлээн авсан. Монгол Улсад мөрдөж байгаа "Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавих шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах заавар"-ын дагуу Оюу толгойн бүлэг ордыг ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан хэмээн хариулжээ.
Асуулгын хариуг сонсож байгаатай холбогдуулан С.Эрдэнэ, Р.Буд, Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хэд хэдэн гишүүд асуулт асууж, Д.Зоригт сайд хариуллаа. Гишүүд тус уурхайд монгол ажилчид хэтэрхий бага ажиллаж байгаа, түүнчлэн хэрэгжүүлэгч компанийн зүгээс Монголд цөөн гагнуурчин байгаа тул гаднаас хүн авахаас өөр аргагүй байгааг илтгэсэн албан тоот ирүүлж шахалт үзүүлж байна, ер нь анхнаасаа монголчуудыг ажиллуулах сонирхолгүй байсан байна зэргээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд тухай бүр холбогдох тайлбаруудыг өгч байсан ч энэ нь гишүүдийн хүссэн хэмжээнд хүрч чадаагүй хэмээн үзсэнээс УИХ-ын дарга Г.Батхүү сайдад хандан УИХ-ын гишүүдэд дэлгэрэнгүй судалгаа мэдээлэл өгөх хэрэгтэй хэмээн зөвлөлөө.
Асуулга тавьсан С.Эрдэнэ гишүүн уг асуулгын хариуг ач холбогдол нь буурсан үед сонсож байгаа нь харамсалтай хэмээн байр сууриа илэрхийлэв.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонссоноор өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.