Д.Балдан-Очир: Энэ их хурлаас түүхэн хариуцлага хүссэн хэд хэдэн асуудлыг Монголын ард түмэн амьсгаа даран хүлээж байна
-Их хуралд тавьсан илтгэлүүд, бусад баримт бичгийн төслийг дэмжиж байгаа. Энэ их хурлаас түүхэн хариуцлага хүссэн хэд хэдэн асуудлыг Монголын ард түмэн амьсгаа даран хүлээж байна.
Ядуурлыг бууруулах, шударга ёс тогтоох хүсэмжлэлийг ямар арга барилаар, хэдий хугацаанд бий болгохыг тодорхой тусгах ёстой. Зарим хүн 20 жилийн хөгжил, шилжилтийг удаан байна хэмээн бусадтай харьцуулан шүүмжилж буй. Гэхдээ зааг, ялгаа гэж байдаг юм. XX зууны эхэнд хамжлагат ёсыг халж, социалист нийгэмд орсон ах дүү социалист орнууд капиталист нийгмийн мөн чанарыг туулан амьдарч байсан. Тиймээс ч зах зээлийн эдийн засгийн төлөвшил илүү дөхүү байгааг харгалзах ёстой болов уу.
Бид социализмаас зугтаж капитализм руу орохдоо "төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг", "төлөвлөгөө" гэсэн үгнээс их айсан.
Гэтэл төлөвлөөгүйгээс болж ажиллах боломжийг алдсан. Цаашид бид эрэлт, нийлүүлэлт, гадаад, дотоод хүчин зүйлээ бодолцсон орчин үеийн стратеги, төлөвлөлтийг гол шижмээ болгох ёстой. 20 жилийн хугацаа дахь Монголын худалдаа дамын шинжтэй буюу худалдааны эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн.