“Үнэн” сонины 90 жилийн ойг тохиолдуулан  баярын мэнд хүргэлээ
2010.11.10

“Үнэн” сонины 90 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэлээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголын ууган хэвлэл “Үнэн” сонины 90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр сонины үе үеийн сэтгүүлч уран бүтээлчид, түүний мянга мянган уншигчдад Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүллээ.
unen_sonin
УИХ-ын дарга мэндчилгээндээ, “Монголын үнэн” нэртэй анхны дугаараа ерэн жилийн тэртээ хэвлэн түгээж, өөрийн намтар цадигаа эхэлсэн  өнөөгийн “Үнэн” сонин түүхэн цаг үе бүрт ард  түмнийг  соён гэгээрүүлэн, нийгмийн оюун санааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж  ирсэн баялаг түүхтэй.

Монголын оюун санааны үнэт өв, орчин цагийн сэтгүүл зүйн хөгжлийн эхлэлийг анхлан тавьсан “Үнэн” сонин 1921 оны Ардын хувьсгалын уриалан зоригжуулагч, ард түмнийг соён гэгээрүүлэгч, улс орны бүтээн байгуулалтыг сурталчилагч,  ардчилсан өөрчлөн байгуулалтыг оюун санааны хувьд бэлтгэгч нь байж, олон түмнийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж  ХХI зуунтай хөл нийлүүлж  байна.

“Үнэн” сонин улс орны тусгаар тогтнол, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эрэлт хэрэгцээг илэрхийлэгч хүчирхэг дуу хоолой болж, төр, иргэний холбоог бататган бэхжүүлсэн төр засгийн төв хэвлэл байв. Ардчилал, ил тод байдал, чөлөөт зах зээлийн түүдгийг асаалцаж, олон ургальч үзэл санааг соёолон дэлгэрүүлж,  Монгол орныг дэлхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагаар замнахад “Үнэн” сонины оруулж буй хувь нэмрийг тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд ямагт хүндэтгэлтэй хандаж, чөлөөт хэвлэл мэдээлэл хөгжих эрх зүй орчинг бүрдүүлж, боловсронгуй болгоход анхаарсаар ирсэн. УИХ-аас 1998 онд баталсан “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн дагуу Монгол Улсад чөлөөт хэвлэл, мэдээллийн тогтолцоо бүрдэж, сэтгүүлчид хараат бус, бие даасан бүтээл туурвих боллоо.

Шинэ нөхцөлд “Үнэн” сонин хэт туйлшрал, өрөөсгөл хандлагаас тойрч, төв төвшин байр суурь баримтлан хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг дээдлэн хариуцлагатай сэтгүүл зүйг  хөгжүүлж, иргэд, уншигчдыг шуурхай, үнэн бодитой мэдээллээр хангах үүргээ хууль тогтоомжийн хүрээнд  хэрэгжүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна.

Монгол орны хөгжил дэвшлийн түүхэн энэ үед “Үнэн” сонины хамт олон ууган нэрээ сэргээн “Монголын үнэн” болж байна. Ерэн жилийн намтар цадигтай сонины сэтгүүлч Та бүхэн үнэний төлөө тууштай зогсож, авьяас ур чадвараа уралдуулж, эх орон, ард түмний ашиг тусын тулд нэр төртэй ажиллана гэдэгт итгэж байна хэмээн дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.