Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа  эдийн засгийн хувьсгал эхэллээ
2010.11.19

Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа эдийн засгийн хувьсгал эхэллээ

ҮЗХ-ны 32 дугаар хуралд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үг

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хуралдаанд хүрэлцэн ирсэн журмын нөхөд, намынхаа мянга мянган гишүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая!

Журмын нөхөд өө!altanhuyag_04

Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжил хөдөлгөөнтэй, цочмог шийдэлтэй цаг үед манай намын ҮЗХ-ны ээлжит хуралдаан болж байна. Монгол төрийн алтан баганыг түшилцэх эрхэм үүргийг нуруундаа үүрч яваа Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд сонгогч олон түмэн анхаарлаа хандуулж, мянга мянган гишүүд маань чих тавин сонордож байгаа нь тодорхой билээ. Бас манай намыг сонжигч, шохоорхогчдын “хагарлыг хүссэн харц” та биднийг ширтэж байгаа нь нууц биш ээ.

Миний бие Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудал, ойрын 20 жилд АН-аас баримтлах бодлогын талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар энэхүү илтгэлийг бэлтгэлээ. Илтгэлд дэвшүүлсэн санааг улам баяжуулж, намынхаа хэтийн зорилтыг бодитой тодорхойлоход ҮЗХ-ны гишүүн бүр идэвхтэй оролцож, үнэтэй санал зөвлөмж нэмэрлэнэ гэдэгт итгэж байна.
Нэг. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал
Монголын нийгмийг хөгжлийн шинэ эрин, шинэ харилцаанд хөтлөн оруулах түүчээ болсон Монголын ардчилсан хүчин байгуулагдаж, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойтой ҮЗХ-ны өнөөдрийн хурал давхцаж байна.

Энэ бол Ардчилсан намын мянга мянган гишүүд, та бидний зүй ёсны бахархал билээ. Бид ардчилсан тогтолцооны 20 жилийн идэрхэн насыг элээсэн хэдий ч багагүй зүйлийг бүтээж, ардчилсан хувьсгалын түүхэн ойг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү түүхэн ойн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож, ард түмэн маань анх удаа Ардчилсан Ерөнхийлөгчийг төрийн тэргүүнээр сонгож, ардчиллын үнэт зүйлээ баталгаажууллаа. Энэ бол эвийг зангидаж, хүчийг нэгтгэж ажилласан манай намын бахархам амжилт гэдгийг онцлон тэмдэглэе. Эвтэй газар хүч хуралдаж, хүчтэй газар ялалт амжилт ирдгийн нэн тодорхой жишээ энэ билээ.

Та бүхэндээ Ардчилсан намын түүхэнд алтан үсгээр сийлэгдэх Ардчилсан ерөнхийлөгчөөр баталгаажсан ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эрхэм журмын нөхөд өө!

Монголчууд нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих алдаа оноотой 20 жилийг ардаа орхиж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн гараан дээр ирээд байна. Энэ хорин жилийн хугацаанд монголчууд маань хүний амьдралын ядрах зүдрэх, дэвжих дээшлэх, алдах эндэх, баярлах хөөрөх, гуних гутрах бүхий л зовлон жаргалыг амсаж, шилжилтийн ээдрээ бартаатай замыг тууллаа. Энэ хугацаанд учраа олохгүй төөрч будилах, бачимдаж бухимдах, шахаж шаардах, эргэлзэж тээнэгэлзэх, урвах шарвах зохисгүй үйл, жудаггүй үйлдэл нүдний өмнө болж өнгөрлөө. Энэ бүхэнд гайхаж шогшроод, жигшиж зэвүүцээд өнгөрөх бус авах гээхийн ухаанаар хандаж, Ардчилсан нам сургамж авах ёстой.

Ард түмэнд хэн дарга, хэн цэрэг байх нь чухал биш байна. Монголчууд газрынхаа баялгийг тэгш хуваарилахыг, хууль иргэн бүрт тэгш үйлчлэхийг, эрх мэдлийн босоо тогтолцоог өөрчлөхийг, ядуурлаас гарахыг, тунгалаг төртэй байхыг л хүсэж байна. Тийм учраас бид хэн нэгнээ дэгээдэх цаг зуурын ашиг сонирхолд хөтлөгдөх бус ард түмнийхээ амьдрал ахуйг өргөж, хүсэл зорилгыг биелүүлэхэд намын бодлогоо чиглүүлэх учиртай.

Ард түмэн хийрхэж мэтгэлцэхээс хийж бүтээхийг эрхэмд үзэж байна. Тийм ч учраас манай нам ҮЗХ-оор сайтар хэлэлцсэний эцэст хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар шийдвэрлэсэн билээ. Энэ бол 4 жил улс төрөөр хийрхэн хөөрцөглөх цагаа, хийж бүтээх үйлд зориулах ёстой гэсэн та бидний олонхоор шийдсэн оновчтой гаргалгаа байсан гэдэгт миний бие одоо ч итгэлтэй байна.Монголын байгалийн баялаг, улс төрийн өөрчлөлтийг дагалдан гадаад ертөнц дэх түншүүдийн маань ааш аяг хувьсан өөрчлөгдөж байна. Тэд ардчиллыг дэмжихээс илүүтээ баялагт тэмүүлэх хандлага давамгайлах боллоо. Ийм цаг үед бид зөвхөн өөрсдийнхөө оюун ухаан, хүч чадалд найдаж, сонгогч түмнийхээ амьдралыг тэтгэж, эдийн засгийн эрх чөлөөтэй болгоход бүхий л анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ. Төрүүлж өлгийдсөн ардчиллаа төгс ялалтад хүргэх нь та бидний эрхэм зорилго гэдгийг умартах учиргүй. Үүнийг гагцхүү ардчилсан хувьсгалын түүчээ, ардчиллын үнэт зүйлийн баталгаа болсон Ардчилсан нам хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Хийх ч ёстой гэдгийг гүнээ ухамсарлаж байна.

Бид 20 жилийн талаас илүү хувьд нь ардчилал, зах зээлийн нийгмийн суурь зарчим болох олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрүүлэх, малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд нь, газрыг иргэддээ өмчлүүлэх, хүн бүрийг гадаад паспортой болгох зэрэг ард түмнийхээ эдэлж үзээгүй эрх чөлөөний төлөө жагсаж, өлсөж, тэмцэж гарт нь атгуулахын төлөө, зорилгодоо хүрч чадсан юм. Тэр битгий хэл та бидний тэмцлийн замд бул хар чулуу мэт хөндөлсөж байсан зүүний ортодокс коммунист МАХН цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг нь энэ билээ.

Бидний өрсөлдөгч улс төрийн гол хүчний энэ мэт үйлдлийг найр тавьж байна гэж баярлах ч хэрэггүй, найз нар яах гээд байна гэж хардах ч хэрэггүй. Улс төрийн намууд өөр өөрсдийн бодлого, үзэл баримтлалаар хөгжих бат суурь Монгол улсад хэдийнээ бэхжиж, олон намын тогтолцоо чигээ олох замд эргэж буцахааргүй орсон нь одоо нэгэнт тодорхой зүйл. Гадаад дотоодын олон байгууллагын судалгаанаас харвал, сүүлийн нэг жилд Ардчилсан намын рейтинг МАХН-аас ямагт 3-5 пунктээр илүү явж байна. Энэ бол ард түмэн Ардчилсан намд итгэж байгаагийн нэн тодорхой илэрхийлэл мөн. Итгэлийн хариуд та бид зүтгэх ёстой. Ардчилсан намын бодлого төлөвшин төгөлдөржиж, ардчиллын залуучууд ямар ч ачааг даах мэдлэг чадвар, дадлага туршлагатай болсныг түмэн олондоо харуулах ёстой. Гэдсэндээ хөлөө жийлцдэг “нялхсын дон” биднээс холдон одсоныг мэдрүүлэх ёстой. Гаднаас дэмжиж байгаа ард түмнийхээ итгэлийг дотроосоо булингартуулдаг гашуун сургамж бидэнд цөөнгүй байдгийг санаж сэрэхэд илүүдэхгүй.

Нэн ялангуяа нэгнээ дэгээдэх жижиг улс төр намаа унагах том ангал руу хөтөлж магадгүйг бодох учиртай. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан засгийн газар байгуулах МАХН-ын саналыг Ардчилсан намын ҮЗХ хүлээн авч, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг дээдэлж чадсанаараа хал үзэж, хат суусан нам гэдгээ харуулж чадсан юм. Энэ бол ҮЗХ-ны олонхийн шийдвэр байсныг та бүхэн санаж байгаа. Тэр үед Ардчилсан нам хамтарсан засгийн газарт орох ёсгүй, хүчтэй цөөнхийн үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн саналтай нөхөд байсан, одоо ч тийм үзэл хандлага манай намд байсаар байна. Бидэнд шүүмжлэх цаг хомсдоогүй. УИХ, Засгийн газрын алинд ч цөөнхийн үүргээ гүйцэтгэж, хяналтаа тавьсаар л байна. Хурал хаяж, засгийг огцруулах нь цөөнхийн үүрэг мэт ойлгодог гэнэн төсөөлөл Монголын улс төрд үеэ өнгөрөөж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтарч ажиллах, дотоод хяналтаа хүчтэй болгох явдал сөрөг хүчний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага болж байна.

Бид өнөөдөр энэ жишгээр л хамтран ажиллаж байна. Харин Хамтарсан засгийн газарт орсноор Ардчилсан нам МАН-ын сүүдэр болж, Ардчилсан намын дарга МАН-ын даргын халаасны хүн болсон мэтээр мушгин гуйвуулах нь үнэнээс хол гүтгэлэг гэдгийг итгэлтэйгээр тэмдэглэн хэлье.Өнгөрсөн хугацаанд АН МАН-тай хамтарч ажилласнаар хоёр намын улс төрийн зөрчил тэмцлийн үр дагаварт олон жил шийдэгдээгүй байсан асуудлууд амь орж, зохих хэмжээнд урагшилж байна. Ингэснээр манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гол амлалтаа хэрэгжүүлэх таатай боломж бүрдэж байна. Хэрэв АН амиа бодож, хамтарсан засгийн газраас татгалзсан бол ард түмэн зуун хувь хохирч үлдэх байлаа. Энэ бол маргашгүй үнэн. Хамтарсан засгийн газарт орсноор Ардчилсан нам хожоогүй байлаа ч ард түмэн хожсон гэдгийг эрхбиш ухаарах ёстой. Төрийн бодлого зөв газарт түмний итгэл аргамжаатай байдгийг хэрхэвч мартаж болохгүй.
Хоёр. Ардчилсан намын баримтлах бодлого, цаашдын зорилт

Эрхэм журмын нөхөд өө!

Монголд Ардчилсан нам байгуулагдаж үндэсний хэмжээний том нам болж төлөвших хүртэлх 20 жилийн хугацаанд та бид унаж босох, уруудаж өгсөх, “тугал хариулах, туг барих” ялагдал ялалт бүртээ хамт явж ирлээ. Энэ бол бид бүхний хэзээ ч үгүйсгэхгүй, хэн ч баллахгүй үнэн юм. Энэ бүхэнд Ардчилсан намын үе үеийн удирдлага ,лидерүүдийн сэтгэл зүтгэл, оюун ухаан, эрч хүч, эрэмгий зориг гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй ардчиллын галыг асаалцаж, амь насаараа дэнчин тавин тэмцэж ирсэн манай намын мянга мянган гишүүд, түм буман дэмжигчдийн маань хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. 2000 онд ардчиллын таван нам нэгдэж, өнөөгийн АН-ыг байгуулсан нь ардчиллын үнэ цэнийг баталгаажуулж, Ардчилсан хүчнийг хүчирхэгжүүлсэн бахтай үйл хэрэг байлаа. Гэвч эвийг зангидаж, хүчийг нэгтгэх алс хэтийн хүсэл зорилгоо тамга барьж, суудалд залрах ойр зуурын бодлоор хүлж, эвдэрч сарних, хагарч бутрах, урваж хөрвөхийн гайхамшгийг үзүүлж, намын даргын төлөө тамираа бартал тэмцэлдэж ирсэн нь яах аргагүй бидний эмгэнэл ээ.

Журмын нөхөд өө!

Бид ардчиллын хорин жилийн 16 жилд нь сөрөг хүчин болж, лааз өшиглөжээ. Лааз өшиглөх шиг амархан зүйл улс төрд байхгүй. Бид хэдийчинээ дотроо арсалдаж тэмцэлдэнэ төдийчинээ лааз өшиглөх хугацаа маань уртасна. Даргын суудалд улайрах нялхсын өвчин Ардчилсан намын тамирыг барж, ард түмний бухимдлыг төрүүлнэ гэдгийг та бүгд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх учиртай.Бидэнд дотроо үзэлцэхээс илүүтээ гадагшаа харж, шийдэх зүйл олон байна. Ядуурал хэмээх мангас биеэ үнэлэх, хүн худалдаалах, мансууран донтох зэрэг нийгмийн олон гаж үзэгдэл, аймшигт үр төлийг төрүүлсээр байна. Үндэстэн оршихын дархлаа болсон охид бүсгүйчүүд маань үе мултарсан харийн өвгөдийн өмнө өвдөг сөгдөж, монгол хүний үнэ цэнийг алдаж байна. Ард түмэн үмх мах, зүсэм талхаа олох гэж махран зүтгэж байна.

Бидний ирээдүй хойч болсон бяцхан үрс маань гудамжинд тэнүүчилж, нийгмийг үзэн ядах сэтгэлээр өсөж хүмүүжиж байна. Нийгмийн баялаг цөөн олигархийн гарт орсонд ард түмэн бугсан бухимдаж байна. Энэ бүхнийг засан залруулах, муу муухай бүхнээс ангижруулахыг ард түмэн хүсэн хүлээж байна. Чухам энэ бүхнийг шийдэхийн төлөө Ардчилсан нам Хамтарсан засгийн газарт орж ажилласан билээ. Хамтран ажиллаж байгаа болохоос ханилан суух, хашаанд нь багтах тухай хэн ч бодоогүй яриагүй, бодох ч ёсгүй, ярих ч учиргүй юм.Бид уриа лоозонтой, туг далбаатай, өлсгөлөн суулттай, трактор техниктэй, зөндөө жагслаа. Эцсийн эцэст аймшигт 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын гэрч ч болж үзлээ. Үүний төлөө Монголын ардчилагчид 20 жил гутлынхаа улыг эргэтэл тэмцээгүй билээ.Ийм ч учраас танай нам төр засагт шургалсан олигархуудыг хазаарлаж,ард түмнийхээ эрх ашгийн төлөө хяналт тавьж, хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллахаар шийдсэнийг Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүдийн дийлэнхи олонхи дэмжин баталгаажуулсан юм. Намынхаа удирдах дээд байгууллагын итгэлийг алдахгүйг хичээж, шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд УИХ- дахь АН-ын бүлэг, Засгийн газрын гишүүд эв эеийг эрхэмлэн, ард түмнийхээ язгуур эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, хардлага сэрдлэг, гүтгэлэгийг үл тоон, түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж байна.

Хувийн эрх ашгийг нам, ард түмний дээгүүр тавьж, суудалтай зууралдах явцуу сэтгэлгээнд хүлэгдсэн УИХ, Засгийн газрын нэг ч гишүүн манай намд байхгүй гэдгийг би бардам хэлж чадна.Засгийн газар дахь манай гишүүдийн хариуцсан салбартаа хийж байгаа ажил ард түмэнд мэдрэгдэж байгаа гэдгийг тэргүүн шадар сайдын хувьд, намын даргын хувьд итгэлтэй хэлнэ. Энэ бол суудлын төлөө бус хийхийн тулд Засгийн газарт орж ажилласан манай сайд нарын сэтгэл зүтгэлийн бодит үр дүн юм.

Манай намын УИХ болон ҮЗХ-ны зарим гишүүд АН засгийн газраас гарч, сөрөг хүчний орон зайгаа эзлэх хэрэгтэй гэж байна. Сөрөг хүчин болсноор бид юу хийх вэ? УИХ-ын үйл ажиллагааг гацааж, засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэнээр 2012 оны сонгуульд ард түмний итгэлийг хүлээнэ гэдэг их эргэлзээтэй. Юмыг нурааж унагах шиг хялбар зүйл байхгүй. Хамтарсан засгийн газраас гаръя гэвэл хамтын гэрээгээ хүчингүй болгоод л гүйцээ. Харин сэтгэлийн хөөрлөөр Хамтарсан засгийн газраас гарч, засгийн хямралыг бий болговол 2012 оны сонгууль хүртэлх ард түмний шүүмжлэлийг яаж, ямар аргаар илааршуулах вэ? гэдэг асуулт л тулгарна. Тэгэхээр Хамтарсан засгийн газарт орсны алдаа оноог өнөөдрийн бидний мэтгэлцээн биш маргаашийн сонгуульд тавих ард түмний дүн шийднэ. Тэр дүнг л харах хэрэгтэй.
Гурав. Хамтарсан засгийн газарт АН-аас санаачлан хэрэгжүүлж байгаа эдийн засгийн шинэтгэлийн бодлого, зорилт
Эрхэм журмын нөхөд өө!

Хамтарсан засгийн газар дэлхийн эдийн засгийн нийтийг хамарсан хямрал нүүрлэсэн, өмнөх ЗГ-ыг бодвол туйлын тааламжгүй орчинд үйл ажиллагаагаа эхэлсэн. Эдийн засгийн орчин хэцүү ч улс төрийн орчин тааламжтай байлаа.Эвсэж хамтран, бэрхшээлийг хамтын хүчээр сөрөхөөр шийдсэн үе байлаа. Түүхэн хариуцлагатай зурвас үед улс төрийн 2 том хүчин хамтарснаар удтал саатсан том том асуудлуудынхаа ард цэг тавьж эхэлсэн юм. 2009 оны дэлхий нийтийн тун зовиуртай давсан хямралыг Монголчууд харьцангуй богино хугацаанд тайван итгэлтэй давлаа. Олон Улсын Валютийн Сангийн үнэлгээгээр” Монголын ЗГ зөв арга хэмжээ авч чадсанаар өмнөхөөс хавьгүй сайн үзүүлттэйгээр хямралыг давлаа”гэж дүгнэлээ.

Энэ бол хамтарсан засгийн газрыг үнэлсэн хөндлөнгийн бодит дүгнэлт гэж ойлгож болно.Эрхэм журмын нөхөдөө 2220 жилийн төрт ёсны түүхтэй Монгол улс нийгмийн ардчилал, зах зээлийн тогтолцоонд нэг гараанаас гарсан хуучин соц орнууд, дундад азийнхан, их хөршөөсөө түрүүлж улстөрийн болон эдийн засгийн шилжилтийг зэрэг хийж чадсанаараа дэлхийд дууриал болж чадлаа. АН үүнийг манлайлж чадлаа. Ардчилсан хувьсгал нийгмийн оюун санааны хүнд үеийг даваад эдийн засгаа хүчирхэгжүүлэх, ядуурлаас гарахын төлөө 2-дахь том хувьсгалынхаа босгон дээр ирлээ.

Энэ бол ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ.

Энэ хувьсгалын амин сүнс нь үйлдвэржүүлэлт. Эдийн засгийн хувьсгалыг зөвхөн монголчуудын эв нэгдлийн хүч, үндэснийхээ баялагт тулгуурлан, шударга тэгш хүртээмжтэй хуваарьлалтын дор эзэн монгол хүн л хийж чадна. Түүхийн эдийн хавсарга болж хохирсон орнуудын гашуун туршлагыг давтахгүйн тулд бид баялгаа дотооддоо боловсруулж үйлдвэрлэх болно. Дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл бид олон зуун мянган ажлын байртай болно. Ажилтай монголчууд орлоготой болно. Орлоготой монгол амгалан, ирээдүйдээ итгэлтэй цээж тэнэгэр, харц дээгүүр алхах болно.Монгол охид, хөвгүүд их спортын амжилт, хүчирхэг оюунаараа дэлхийн чихийг дэлдийлгэж монголын сайхан охид хатадын зиндаанд очих болно. Оюу Толгой,Таван Толгой ажиллаж эхэллээ. Зөвхөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтаар 13,000 мэргэжилтэй ажилчдын эхний хэсэг бэлтгэгдэж эхэллээТаван Толгойн ордыг ашигласнаар 20 000 гаруй ажлын байр шинээр бий болно.

Цаашлаад Төмөртэйн төмрийн хүдрийн, Цагаан Суврагын зэс-молибдений, Асгатын мөнгө-холимог металлын, Ураны ордуудыг ашиглалтанд оруулснаар Монголчууд их баялагийнхаа шимийг хүртэх боломж бүрдэж байна. Ертөнцийн 70 гаруй улсыг дагуулсан далай их Чингис хаан ч ийм их баялагийг сонсоогүй байх. Таван толгойн 10 хувийг Эзэн Чингис хааны үр сад эзэмших эрхтэй боллоо. Энэ төслүүд хэрэгжснээр нэг хүнд оногдох ДНБ маань 6500 ам.доллар буюу, 2004 оныхоос 12 дахин өснө.

Ингэснээр АН-ын ард түмэндээ газрын баялагаас хишиг хүртээх “Эрдэнийн хувь”-ийн хэм хэмжээ жилээс жилд улам нэмэгдэж Монгол хүн болж төрсөнөөрөө бахархах бас эдийн засгийн хувьд эрх чөлөөт иргэн болох боломжтой болох юм. Үйлдвэржүүлэлтийн бодлогын хүрээнд 60 тэрбумын зээлийг 2761 ААН, иргэнд олгож 9200 гаруй ажлын байр шинээр бий болж, 839 ЖДҮ-үүд үүдээ нээж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
• Монголчууд бид Сайншандад боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барина. Үүнд коксын   Хар төмөрлөгийн
Нүүрс хийжүүлэх
Зэс хайлуулах
Барилгын материалын
Газрын тос боловсруулах үйлдвэр шинээр баригдах гэж байна.

• 1853 км урт төмөр замтай Монгол Улсад 5683 км төмөр шинээр зам барина.

• 100 мянган айлын орон сууц барина

• Түүнчилэн 8040 км авто замыг нэмж тавихаар болоод байна. Ингэснээр бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно.

Эдийн засгийн өсөлт дунджаар 15.8%-д хүрч өсөх боломжтой болж байна.2015 он гэхэд манай улсын ДНБ нь 2000 оныхоос 17 дахин өсөхөөр байна. Бид бяцхан үрсдээ сар тутам 10 000 төгрөг өгдөг байсан бол одоо монголынхоо хүүхэд бүрт улмаар иргэн бүрт сар бүр 21 000 төгрөг өгөхөөр боллоо. Цаашид бид монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох болно. Монгол түмний заяа, улс төрийн намын хариуцлага, улс төрчдийн билэгийн мэлмий энэ бүхнийг шийдэх юм.

Журмын нөхөд өө

Монгол түмний энэ яндашгүй баялгийг авилгачдын гараар олигархуудад өгүүлэхгүйн тулд харийнханд зувчуулахгүйн тулд Ардчилсан намаас төрсөн Ардчилсан Ерөнхийлөгчтэйгээ хамтран авилгалд идэгдсэн шүүх засаглалын хад чулууг хөдөлгөөнд оруулж чадлаа. Прокурор, шүүхийн тогтолцоо, авилгалтай тэмцэх газрыг бид шинэчлэхийн төлөө, олон түмнийхээ хүлээлтийг хангахын төлөө парламентийн танхимд ч, 4-дэх засаглалын түвшинд ч олон түмний дунд ч тэмцлээ чангаруулж байна. Баттай хэлэхэд тэмцлээ улам чангаруулах болно.

Эрхэм журмын нөхөд өө!

Намын даргаа баруун зүүнээ алдаж, ойд төөрсөн сармагчин гэсэнд нэг их эмзэглээгүй ч гэсэн бодлоо хэлэх нь зүйтэй байхаа. Төр байхад нам байна, нам байхад үзэл баримтлал байх нь мэдээж.Яршиг төвөг юмуу даа гэж боддог. Хэвлэл мэдээллээр намын даргаа баруун зүүнээ ялгахгүй гээд байгаа нөхдөд хэлэхэд УИС–д 10 жил багшилж, ардчлалыг эхэлүүлснээсээ хойш намын удирдлагад байж, улс төрийн тогоонд 20 жил чанагдаж, энэ сэдвээр дэлхийн олон орны намуудын удирдлагуудтай санал,туршлага солилцож явсны хувьд хэнтэй ч мэтгэлцхэд бэлэн байна.

Энэ асуудлыг АН-д ерөнхий нарийн бичгийн дарга байсан өмнөх үе, дарга байгаа одоо үедээ ч анхаарлаасаа холдуулаагүй гэдгээ илэрхийльеҮзэл баримтлалын огторгуйд хэт зүүний ортодокс коммунистаас хэт баруун фашист хүртэл спектрийн 6 өнгөд хуваадаг улс төр судлаачдын хатуу электраль ангилал даярчлалын эринд утгаа алдаж төөрөлдөхөөр жишээ олон болсоныг бид мэднэ.Өнөөгийн ардчилалын суурь зарчмыг боловсруулсан орнуудын зүүн төвийн намын мөрийн хөтөлбөрт барууны намын элемент сууж, барууны консерватив,либераль намуудын улс орноо хүчирхэгжүүлж, хувийн хэвшлийг дэмжиж, цэрэг зэвсгээ нэмдэг байр суурьтай мөрийн хөтөлбөрт нийгмийн халамж явж байгааг харахаараа нэг боллоо.Миний хүлээн зөвшөөрсөн, миний удирдаж байгаа энэ намын дүрэмд цагаан дээр хараар бичсэн, хүний жам ёсны заягдмал эрх, хувийн өмч, хувь хүний эрх ашиг, хүсэл тэмүүлэл, чинээлэг өрх гэрийг дэмжсэн, төр нь нээлттэй, хязгаарлагдмал оролцоотой, нийгэм нь нээлттэй, иргэнлиг, чөлөөт зах зээлийг дэмждэг тэр үзэл баримтлалыг хангаж байх нь чухал.Ийм ч учраас бид Монгол хүний хөгжил “Монгол хүн-2020” хөтөлбөрийг өнөөдөр ярих болно.

Би намын даргын хувьд байр сууриа илэрхийллээ. Энэ бол надаар дамжуулсан манай намын олон гишүүний үзэл бодол, үг хэл юм шүү.Бидэнд ололт амжилт их байгаа ярих цаг олдоно. Харин алдаа дутагдлаа цэгнэж, сэтгэлээ онгойлгож,ойлголцоход хугацаа хэрэгтэй. Гагцхүү нүүр нүүрээ харсан яриа үнэнд ойр, ажилд тустай байдаг аа. Сэтгэлээ цэлмэтэл ярилцан, мэтгэлцэж олонхиороо гаргасан шийдвэрээ дагадаг ардчилсан зарчмаа хатуу баримтлах ёстой. Журмын нөхөд өө Хурлын ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд ҮЗХ-ны энэ удаагийн хурлаас олон түмнийхээ хүлээлтэнд нийцсэн,ухаалаг, Ардчилсан намын үйл ажиллагаанд өгөөжтөй шийдвэр гарна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье. Монгол түмэн маань Ардчилсан намыг хөлөө жийлцэж хөгөө чирэх зам руу бүү халтираасай, эрхээ булаалдаж элэг доог бүү болоосой, эвлэн нэгдэж эрхэм зорилгоо ухамсарлан зүтгээсэй л гэж хүсэн хүлээж байна.Бид ард түмнийхээ итгэлийн гал болж, хөгжил дэвшил, ардчилал шударга ёсны төлөө Ардчилсан ерөнхийлөгчтэйгээ, ардчиллын баталгаа болсон гишүүд, дэмжигчидтэйгээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх болно гэдгээ дахин илэрхийлье!

Эвлэж нэгдэцгээе, хичээж зүтгэцгээе!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.