С.Эрдэнэ: АН-ын хийсэн хамгийн том алдаа хамтарсан Засгийн газрыг байгуулсан явдал
2010.11.17

С.Эрдэнэ: АН-ын хийсэн хамгийн том алдаа хамтарсан Засгийн газрыг байгуулсан явдал

Erdene_set_vip76УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтыг Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулжээ. Тэрээр сэтгүүлчдийн асуусан асуулт бүхэнд хариулна. Ямар нэгэн байдлаар бөөрөнхийлж, булзааруулсан хариулт хэлэхгүй гэснээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хийх зангиагүй уулзалт эхэлсэн юм. Сэтгүүлчид түүнээс өнөөгийн улс төр хийгээд Хамтарсан Засгийн газар болон намынх нь дотор үүсээд байгаа асуудлуудыг асууж тодрууллаа. Түүний бодлоор "АН-ын дотор 2008 оноос хойш шийдвэрлэвэл зохих асуудлууд үүсч эхэлсэн гэнэ. Энэ нь хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж эхэлсэнтэй холбоотой аж. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад АН-ын ҮЗХ-гоор хэлэлцэн шийдвэрлэсэн гэх ч тун цөөхөн хүний саналын зөрүүтэй байдлаар гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ алхам нь АН-ын хийсэн хамгийн том алдаа гэж зөвхөн би бус дийлэнх гишүүд үздэг хэмээн хэлж байлаа. Тус гэрээг байгуулснаас хойш АН-ын удирдлагууд хуучнаар МАХН-д үүсч эхэлсэн гэнэ. Тиймээс төрийн ажил хэрэг урагшлахаа больж хэдхэн олигархи нөхдийн эрх ашгийн төлөөх саналууд дэмжигдэн, төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болсон. Өнөөдрийн хамтарсан Засгийн газрын хийсэн ажил гэвэл зөвхөн Оюу толгойн гэрээг өөрсдийн эрх ашгийн төлөө баталж, иргэддээ 70 мянган төгрөг олгосон явдал. Цаашлаад цалинг 30 хувиар нэмсэн нь бусад салбараа чирэгдүүлж эхлэх болсон. Энэ бүгдийн хариуцлагыг үүрэх ёстой нам нь АН. АН-ыг ийм байдалд хүргэсэн хүмүүс нь намын удирдлагууд. Тиймд хамтарсан Засгийн газрын гэрээг эргэж нягтлан, болж өгвөл цуцлах хэрэгтэй гэж байв. Ингэхийн тулд АН-ын дунд, анхан шатны гишүүдээс санал асуулга авах хэрэгтэй. Хэрэв анхан, дунд шатны гишүүд дэмжих аваас хамтарсан Засгийн газрыг сүр дуулиангүй салгаж болно. Гэхдээ манай нам сөрөг хүчин болж МАН-ыг шахаж шаардах л үүрэгтэй болно. Сөрөг хүчин болсон цагт Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн бүхэн МАН-ын нэрээр явах байх. Гэхдээ зүгээр. Одоо ч гэсэн АН-ын хийсэн бүхэн үнэ цэнэ, нэр нөлөөгүй болсон байна. Ерөнхий сайд С.Батболдын баруун аймгуудад хийсэн айлчлалыг сонирхсон. Гэтэл тэнд АН-ын нэр нэг ч удаа дурдагдсангүй. Тэр ч бүү хэл АН- ын санаачлан хийж, хэрэгжүүлсэн ажлыг МАН-ынх болгоод л ярьж байна лээ. Тиймд сөрөг хүчин болоход харамсах зүйлгүй. Гагцхүү намыг шинэчилж улс эх орондоо үнэт зүйлийг хийх шаардлагатай. Хэлж ярих юм манай намд их байдаг. Гэтэл зарим нэг нэр нөлөө бүхий хүн үүнийг огт тоохгүй юм" гэж байлаа. Тэрээр ирэх баасан гаригт болох АН-ын ҮЗХ-гоор үндсэн гурван асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж буй юм байна. Энэ нь АН-ын ээлжит бус их хурлыг хэлэлцэх эсэх, хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэж хэлэлцэх, АН үндсэн дүрмийнхээ хүрээнд дүрмийн томоохон өөрчлөлт хийх асуудлууд гэнэ. Түүнээс гадна МАХН-ыг МАН болохоосоо өмнө ард иргэдээсээ уучлалт хүсэх хэрэгтэй байсан хэмээн дурдаж байлаа. Энэ нь МАХН-ын 90 жилийн түүхтэй холбоотой аж. Нэгэн цагт МАХН гэм зэмгүй иргэдийг хэдэн мянгаар нь хоморголон хэлмэгдүүлж, цаашдын ирээдүйг нь баллаж, үр хүүхэд, дотны хүмүүсийг нь уйтгар гунигт автуулж байсан. Тэгсэн атлаа нэгч удаа ард иргэдээсээ уучлалт гуйлгүй намынхаа нэрийг сольж МАН болсон. Одоо тэд хэзээ ч ард иргэдээсээ уучлалт хүсэхгүй болов уу хэмээв.

Л.МӨНХТӨР
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.