Байнгын хороо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
2010.11.17

Байнгын хороо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны  хурлаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүд Сангийн сайд Сchuulgan_pm.Баярцогт болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж хариулт авлаа.

Гишүүн Э.Бат-Үүл олон нийтийн радио, телевизийн төсвийг яагаад бууруулсан, ер нь дэлхийн жишгээр олон нийтийн радио, телевизийн хараат бус байдлыг хангах үүднээс тодорхой хувь зааж санхүүжүүлж болохгүй юу гэхэд Сангийн сайд үндэсний олон нийтийн радио, телевизэд улсын төсвөөс олгодог татаасыг бууруулаагүй, харин өнгөрсөн оноос нэвтрүүлгийн дамжуулах станцын зардлыг тусад нь салгаж сүлжээ компаниар дамжуулж олгодог болсон гэлээ.

Гишүүн Ц.Батбаяр Онцгой байдлын ерөнхий газрын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зориулалтаар хөрөнгө нэмж тусгаагүйн учрыг тодруулахад онцгой байдлын газрын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад анхаарч тавьж буй асуудлыг нь үе шаттай шийдэж ирсэн, улсын нөөцийн хөрөнгөний хөрөнгөнөөс урсгал зардал төдийгүй тоног төхөөрөмжийн асуудлыг нь ч шийдэж өгч байгаа. Төсвийг ганц Сангийн яам зохиодогггүй, холбогдох төсвийн байгууллагууд, салбарын сайдын саналыг тусгааад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж танхимын зарчмаар шийддэг гэсэн хариултыг сайд өгөв.

Мөн гишүүн Р.Раш УИХ-ын Тамгын газрын төсөв өмнөх оноос буурсан байна, Их Хурал өөрийнхөө Тамгын газарт айлын шоовдор хүүхэд маягаар хандаж баймааргүй байна гэлээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөтэй гээд юуны өмнө техникийн шинэчлэл хийх, цаасгүй технологийг ажил хэрэг болгох, түүнчлэн Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн туслахуудад орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэгт шаардлагатай 370 сая төгрөгийг төсөвт нэмж тусгаж өгөхийг хүсэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Ц.Батбаяр хөрөнгө мөнгийг хэрэгтэй газарт нь өгч байх нь зүйтэй, УИХ-ын гишүүд төрийн ажил хийхийн төлөө бусдаас юм гуйдагггүй баймаар байна, гишүүн Ж.Батсуурь хөрөнгө оруулалтад анхаараад төсөвт байгууллагуудын урсгал зардалд анхаарахгүй байгааг шүүмжлээд хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зөрүүг арилгах, цалин, тэтгэврийг нэмэгдүүүлэх асуудлыг 2011 оны эцэс гэхэд шийдсэн байх нь чухал гэлээ.

 

Мөн гишүүн Д.Загджав төсөвт байгууллага болгон хөрөнгө мөнгө нэхэж байдгийг шүүмжлээд төсөв тэлж байгаа хэдий ч төсөвт байгууллагууд зардал хөрөнгөгүй гэж суулгүйгээр бололцоо нөөцөө сайн ашигламаар байна, Д.Лүндээжанцан төсөвт өнгөрсөн хавраас эхлэн анхаарсаар байхад бид урьдынх шигээ ерөнхий юм яриад баймаргүй байна. Хөрөнгө оруулалтыг нэрээр нь мөнгөн дүнтэй нь төсөвт тусгах учиртай тул гишүүд том том тоо хэлж заавал санал хураалгах гэж зүтгэдгээ болимоор юм, хүлээгээд авчих боломжтой, биелэх үндэслэлтэй зүйл хэлж баймаар байна гэж байв.

 

Гишүүн Р.Раш ч төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийнхээ халаас руу гараа шургуулахгүйгээр бусад эх үүсвэрийг сайн дайчилж ашиглахад Засгийн газар, Сангийн яам анхаарах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн гишүүн Ц.Батбаяр онцгой байдлын газрын техникийн шинэчлэлд зориулж 2 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах, гишүүн Д.Очирбат нийслэлийн төсвийн орлогоос улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тусгасан 48 тэрбум төгрөгийн талыг нь хотод үлдээх, ЭМЯ, ОБЕГ-ын шуурхай үйлчилгээнд зориулан нисдэг тэрэг авах хөрөнгийг нэмж тусгах, гишүүн Э.Бат-Үүл олон нийтийн радио, телевизийн төсөвт анхаарах зэрэг тодорхой саналууд хэлэв.

 

Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгахад Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад нь, олон нийтийн радио, телевизийн төсвийг 522 сая төгрөгөөр нэмэх, УИХ-ын Тамгын газарт техникийн шинэчлэл хийх, УИХ-ын гишүүд, Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн туслахуудын орон сууцны дэмжлэгт зориулан 378 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах, нийслэлийн төсвийн орлогоос улсын төсөвт татан төвлөрүүлэх хөрөнгийн талыг хотын мэдэлд үлдээх зэрэг саналууд олонхийн дэмжлэг авлаа. Тус байнгын хорооны гишүүдийн дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.