Үндэсний аюулгүй байдлын сэдвээр семинар зохионо
“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт энэхүү сургалт-семинарыг энэ сарын 11,12-нд мөн 18,19-нд зохион явуулах юм.
Төрийн ордны “Б” танхимд 9.30-аас эхлэх уг семинарыг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга З.Энхболд нээх бөгөөд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулга” сэдвээр илтгэл тавина.
Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга О.Машбат “Оршин тогтнохуйн аюулгүй байдал” сэдвээр илтгэх бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Адъяабазар “Дотоодын аюулгүй байдал” гэсэн сэдвээр илтгэл тавина.
Харин үдээс хойш ШУТИС-ийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат нар “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.