Монгол Ардын Намын даргын илгээлт
2010.11.17

Монгол Ардын Намын даргын илгээлт

pm_mendchilgaabМонгол Улсын нийт ард, иргэд ээ, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид ээ,

Монгол Ардын Хувьсгалт Намын ээлжит XXVI Их хурал саяхан болж, түүхэн чухал шийдвэрүүдийг гаргалаа. Улс орныхоо өнгөрсөн 20 жилийн үйл явцыг дүгнэн хэлэлцэж, алдаа оноогоо шүүн тунгааж, ойрын ба хэтийн зорилтоо тодорхойлов. Манай нам Монгол Улсынхаа ойрын 20 жилийг өөдрөгөөр угтан харж байна. Энэ 20 жил бол Монгол хүний хөгжлийг хангах, улс орны сэргэн мандал, их бүтээн байгуулалтын үе байх болно.

Манай XXVI Их хурал намынхаа уугуул нэрээ сэргээн авах шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ "Монгол Ардын Нам бол Монгол Ардын Хувьсгалт Намын зүй ёсны эхлэл ба хууль ёсны үргэлжлэл нь мөн" гэсэн нэгдмэл байр суурьтай байгаагаа Их хурал баталсан. Их хурлын шийдвэрийг Монгол Улсын Дээд Шүүх хүлээн зөвшөөрч, албан ёсоор бүртгэн баталгаажууллаа.

Ийнхүү манай нам уламжлал шинэчлэлийг хослуулсан эх орон ард түмнийхээ төлөө гэсэн анхны эрхэм зорилго, түүхэн залгамж чанар, уугуул шинжээ хадгалсан XXI зууны Монгол Ардын Нам боллоо.

Монгол Ардын Нам нь "Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн өөрийн шинж чанар, үзэл баримтлалаа тодотгон түмэн олондоо тунхаглан зарлалаа.

Монгол Ардын Нам нь Монгол хүн, Монголын ард түмнийхээ эрх ашгийг хамгаас эрхэмд үзнэ. Монгол хүний хөгжил, аж амьдрал, эрх, эрх чөлөө, нэр төр, өмч хөрөнгө бол халдашгүй нандин зүйл мөн гэсэн үзэл санааг манай нам тууштай баримталж ажиллана. Иймээс манай нам их бүтээн байгуулалтын бодлого, зорилттоо:

-Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох

-Монгол хүнийг эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлэх

-Монгол хүнийг дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролтой болгох

-Монгол хүнийг эрүүл, аюулгүй амьдруулах

-Монгол Улсыг энэ бүхнийг дааж чадах эдийн засгийн чадавхитай орон болгоход чиглүүлэн хичээж ажиллахад оршино гэж тогтлоо.

Хүний төлөө нийгмийн халамж, хөгжлийн төлөө эдийн засгийн өсөлт, улс иргэний төлөө төрийн зөв тогтолцоог бий болгож хооронд нь уялдуулж, нэгтгэн зангидсан энэ бодлого хэрэгжвээс эх орон маань хурднаар цэцэглэн хөгжиж ард иргэдийн амьдрал дээшлэн тэгшрэх болно гэдэгт манай нам итгэлтэй байна.

Энэ бүхэн туйлын амаргүй зорилт гэдгийг ч бүрнээ ухаарч байна. Тиймээс тус их хурлаар "Хэцүү ч гэсэн хийж бүтээхийг зорьё" гэж шийдвэрлэсэн тул их бүтээн байгуулалтын төлөө "урам зоригтой урагшилцгаая" хэмээн ард олон Та бүхэндээ хандан уриалж байна.

Энэ үйл хэрэг Монгол хүн бүрийн оролцоог хангаж, боломжийг дайчилж нам өөрөө манлайлал үзүүлж ажиллахаар болов. Үүгээрээ манай нам улс орныхоо өмнө хүлээх түүхэн хариуцлагаа ухамсарлаж байгаагаа илэрхийлж байна.Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд 2,7 сая монголчууд бид хүний хөгжлөөр дэлхийн 6 тэрбум хүний хаана нь яваагаа эргэцүүлэн дүгнэж, улс орныхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэцгээе! Бидний монголчуудад өөрийн гэсэн том орон зай бий бөгөөд хөгжлийн түвшнээ урагш улам ахиулахын төлөө манай нам хичээн эрмэлзэх болно.

Үүний тулд нам өөрөө шинэчлэгдэж, өөртөө өндөр шаардлага тавьж ажиллах ёстойгоо гүнээ ухамсарлаж, намын шинэчлэлийн хөтөлбөр чиглэлээ Их хурлаараа хэлэлцэн тодорхойллоо. Манай нам алс хэтийн бодлого, зорилтоо хичээн эрмэлзэх зүйлдээ тусган шинэчилж, улс төр, нийгэм, эдийн засаг, нийгэм, залуучууд-гэр бүл, байгаль орчин болон хөдөөгийн хөгжлийн асуудал хариуцсан таван байнгын хороо бий болгох тухай өөрчлөлтийг намын дүрмэндээ орууллаа. Энэ хороод ард түмнийхээ дуу хоолой, үзэл бодлын индэр болж,. намын бодлого боловсруулахад гишүүд, дэмжигчид, судлаачид, олон нийтийн идэвхтэй оролцоог хангах зорилготой зохион байгуулалтын бүтэц юм. Ингэснээр манай намын үйл ажиллагаа улам нээлттэй, ил тод болно.

Өнөөгийн Монгол Ардын Нам нь хал үзэж хашир суусан туршлага, тулхтай ахмад үе, бодлого ухаан хичээл зүтгэл нь тэгширсэн дунд үе, эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн шинэ үеийнхний бат цул нэгдэл, үл тасалдах алтан хэлхээ болж. дотоод ардчилалтай, эв нэгдэлтэй, ёс зүйтэй улс төрийн манлай хүчин байхын төлөө ажиллах болно.

XXVI Их хурлаас гаргасан манай намын түүхэн шийдвэрүүд нь олон түмний санал бодлын тусгал, түүний бодит илэрхийлэл юм. Учир нь улс орны өнөө, ирээдүйн төлөв, түүнд намын гүйцэтгэх үүрэг оролцоо, намын шинэчлэлийн асуудлаар намынхаа бүх шатны үүр, хороодоор хэлэлцэж, эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал, ярилцлага хийж, олон түмнийхээ санаа бодлыг ширхэгчлэн шинжилж, нийгмийн өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ийнхүү дан ганц нам биш, түмэн олон маань санаа нэгдэж, нэгдсэн шийдэлд хүрлээ. Энэ шийдэл бол намаа шинэчилж байж улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалтыг, их үйл хэргийг эхлүүлэхэд чиглэгдэж байна. Төрөө түвшитгэж, түмэн олноо чинээлэг, бүтээлч амьдралтай болгохын төлөө Монгол Ардын Нам Монголын бүх ард түмэнтэйгээ хамтдаа зүтгэхээ батлан илэрхийлж байна.Монгол хүний хүсэл биелж, Монгол орон цэцэглэн хөгжих болтугай.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын БАТБОЛД 2010 оны 11 дүгээр сарын 16

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.