Хөдөө, орон нутгийн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмнэ
2010.11.17

Хөдөө, орон нутгийн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын  2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдdotuuerebairийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд  нарын  2011 оны төсвийн багцад тусгагдсан төсвийн талаар авч хэлэлцэв.

2011 оны төсвийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад нийт зардалд 649,6 тэрбум төгрөг төлөвлөсний урсгал зардалд 557,6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 84,1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 7.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.  Мөн тус салбарт зарцуулагдах хөрөнгө оруулалтын хөрөнгийн зардалд нийт 72,4 тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгөөс, 11,2 тэрбум төгрөгийг хөрөнгийн шилжүүлгээр, 0,5 тэрбум төгрөгийг гадаад зээлээр тус тус санхүүжүүлэхээр тооцсон байна.

 

Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцад нийт зардалд 398,3 тэрбум төгрөг төлөвлөсөний урсгал зардалд 381,9 тэрбум төгрөгийг, хөрөнгийн зардалд 9,4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 7,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгасан бол Эрүүл мэндийн сайдын багцын нийт зардалд 296,2 тэрбум төгрөг төлөвлөснөөс урсгал зардалд 244,5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 51,7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төсөвлөгджээ.

 

Хэлэлцүүлгийн явцад гишүүд ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжилтэй ажилтан бэлтгэх болон цэцэрлэг, сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэх, хөдөө орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн хоолны зардлыг нэмэх, яаралтай түргэн тусламжийн зориулалтаар хэрэглэх нисдэг тэргийг эмнэлгийн зориулалтаар тоноглох, эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа эх барих, сувилагч зэрэг нарийн мэргэжлийн ажилтнуудын цалинг нэмэх зэрэг асуудалд   төсөвт хөрөнгө нэмж тусгах шаардлагатай байгаа талаар саналаа  хэлж  холбогдох яамдын сайд, мэргэжилтнүүдээс тайлбар авав. Түүнчлэн урлаг, соёл, спортын арга хэмжээнд ч түлхүү хөрөнгө мөнгө төсөвлөх шаардлагтай байгаад гишүүд санал нэгтэй байсан юм.

 

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт тусгасан 442,6 тэрбум төгрөгийг ашигт малтмалын ордын урьдчилгаа төлбөрөөс санхүүжүүлнэ хэмээн тооцсоныг хурцаар шүүмжиллээ. Тэрээр, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй зарлага дээр яахаараа хөрөнгө төсөвлөдөг юм бэ. Төсвийн орлого, зарлага тов тодорхой байх ёстой. Ямар ч эх үүсвэргүй зардал төсөвт суулгаад иргэдэд мөнгө өгнө гээд байж болохгүй. Энэ чинь төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Сангийн яамныхан энэ мөнгийг “Эрдэнэс МГЛ”  компаниас орж ирнэ гээд сууж байна. Компаниас орж ирэх орлогын төлөвлөгөө батлагдаж, ямар нөхцлөөр гэрээ байгуулсан юм бэ. Миний асуусан асуултад Сангийн яамныхан тодорхой хариулт өгч чадсангүй. Хэрвээ энэ асуултад хариулт өгч чадахгүй юм бол энэ оруулж ирсэн төсвөө буцааж авах хэрэгтэй гэлээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хөдөө, орон нутгийн сургуулиудын дотуур байранд амьдардаг хүүхдийн хоолны зардал 800 төгрөг байгаа. Гэр орноосоо хол 24 цагаар амьдарч байгаа хүүхдүүдийн хоолны мөнгийг ядаж 1600 төгрөг болгох асуудлыг шийдэх хэрэгтэй. Арван тав, зургаан настай том хүүхдүүдийн хоолны хэрэгцээ ямар байх нь ойлгомжтой гэлээ. Түүнчлэн өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын үзүүлэлт суларсан харагдаж байна. 2012 оны олимпийн тэмцээнд  сайн оролцохын тулд бэлтгэл маш их чухал. Иймд спортын арга хэмжээний мөнгийг төсөвт нэмж тусгах  зайлшгүй шаардлагатай гэсэн юм.

 

Ингээд гишүүд төсөвтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авсны дараа байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс  гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж,  дэмжигдсэн саналуудыг томьёолон Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв .

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.