Ардчилсан нам тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбогдуулан анхан шатны намын байгууллагуудын гишүүдийн боловсролыг дээшлүүлэх тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Удирдлагын академийн “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд гишүүдээ сургахаар болсон. Үүний дагуу 21 аймгийн 330 сумаас эхний арван аймгийн 100 хүн сонгогдсоноос өчигдөр эхний 35 хүний батламжийг гардуулах ёслолын ажиллагаа төрийн ордны “Б” танхимд боллоо.
Ёслолын ажиллагаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, П.Алтангэрэл, Я.Батсуурь, Д.КекүшюзанБатбаяр нар оролцож суралцагчдад амжилт хүсэн батламжийг гардуулж дурсгалын зураг татууллаа. Амжилт хүсэж захиа даалгавраа өгсөн намын удирдлагууд суралцагчдад сургалтын дүн, ёс зүйн асуудлыг ч бас нэлээд чухалчилан тавихыг сануулж байсан юм. Удирдлагын академид суралцагчдын хувьд сургалтын төлбөр нэг сая төгрөг бөгөөд үүний тавин хувийг Ардчилсан намаас гаргаж байгаа юм. Учир нь суралцагчдад Ардчилсан намын залуу халаа гэдэг утгаараа намаас ач холбогдол өгч байгаа хэмээн хэлж байлаа.
Ардчилсан намаас зохион байгуулж буй сургалтын хөтөлбөр 2012 оны нэгдүгээр сарын 1 хүртэл явуулж зургаан шатлалтай ангид 300 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Эхний ээлжийн сургалтад тэнцсэн 35 суралцагч нь Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан,Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаас ирсэн бөгөөд 11-р сарын 1-ээс хичээлдээ ороод байгаа юм. Тэдэнд гуравдах өдөр бүрийн үдээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжлэн уулзалт ярилцлага хийн, улстөрийн сэдвээр лекц унших юм байна.
Хоёрдугаар ээлжинд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийн сумын намын гишүүд хамрагдах бөгөөд хичээл нь ирэх оны 1-р сард эхлэнэ.
Удирдлагын академитай хамтран зохион байгуулж буй “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалт”-нд анхны 35 суралцагчын нэг болж шалгарсан дээрх аймгийн гишүүд сэтгэгдэл өндөр байгаагаа энэ дашрамд илэрхийлж намын гишүүдийнхээ итгэлийг дааж амжилттай сурна гэдгээ амлаж байлаа.