Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томиллоо
2010.11.05

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томиллоо

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Улсын Дээд шүүх өнөөдөр хуралдаж, Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Ерөнхий шүүгчээр томилогдох болзол2010-11-05shuugch_big хангасан Ц.Зоригийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзлаа.

Улсын Дээд шүүх өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 17 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн 4 хүнээс нууцаар санал хураасан байна. Шүүгчдийн 58 хувь нь Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг Ерөнхий шүүгчид дэвшүүлэхийг дэмжжээ. Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх явц хуулийн дагуу болсон гэж Ц.Зориг Ерөнхийлөгчид танилцууллаа.


Тэрээр 1982 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Шүүхийн бүх шатны байгууллагад ажилласан туршлагатай, нийслэлийн шүүхэд 18 жил ажилласнаас 5 жилд нь нийслэлийн Ерөнхий шүүгчээр ажиллажээ.

Дараа нь Ерөнхийлөгч, Ц.Зоригтод хандаж, хүний эрхийг дээдэлж ард түмний талд,  хуулиа баримталж ажиллахыг захилаа.

“Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо бол хариуцлагатай томилгоо. Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулсны дагуу Дээд шүүхийн шүүгчдээс нэр дэвшүүлж, олонхийн санал авсан шүүгчийг Ерөнхийлөгч томилох ёстой. Хамгийн гол нь хүний талд, иргэний талд хуулийн дагуу шийдвэр гаргадаг хэвшил манай бүх шүүгчдийн дунд тогтох ёстой. Манай зарим хүмүүс шүүх бол төрийн үргэлжлэл гэж боддог. Шүүх бол төрийн үргэлжлэл биш, шүүх бол хүний үргэлжлэл юм. Шүүх бол эрх мэдлийн үргэлжлэл биш, шүүх бол хуулийн үргэлжлэл юм.

Өнөөдөр яригдаж байгаа Оюутолгой, Таван толгойгоос илүү үнэтэй баялаг бол шударга ёс юм. Тухайн нийгэмд шударга ёс тогтсон, хууль хэрэгждэг байх юм бол баялаг бүтэж байна гэсэн үг. Тэр баялгийг гартаа бариад, бүтээж байгаа нь шүүгчид та нар юм. Сайн төрийн эхлэл нь шударга ёс, шударга ёсны эхлэл нь шүүх өөрөө. Ингэж байж төр улс нь сайн байж, ард түмэн нь сайхан амьдарч, нийгэм нь хөгжих юм. Ийм учраас бид шударга ёсны тухай, хараат бус байдлын тухай ярьдаг.

Хуулийн дагуу шийдвэр гаргана гэдэг шүүхийн хараат бус байдлыг хэлж байгаа юм. Монголын ард түмний олонхи нь манай шүүх сайн ажиллаж байна гэж хэлдэг бол шүүх хараат бус ажиллаж чадаж байна гэсэн үг. Тэгэхээр шүүхийн хараат бус байх гол шалгуур бол ард түмнийхээ талд байж, ард түмнийхээ дэмжлэгийг авч чадаж байгаа цагт л хангагдаж байна гэсэн үг.

Дахин хэлэхэд хамгийн гол нь хүний эрхийг дээдэлж, хуулийн дагуу шийдвэр гаргаж, хамгийн үнэт баялаг болсон шударга ёсыг тогтооход шударгаар хүчин зүтгээрэй. Монголын ард түмний асар их итгэл шүүх рүү хандаж байгаа энэ цаг үед итгэл дааж ажиллаарай” гэж Ерөнхийлөгч хэллээ.

Ингээд Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу , Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авсан шүүгч Ц.Зоригийг  Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид томилсон зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурлаа.
Шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Ц.Зориг хүний эрхийг дээдэлж, хуулиа баримталж ажиллахаа илэрхийлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.