2010.11.22
Хоёр улс стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх шинэ зорилт дэвшүүллээ
Японы талын урилгаар төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 11 дүгээр сарын 19-ний өдөр Токио хотноо Япон Улсын Ерөнхий сайд Н.Кантай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Энэ удаагийн айлчлал Монгол, Японы ард түмний харилцан ойлголцол, итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, ялангуяа Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд идэвхижин хөгжсөн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, улмаар хоёр орны харилцааг цаашид Стратегийн түншлэлд хүргэж хөгжүүлэхэд чухал хувь оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлэв.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд Японы Засгийн газар, ард түмний дэмжлэг онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг Монголын ард түмэн төр засаг өндөр үнэлж талархаж байдгийг тэрээр тэмдэглэж, түүнийг Монгол Улсын төрийн тэргүүний хувьд төрийн зочноороо хүлээн авч, Цог жавхлант Эзэн хаан, түүний гэр бүлтэй уулзуулан, мөн Японы парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдаанд үг хэлүүлсэн нь Японы төр, засгийн зүгээс ардчилсан Монгол Улсын ард түмэнд үзүүлж буй хүндэтгэл хэмээн хүлээн авч, Монголын ард түмний нэрийн өмнөөс энэ хүндэтгэлд талархаж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлэв.
Япон Улсын Ерөнхий сайд Н.Кан Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал түүхэн чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японы парламентад хандаж хэлсэн үг нь Монгол-Японы өнгөрсөн хугацааны харилцаанд цэгц дүгнэлт өгч, хамтын ажиллагааны үндэс суурь, цаашдын хөгжлийн чиг хандлаггыг тодорхойлсон чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Кан хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг цаашид тогтмолжуулах, эдийн засгийн харилцааг идэвхижүүлж, харилцан ашигтай зарчимд шилжүүлэх, эрдэс баялгийн салбарт стратегийн хамтын ажиллагааны зарчмаар хамтран ажиллах, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг байгуулах хэлэлцээг богино хугацаанд амжилттай явуулах, хүмүүнлэгийн салбарын солилцоо, солё, боловсролын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2012 онд болох дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хамтран тэмдэглэх, мөн олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа нягтруулах, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр байр сууриа илэрхийлж, санал солилцов. Тэрээр Монголын тал 2010 оны 4 дүгээр сараас эхлэн Японы иргэд Монгол Улсад богино хугацаагаар визгүй зорчих шийдвэр гаргасанд талархалаа илэрхийлж, энэ шийдвэр нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүмүүс хоорондын харилцааг дэмжихэд чухал алхам болсныг тэмдэглэв.
Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Н.Кан нар Стратегийн түншлэл байгуулахад чиглсэн Монгол, Японы Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.
Энэхүү мэдэгдэлд Монгол Улс, Японы хооронд 1997 оноос эхлэн хөгжиж ирсэн иж бүрэн түншлэлийн харилцаанд түшиглэн хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх шинэ зорилт дэвшүүлж, энэ нь хоёр улсын харилцаа харилцан ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг уламбэхжүүлж, Азийн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засаг, байгаль орчин зэрэг хүрээнд хамтран ажиллахад чухал алхам болохыг дурджээ.
Энэхүү хамтарсан мэдэгдэлд дурдсанаар Монгол-Японы Гадаад харилцааны сайд нар жил бүр тогтмол уулзаж, зөвлөлдөж байхаар тохирсон нь Монгол Улсын зүгээс Гадаад харилцааны сайд нарын түвшинд жил бүр уулзаж байх тогтмол механизмтай болж буй анхны улс нь Япон улс болж буй юм.
Улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон энэхүү Хамтарсан мэдэгдэлд Японы “Шинэ хөгжлийн стратеги”-ийн хүрээнд хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, эрчим хүч, ХАА болон байгалийн гамшигтай тэмцэх Монголын албадаас 50 залуу мэргэжилтнийг 2011 онд Японд зочлуулах, 2012 онд болох Монгол,Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх зэрэг тодорхой асуудлууд ч тусгагдлаа.
Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа Японы Ерөнхий сайд Н.Кан гэргийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргийн Х.Болормаа болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийнг хүндэтгэн хүндэтгэлийн зоог барьсан бөгөөд уг зоогт Ерөнхийлөгчийг манай албан ёсны төлөөлөгчид, японы Засгийн газар, парламентын гишүүд оролцов. Зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Н.Кан нар энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол-Японы харилцааны эрчимтэй хөгжлийн шинэ үеийг нээсэн чухал үйл явдал болсныг санал нэгтэй тэмдэглэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Цог жавхлант Хааныг тааламжтай цагтай Монгол Улсад айлчлахыг урьж, мөн Ерөнхий сайд Н.Каныг ч гэргийн хамт Монгол Улсад айлчлахыг урив.
Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргийн Х.Болормаа нарын Япон Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.