2010.11.15
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Япон Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр Японы эзэн хаанд бараалхан, Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, парламентын хоёр танхимын дарга нартай уулзахаас гадна Японы парламентад үг хэлнэ. Мөн Токиогийн их сургуульд лекц уншиж, Монгол, Японы бизнесийн чуулга уулзалтын нээлтэд оролцох бөгөөд Япон Улсад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний гэргий Х.Болормаа нарыг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга С.Батболд, УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Батбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Жигжид, албаны бусад хүн дагалдан явав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.