Э.Батшугар: Эдийн засаг солонгорч, шинэ боломж нээгдэхэд технологи тусална
Улс орон бүр тусгаар тогтнолоо хамгаалж, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахын төлөө хилийн зурваст мянга мянган цэргийг хамгаалалтад зогсоохын сацуу технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр цахим орчинд ч улсын хилээ дархлан хамгаалах шинэ цаг ирээд байна.
Өнөөдрийн байдлаар кибер аюулгүй байдал нь зөвхөн үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болсон.
Энэ хүрээнд Инноваци, цахим бодлогын байнгын хорооны зүгээс кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг бэхжүүлэх, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх бодлого баримталж буй.
Кибер аюулгүй байдлыг сайжруулах нь зөвхөн төрийн байгууллагуудын анхаарах асуудал биш бөгөөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн технологи, арга хэрэгслийг ашиглах шаардлагатай.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Батшугар ИЦББХ-ны гишүүний хувиар мэдээллийн технологийн салбарыг төрөөс бодлогоор дэмжих, гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, дотоодын зах зээлээ өргөжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай болох нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж буй.
Түүнчлэн тэрбээр Инновац, цахим бодлогын байнгын хороо төрийн цахим шилжилтийг эрчимжүүлж, кибер аюулгүй байдлыг ханган, мэдээллийн технологийн салбарыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг солонгорч, шинэ боломжууд нээгдэхэд бодитой хувь нэмэр оруулна гэсэн юм.
Дашрамд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос тогтоол гарган мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын эдийн засгийн ангилал бий болгох талаар Засгийн газарт чиглэл өгөөд байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn