2010.11.02

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нотариатын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад өнөөдөр  өргөн барив.

Төрийн байгууллагууд болон шүүх, хууль хяналтын байгууллагад хандахад эх бичиг баримтыг заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардах, мөн байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан бичиг баримтийг нотариатаар дахин гэрчлүүлэх зэргээр иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэх нь түгээмэл байгаагийн зэрэгцээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актад нотариатын үйлдэл заавал хийлгэх талаар зааж, иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэх, шаардлагагүй шат дамжлага бий болгох явдал ихсэж байна.

Иймд Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтад захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актад бичиг баримтыг нотариатаар заавал гэрчлүүлэх болон бусад үйлдэл хийлгэхээр үүрэг болгосон хэм хэмжээ тогтоохыг хориглох; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийж байх зохицуулалтыг нэмж хуульчилжээ.

Үүнтэй холбоотойгоор нотариаттай холбоотой зүйл, заалт бүхий хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 32 хуулийн 96 хэсэг, заалтад гэрээ, хэлцэл, итгэмжлэл, гэрээслэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, бичиг баримтын хуулбарын үнэн зөв, орчуулсан бичиг баримт, бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэх, нотариатч өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, нотариатчийн мэдэгдэх хуудас бичих зэргээр нотариатын үйлдлийг заавал хийхээр хуульчилсан байна.

Нотариатын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Их Хурлын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газраас баталсан “2010-Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай зохицуулалтыг хэвээр үлдээсэн хэмээн хууль санаачлагч танилцууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.