УИХ-ын нэр бүхий гишүүд Асгатын мөнгөний ордын талаар санал хүргүүллээ
2010.11.24

УИХ-ын нэр бүхий гишүүд Асгатын мөнгөний ордын талаар санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод Асгатын мөнгөний ордын талаар санал хүргүүлсэн байна

Уг саналыг бүрэн эхээр нь нийтэллээ.asgat01

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА

Асгатын мөнгөний ордын тухай


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордыг Улсын Их Хурлын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан билээ.

 

Уг тогтоолын 4 дүгээр заалтаар стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ.

 

“Монголросцветмет” ХХК, ОХУ-ын Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Полиметалл” нэгдэлтэй хамтарсан “Асгатполиметал” ХХК-ийг үүсгэн байгуулж Асгатын мөнгөний ордыг 50:50 хувийн эзэмшилтэйгээр Полиметалл нэгдлийн хөрөнгө оруулалтаар ашиглахаар гэрээ, хэлэлцээ хийсэн боловч тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр цуцлагджээ.

 

Үүнээс хойш 3 жил гаруй хугацаанд Баян-Өлгий аймаг, баруун бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой уг ордыг эзэмших, ашиглах талаар тодорхой бодлого гаралгүй өнөөг хүрлээ.

 

Эрхэм Ерөнхий сайд Таны 2010 оны 12 дугаар сард ОХУ-д хийх айлчлалын үеэр “Монголросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн хурал Москва хотноо болохыг харгалзан асуудлыг богино  хугацаанд шийдвэрлэх зорилгоор  Танд  дараахь саналыг хүргүүлж байна.

  1. Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа Асгатын мөнгөний ордын 4 тусгай зөвшөөрлийг Засгийн газарт шилжүүлэн авч,  улмаар олон улсын нээлттэй тендер зарлах замаар хамтран эзэмшигчийг тодруулах шаардлагатай юм.
  2. Тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн авах асуудлаар  оросын талтай хэлэлцээ хийж, тохиролцох асуудлаар  Компанийн Монголын талын оролцогч Төрийн өмчийн хороонд үүрэг өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
  3. Тусгай зөвшөөрлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн авахдаа “Монголросцветмет” ХХК-иас Асгатын мөнгөний ордод 1993 оноос өнөөг хүртэл хийсэн хөрөнгө оруулалтын болон урсгал зардалд гаргасан  2,5 сая ам. долларыг тус компаниас улсын төсөвт ирээдүйд  төлөх татварт суутган тооцох замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

 

 

 

Хүндэтгэсэн

УЛСЫН ИХ ХУРЛЫНГИШҮҮН
Х.БАДЕЛХАН
Х.ЖЕКЕЙ
А.ТЛЕЙХАН
Ч.ХҮРЭЛБААТАР
Г.ЧОЙЖИЛСҮРЭН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.