
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.03.18) боллоо. Хурлаар зам тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, анхаарах шаардлагатай зарим асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцлээ.
Шуурхай хуралд харьяа газрын дарга нар 98 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгон үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аймаг, орон нутагт хийх зам засварын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн түр зорчих замын маршрутад анхаарах, нэн ялангуяа хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ үед зам засварын ажлаас үүдэн иргэд олон салаа зам гарган дураараа зорчих нь ой хээрийн түймэр гарах эрсдэл үүсэх, малын бэлчээр талхлах, гол усны голдрилд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарч ажиллахыг санууллаа.
Мөн урин дулааны улиралд орон нутгийн замд осол аваар их гарч байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын хэсгийнхэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг аймаг орон нутагт хэрхэн явж байгаатай танилцах, тэр дундаа жолоочийн буруутай үйлдэл буюу гэрэл шилжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулж байгаатай холбогдуулан зарим цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулахыг үүрэг болголоо.
Төмөр замын салбарт, Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын тоог бууруулах, нэгтгэх, татан буулгах ажлын хүрээнд “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ын өдөр тутмын бусад үйл ажиллагаа, салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхааруулаад, ЗТЯ-ны холбогдох албанаас бүтэц орон тоог жигдлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Аялал жуулчлалын үе идэвхжиж байгаатай холбогдуулан агаарын тээврийн салбарт “Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулж ажиллахыг үүрэг болгоод, МИАТ ТӨХК-д үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангаж ажиллахыг дахин санууллаа.