2010.11.17

Иргэдэд аль болох дарамт учруулахгүй байхыг хичээх хэрэгтэйг Спикер сануулав

Төсвийн байнгын хорооны хуралдааны дараагийн хэлэлцсэн асуудал нь  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байв.

Сангийн сайдын хэлснээр бол   Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хоёр  хувиар нэмэгдүүлэхээр тусгаад буй аж.  Үүний тулд  орон нутаг нь  эл татварыг  ногдуулах эсэхийг  ИТХ-ын хуралдаараа шийдвэрлэх юм байна.

 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын  гишүүд  хуулийн төслийн талаар саналаа хэлэхдээ  буцаах нь зүйтэй хэмээн үзэх нь ч байсан. Харин  зарим гишүүн дэмжиж өөрсдийн саналыг илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн  Д.Зоригт хэлэхдээ, хуулийн төслөөр бол үл хөдлөх эд хөрөнгийн хураамж гурав дахин нэмэгдэх нь ээ. Тэгэхээр тооцоо судалгааг нь хэрхэн хийсэн бэ хэмээн асууж байсан. Сангийн сайд үүнд хариулахдаа, одоо бол 0,6 хувиар улс авдаг, харин хуулийн төслөөр бол Иргэдийн хурал, орон нутагт нь эрх олгож, интервал тавьж өгөөд хураамжийг нь шууд улсад төвлөрүүлдэгийг болиулна гэлээ.

 

Бусад улс орнууд татварын орлогоо Хүн амын орлогын албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого дээр суурилан төвлөрүүлдэг. Найдвартайд тооцогддог  татварын орлого гэвэл энэ хоёр. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээтэй болгосноор  ашиглалт нь ч  сайжирна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хэлж байв.

 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Засгийн газраас жил болгон оруулж ирдэг  төсвийг УИХ-д оруулахдаа    татварын хуульд өөрчлөлт хийхээр  төсөл дагалдуулдаг шүү дээ.  Ирэх жил ч  нэгдсэн төсвийг хэлэлцэхэд энэ татварыг дахиад нэмнэ гэхийг  үгүйсгэх аргагүй. Аж ахуйн нэгжүүд татвар мөн бизнесийн олон дарамт дор үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байна. Тэгээд бас бизнес эрхлээд хөрөнгө оруулсан хүний сэтгэл зүйг тооцоолооч ээ, зээлээ ч төлж чадахгүй байгаа биз дээ. Бодит байдал, судалгаан дээр түшиж ярья гэсэн юм.

 

Эцэст нь  хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад  дэмжлэг авсан.

 

Үүний дараа  Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцээд  мөн л олонхийн саналаар  хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Хуулийн төслөөр удаан эдэлсэн  авто машинд ногдуулах Онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгаад байгаа аж.

 

Сангийн сайдын дурдсанаар,  улсын хэмжээнд 306 мянган тээврийн хэрэгсэл байдгаас 80 орчим хувь нь өндөр насжилт буюу удаан эдэлгээнд   орсон гэнэ.  Харин наймаачид хуучин  авто машин ихэвчлэн  оруулж ирдгээс болоод агаарын бохирдлыг нэмэгдүүлээд зогсохгүй   аюулгүй байдалд ч эсрэгээр  нөлөөлдөг байна.

 

Байнгын хорооны гишүүдийн дийлэнхнь хэлэлцүүлгийн үеэр хуучин автомашинуудын /эдэлгээний хувьд удсан/ татварыг өндөр болгож нэмэх саналтай байсан.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл харин энэ үеэр татвар нэмэх нь бодлогын хувьд зөв боловч хуучин машинууд буюу удаан насалсан машинтай жирийн иргэдэд энэ байдал дарамт болох вий гэдэг дээр анхаарах нь зүйтэй хэмээж байсан. Спикер мөн үүний өмнөх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр ч жирийн иргэн хүний мөрөн дээр ирэх дарамтын тухай хөндөж байсан юм. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухайд орон нутагт эрх мэдлийг нь өгөхийг дэмжээд, харин эрхийг нь өгсөн ч хоёр жил хэртэй хүлээх боломжтой гэж байв. Учир нь иргэд энэ талаар урьдчилсан тодорхой мэдлэгтэй байж, цагийг нь тулган цочирдож хүлээж авах шаардлагагүй болно гэдгийг Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Спикер онцолж байв.  Тэрээр Тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлэх тал дээр ч УИХ анхааралтай хандах хэрэгтэйг мөн хэлж байлаа.

 

Хэрэв  татварыг нэмэгдүүлэх юм бол  жирийн иргэдийн амьжиргаанд дарамт үүсгэж, тэр чинээгээр  авто машины үнэ өсөөд хүндрэл учруулах талтай.  Ингэхээр  хуучнаар нь татварыг  үлдээх нь зүйтэй гэсэн  саналтай гишүүд ихэнх нь байсан. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, хэлэлцэхээр болсон.

 

Байнгын хорооны гишүүд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг  хийж, анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.