Д.Дэмбэрэл: Засаглалын тансаглал бус иргэний орлого, амьжиргаа чухал
2010.11.24

Д.Дэмбэрэл: Засаглалын тансаглал бус иргэний орлого, амьжиргаа чухал

Манай сонин УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг “Өнөөдрийн зочин” буландаа  урьж, ярилцлаа. Чуулган, хуралдаан, төсөл, төсвийн хэлэлцүүлэг гээд цаг наргүй ажилтай тэрбээр бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй яриа өрнүүллээ.

dambareldarga-Та УИХ-ын гишүүдийн ёс зүйд нэлээд анхаардаг. Гишүүний ёс зүйн дүрэм, гадаадад томилолтоор ажиллах журмыг баталсан. Ёс зүйн дэд хороог бүрэн бүрэлдэхүүнтэй, дүрэмтэй болгосон. Яагаад Та ийн анхаарав. Болзошгүй юмнаас урьдчилан сэргийлэв үү, эсвэл гишүүд ёс зүйгүй үйлдэл гаргаад байна уу. Гишүүдийн ёс зүйн талаарх дүрэм, журам хэр хэрэгжиж байна?

-Ёс зүйн дүрмийг болзошгүй байдлаас сэргийлж бий болгодог. Түүнээс биш хэн нэгнийг шийтгэх, далайлгах, айлгах, болохгүй, бүтэхгүй нөхөд байна гэсэн тооцоогоор ёс зүйн дүрэм зохиодоггүй тийм л  зарчимтай.  Хуулиас арай өөр шаардлага тавигддаг. Харин Ёс зүйн дүрмийг зөрчлөө, гажуудууллаа гэх юм бол ёс зүйн хариуцлага л хүлээлгэнэ. Өндөр хөгжилтэй орнуудын Парламентын гишүүн Ёс зүйн дүрмээ зөрчсөн тохиолдолд түүнээсээ их эмээдэг. Монголын Парламентын хувьд Ёс зүйн дүрэмтэй болсон нь том амжилт. Зарим хүний ойлгодог шиг хариуцлага хүлээлгэх гэж дүрэмтэй болоогүй юм шүү гэдгийг бас хэлэх байна. Ёс зүйгүй явдал байна уу гэвэл байна аа. Ёс зүйн хороонд гишүүнийг дуудаад “Та ёс зүйгээ зөрчжээ, энэ чинь төрийн албаны шаардлагад нийцэхгүй байна” гэдгийг эхлээд сануулна. УИХ-ын гишүүдийг чуулгандаа суудаггүй гэдэг. Түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаад тавьчихаар тухайн гишүүн сандралд ордог шүү дээ.

Ёс зүйн дүрэмтэй болох хүртлээ бид урт зам туулсан.  Ёс зүйн дүрэмтэй болсон учраас гишүүд маань түүнээ дагах, түүнд захирагдах байх гэж найдаж байгаа. Зодоон хийнэ гэдэг ёс зүйн асуудал биш. Энэ бол хуулиараа шийдэгдэх гэмт хэрэг. Ажлаа тасалсан бол түүнийг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Хуульд харшлах энэ  мэт үйлдлийг Ёс зүйн дүрмээр харин хаацайлж болохгүй. Ёс зүйн шаардлагыг олон жил мөрдүүлж байж үр дүнд хүрнэ. Ёс зүйн дэд хороонд гишүүнтэй холбоотой гомдол бий. Ярих байх.

-Таныг бусдын бий болгосон ямар нэгэн бүлэглэлд харьяалагддаггүй, өөрөө ч бүлэглэл байгуулж бусдыг уруу татдаггүй гэж хүмүүс үздэг. Энэ бүлэглэл гээч юм УИХ-ын үйл ажиллагаанд түвэг учруулдаг уу?

-Бүлэглэлүүд зохисгүй үйл ажиллагаа явуулах юм бол УИХ-ын төдийгүй манай төрийн тогтолцоонд сөрөг үр дагавартай. УИХ-д суудалтай намуудаар дамжиж улс төрийн бодлого хэрэгжих ёстой. Ялангуяа боловсон хүчний асуудалтай холбоотойгоор бүлэглэлүүд төрийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулах явдал Парламентад бий. Мөнгө, эрх мэдлээр сүлжигдсэн бүлэглэлүүд төр барих хэмжээнд хүрч, нөлөөгөө үзүүлбэл Үндсэн хуулийн аргаар төр барьж байна уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө  шүү дээ.

Намын гишүүн мөн л юм бол УИХ дахь намын бүлэгтээ багтаж, бүлэг нь төрд төлөөлөх эрх эдэлж, хариуцлагаа хүлээх ёстой. Бүлэглэлийн эрх ашигт аль нэг нам автах нь  намдаа ч, төрд ч нэн хортой учраас бүлэглэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас надад бүлэглэл байдаггүй, байх шаардлагагүй.

-Таныг УИХ-ын чуулганы нээлт дээр авлига, хээл хахуулийн талаар хатуухан хэлсний дараа чухам хэнийг хэлээд байна, нэрлэж болохгүй юу гэх үгс дуулдаж байсан. Манайд сөрөг үзэгдэл, үйл ямар хэмжээнд байх шиг санагддаг вэ? Танд яаж мэдрэгдэж байна.

-Авлигын асуудлаар бидний хийсэн томоохон судалгаа бий. Монгол Улс авлигын эсрэг үзэл баримтлалтай, хуультай, олон улсын конвенцэд нэгдсэн орон. Тэглээ гээд авлига саарахгүй байна. Авлигын тухай, авлигчдын талаар би хэлсээн. Хэнийг хэлээд байгаа нь угаасаа тодорхой шүү дээ. Хэнийг хэлээд байна, нэрийг нь хэлээч гээд байгаа хүмүүс чинь л өөрсдөө байхгүй юу. Тэгээд л сэртэсхийж байгаа нь тэр. Манай улсад авлигын нөхцөл байдал хүндэрсээр байгаа нь үнэн. Авлигатай холбоотойгоор сонин хэвлэлд бичигдэж байгаа төрийн албан хаагч цөөнгүй. Авлигад холбогдож байгаа нь түүнийгээ няцаахгүй, авлига аваагүй гэдгээ хуулийн болон хяналтын байгууллагаар  нотлуулахгүй байгаа чинь л асуудалтай. Би тэр хүмүүсийг хэлж байна. Монголд ажилгүйдэл, авлига, ёс зүйгүй байдлаас иргэд маш их бухимддаг болсон гэдгийг би хэлсэн. Энэ гурван зүйлээс ангижирч чадвал төр нэр хүндтэй, Монгол Улс хөгжил, дэвшлийн шинэ шатанд гарлаа гэж зоригтой хэлчихэж болно. Сөрөг үзэгдэл их байна. Түүн дээр дөрөөлж төр лүү дайрах нь бүр ч их боллоо. Ийм байдалд хүргэлцсэн хүмүүс ч үүн дээрээ улс төр хийж амьдардаг болсон.

-Таныг НХХ-ийн сайд байхад төрийн байгууллагын ажилтан, ажилчдын цалин нэмэгдэж байсан. Сая ч нэмэгдлээ. МАХН-ын болон  Засгийн газрын мөрийн хөтөлбөр үүнийг гурав дахин нэмэхээр тусгасан. Цалин нэмэх явдал ашиг тусаа  өгөв үү. Хүмүүсийн амьдралд нэмэр болж байна уу?

-Засаглалын тансаглал бус иргэний орлого, амьжиргаа чухал. Цалин бол монгол хүний үнэлэмжийн мөнгөн илэрхийлэл. Монголчуудын бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, өгдөг үнэ дэлхийн зах зээлийн жишигт хүрчээ. Мах, шатахууны үнэ ч олон улсын жижиглэнгийн үнэтэй бараг адилхан болж. Гэтэл хүмүүсийн орлого өчүүхэн түвшинд үлдэж байна. Үүний хооронд асар их зөрүү бий боллоо. Яагаад иймд хүрэв. Бид бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй, инфляц хөөрөгдөхгүй гэж олон жил бүсээ чангалж ирэхдээ хөдөлмөрийн үнэлэмжийг орхигдуулсан юм. Манай төрийн албан хаагчдын дундаж цалин 250 доллар л байгаа шүү дээ. Цалингаас цалинд зээлээр хүрдэг. Ийм юм чинь монгол хүн ядрах нь аргагүй. Барааныхаа үнийг буулга гэж төр захиргаадах боломжгүй. Хүний хөдөлмөрийг ингэж бага үнэлэхээр дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй, хумигддаг. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь иргэний орлоготой холбоотой.

 

Тийм ээ, сайд байхдаа монгол хүний сарын цалинг нэг сая төгрөгт хүргэх хэрэгтэй гэж хэлсэн. Төрөөс цалин нэмэхээр дотоодын 20-иод мянган аж ахуйн нэгж  ажилчдынхаа цалинг өгч чадахгүй дампуурна гэдэг. Уг нь ажилчдынх нь орлого нэмэгдээд ирэхээр тухайн үйлдвэрлэгчийн эдийн засгийн чадавхи дээшилж хөгжинө дөө. Чанартай бүтээгдэхүүн гарна. Манай улсад сүүлийн 20 жилд үйлдвэрлэл яагаад хөгжөөгүй юм.  Анхнаасаа л хүнээ дэмжсэн бодлого явуулаагүй байхгүй юу. Үнэ, цалин нэмэхээр л инфляц өснө гэж хашгиралцсаар алдсан юм.

 

Монголчууд гадаадад гарч ажиллаж байна. Залхуудаа биш шүү дээ. Цалин бага учраас. Сая төгрөгийн цалин авахын төлөө өдөрт 12 цаг ажилладаг. Тийм хэмжээний цалинг Монголдоо авдаг болчихвол гадаадад гарахгүй. Хүнийг хөдөлгөдөг эдийн засгийн хамгийн гол хөшүүрэг бол орлого шүү дээ. Одоо сард 100 долларын цалин өгөөд яаж бизнес хөгжих билээ. Эхнээсээ менежментээ буруу хийх нь эрсдэл авчирдаг. Монголын эдийн засаг стандарт бус байна. Хөдөлмөрийн бүтээмжээр биш, үндэсний орлогын өсөлтийг баримжаалан асуудалд би ханддаг. Хүний бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн бодитой зүйл бол хийснийг нь урамшуулах л асуудал. Төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмлээ гээд тэд “цалингийн зээл”-ээс салахгүй. Уг нь хүний хөдөлмөрийн хөлс өөрийг нь болон ар гэрийнхнээ тэжээхэд хүрэлцдэг байх ёстой. Энэ бол өнөө үед хөдөлмөрийн бүтээл гэхээс илүү хөлсний тухайд баримтлах гол зарчим. Гэтэл одоо гэр орноо байтугай өөрийгөө тэжээж чадахгүйд хүрсэн. Тийм учраас 30 хувийн нэмэгдэл юу ч биш. Гурав дахин нэмэх ёстой. Тэглээ гээд манай эдийн засаг сүйрчихгүй ээ.

Ажил олдохгүй байгаа үед ядуу иргэнээ төр нь хөсөр хаяж болохгүй

-Цалин хөлс нэмэгдэхийн хэрээр бараа, үйлчилгээний хөлс дагаад нэмэгддэг. Орлого, зарлага зэрэг өсчихөөр үр дүн бага байна. Үүнийг төр зохицуулж чадахгүй байх шиг. Яах ёстой вэ?

-Цалин нэмэхээр л бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм биш. Хөдөлмөрчдийн худалдан авах чадвар бага учраас бараа бүтээгдэхүүний эрэлт бага, үүнийг дагаад нийлүүлэлт ч бага, энэ нь үнийн өсөлт дагуулдаг. 30 хувийн цалин инфляцыг 30 хувиар өсгөхгүй. Өөр өсөлт байгаад байгаа юм. Жишээ нь инфляц өснө гэж зарладаг явдал. Инфляц өсөөд байгаа бол харин цалинг өсгөх ёстой. Гурван жилийн дотор цалин нэмээгүй байхад инфляц 30 хувиар өсч л байсан. Түүнийг саяын 30 хувийн өсөлтөөр арайхийн дарлаа. Харин учиргүй их мөнгөний нийлүүлэлт бий болбол инфляц өсдөг. Одоогоор манай улсад тийм их мөнгөний нийлүүлэлт гараагүй байна. Цалинг 30 хувиар нэмэхэд инфляц 10 хувиар л өсөх биз. Тэгэхээр 20 хувь нь иргэнд цэвэр орлого болно.

Хөдөлмөрийн хөлс бага, татварын бодлогын гажгаас ядуу, хоосны ялгаа нийгэмд ихсэхэд нөлөөлсөн. Энэ заагийг багасгахын тулд нийгмийн халамжийн бодлого түлхүү хэрэгжүүлж эхэлсэн. Ажил олдохгүй байгаа ядуу иргэнээ төр нь хөсөр хаяж болохгүй.

-Оюутолгойн гэрээний талаарх сөрөг агуулгатай яриа намжихгүй байх юм. Тэр гэрээний талаар Та ямар бодолтой байдаг вэ. Гэрээг шүүмжлэгчдийн үгэнд хэрхэн ханддаг вэ?

-Анх батлагдах үеэсээ нэлээн  асуудал дагуулсан шүү дээ. Оюутолгойн гэрээг УИХ хуулиар батлах ёстой гэхэд нь үгүй л гэсэн. Аж ахуйн гэрээг УИХ батлах ч шаардлагагүй. Яагаад Засгийн газраар батлуулахаар УИХ гэрээний төслийг буцаагаад байсан бэ? Зохих шаардлагуудаа тавьсан. Засгийн газрын гэрээ хуульд нийцэхгүй, буруу гэх буюу ер нь эцсийн үр дүнг авч үзэх эрхээ УИХ өөртөө үлдээсэн нь тэр. Гэрээг баталж байх үед би Засгийн газарт хэлж байсан. Оюутолгойгоос зэс цухуйх юм бол Засгийн газарт баяр хүргэнэ. Хэрвээ гэрээний гууль, зэс цухуйх юм бол Засгийн газар хариуцлагаа хүлээнэ шүү гэж. Одоо гэрээний нөхцөл болоод техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт хийх цаг ойртоод байх шиг. Тэгсний дараа болох, болохгүй нь тодорно. Тийм боломж байгаа. Хөрөнгө оруулагч тал гаргасан хөрөнгөө нөхсөний дараа Монголын талд 50-иас доошгүй  хувь ногдоно гэх зэрэг гэрээтэй холбоотой УИХ-ын хэд хэдэн тусгай шаардлага Засгийн газарт тогтоолоор тавьсан. Түүнээс бус УИХ өдөр бүр Засгийн газрын ажлыг нь хийлгэхгүй, яншаад байх нь зохисгүй биз ээ.

-Энэ гэрээ төр, засгийнханд ямар сургамж үлдээв. Одоо Тавантолгойн гэрээг байгуулах ёстой…

-Бид туршлагагүй явж иржээ. Ашигт малтмалын тухай хуульд Монголын тал 34 хувийг эзэмшинэ гэж урьд заасан заалт ашигт малтмалын онцлог, нөхцөл, ашиг олох боломжийг нарийвчлаагүй, тооцоогүйн гай. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ гэж толгойгоо гашилгаж байсан үеийн юм л даа. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулна гэх зэрэг хэд хэдэн бодлогогүй заалт байсныг Оюутолгойн гэрээ байгуулагчид тун ч сүрхий ашигласан. “За” гэж гэрээ байгуулчихаад түүнээсээ олон дахин буцах нь тухайн улсын олон улс дахь нэр хүндэд их халтай байдал үүсдэгийг гэрээлэгчид бас ашигласан. Энэ бол маш том сургамж. Байдлаас сургамж авч, уран болон цөмийн эрчим хүч ашиглах тухай хуульдаа Монголын тал 51 хувь эзэмшинэ гэж оруулсан.

34 хувийн тухайд одоо ч маргаан тасардаггүй. Жижиг хөрөнгө оруулагчдын хувьд энэ хувь байж болох юм.  Яагаад гэвэл орд бүхэн Оюутолгойтой дүйцэхгүй. Энэ хувь хэмжээг дахин авч үзэх хэрэгтэй. Бид ч тодорхой туршлагатай боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээг цаашдаа Засгийн газар байгуулна. Тийм учраас төр засгийн түвшинд мэргэжлийн хүмүүс, чадварлаг боловсон хүчнийг бодлогоор сайтар бэлтгэх цаг болсон байна. Мэргэжлийн бус хүмүүс Ажлын хэсэгт цөөн орсон нь эргэлзэх, гэрээ муу хийгдсэн  бас нэг шалтгаан байж болох юм. Эх орондоо ашигтай байдлаар гэрээ хийе гэж тэд бодсон байх л даа. Гэхдээ л мэргэжлийн ур чадвар дутсан байхыг үгүйсгэхгүй. Өөдрөг сэтгэлээр бодвол энэ. Тавантолгойд дээрх сургамжийг Засгийн газар анхаарч байгаа гэж найдъя.

-Уул уурхайн салбарт, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжийг Монгол Улсын төр хуулийн хүрээнд ажиллуулах гээд хүчирдэггүй бололтой юм. Энэ тухайд юу хэлмээр байна?

-Гадаадын аж ахуйн нэгжүүдийг хүчрэхгүй байна гэдэг энгийн ухамсрын үг биз ээ. Хууль, эрх зүйн хүрээнд хийгдсэн гэрээнд хоёр тал захирагдана. Ам алдвал барьж болдоггүй гэж манай ард түмэн ярьдаг. Тийм учраас гэрээ хэлцлийг сайтар боловсруулж, бодож төлөвлөж байж хийх ёстой. Дуртай цагтаа төр хуулиа засаж, гэрээг хүчингүй болгоно гэдэг ойлголт хамгийн хэцүү, муу хувилбар, хөрөнгө оруулагч талаас хууль зөрчсөн ноцтой үйлдэл байвал бид шийдвэртэй арга хэмжээ авч болно. Хүч хүрэхгүй байна гэж хэлдэг хүмүүс төрийнхөө эсрэг биш, төртэйгээ хамжаад ажиллахгүй юу, хүч хүрэх л болно шүү дээ.

-Монголын хөдөө эзэнгүй орхигдоод байна уу даа гэж бодогдох болов. Төрийн хараа хяналтаас хол газар нутагт эрдэнэс хайгчид дураараа дургиж байгаа нь нууц биш шүү дээ. Хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд төрийн эрх барих дээд байгууллага анхаарч байна уу. Ер нь энэ мэт асуудлаар төр, засаг далайцтайхан кампанит ажил өрнүүлмээр санагддаг юм.

-Далайцтай кампанит ажил нэрээр төр хүч хэрэглэж болохгүй. Төр тэгж хандахгүй. Хүмүүсийн орлого бага, хүн амын нэлээд хэсэг нь ажилгүй байгаатай холбоотой нийгмийн цаг зуурын нэг үзэгдэл энэ. Ажил, орлоготой байх үүднээс хувиараа ашигт малтмал олборлож байгаа хүмүүсийн асуудлаар кампанит ажил гэхээсээ ойлгуулах ажил хийх хэрэгтэй. Хөдөө эзэнгүй гэж үзэхгүй. Тэнд чинь орон нутгийн засаг захиргаа гэж юм бий шүү. 20-30 хүн гар аргаар ашигт  малтмал олборлож байхад зохицуулаагүй мөртлөө 200-300 болохоор нь давхиж оччихоод тэднийг хүчрэхгүй байна гэж болохгүй. УИХ-ын зүгээс холбогдох хууль гаргаж өгсөн. Энэ дагуу ажлын зохион байгуулалт хийгдэхгүй байна. Орон нутгийн  удирдлага, холбогдох яам, агентлаг хуулийн хүрээнд ажлаа урдаас бодож сайн зохион байгуулах хэрэгтэй.

-Ингэхэд УИХ, гишүүд хариуцлагатай байж чадаж байна уу. Захиалгаар хууль батлуулдаг явдал байгаа юм биш биз. Иргэний хөдөлгөөнийхнийг гадаадын зарим хөрөнгө оруулагч тэгж доромжилсон тухай ярьж байна шүү дээ. Төр нь дийлэхгүй харийнхны эсрэг эх орон, эх дэлхийдээ хайртай иргэд тэмцэж эхэлж байгааг нийгмийн олонх буруутгахгүй байх шиг байгаа юм.

-Тийм ээ, хууль болгон захиалгатай. Тэгэхдээ хуулийг нийгмийн захиалгаар баталж, мөрдүүлдэг. Нийгмийн харилцааг зохицуулахын тулд холбогдох яамнаас хуулийн төсөл оруулж ирдэг. Үүнийг  нийгмийн захиалга гэж ойлгодог. Тэр дагуу Парламент хууль баталдаг.  Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн захиалгаар ийм хууль баталжээ гэсэн тодорхой жишээг би хэлж мэдэхгүй юм. Харин тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд тийм хууль нийцсэн юм биш үү гэвэл түүнийг үгүйсгэх аргагүй.

Оюутолгойн гэрээг захиалгаар байгуулсан гэж хардах хүн байдаг  юм.  Тийм баримт нотолгоо байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрх нээлттэй. Энэ том бүтээн байгуулалтын ажил чинь өөрөө нийгмийн захиалга, хөгжлийн түрэлт юм шүү дээ. 75 гишүүнийхээ нэг хэсгийг хардах бодол надад төрдөггүй. УИХ-ыг хяналтгүй гэвэл бүр худлаа. Ард түмэн хяналтын эрхтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Парламентын үйл ажиллагааг 100 гаруй сэтгүүлч сурвалжилдаг. Зарим сувгаар гадаад, дотоодгүй УИХ-ын үйл ажиллагааг шууд дамжуулдаг. Ийм ил тод, нээлттэй байхад хэн нэгний  захиалгаар УИХ хууль батлаад байхгүй нь ойлгомжтой биз. УИХ-ыг хардах хандлага бий л дээ. Бизнес эрхэлж байгаад гишүүн болсон хүн цөөнгүй. Тэднийг гэмтэй гэж харддаг хүмүүс баталгаа гаргаж ирэх ёстой. Тэгээд шалгуул. Энэ бас нээлттэй.

Мөнгө, өнгөний хүч хуулийг давах аюул нүүрлэж байна

-Гүйцэтгэх засаглалд тавих хяналт сул байна гэх шүүмжлэл байнга гардаг.  Энэ нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хууль гараад байгаагаас болж байна уу, эсвэл Засгийн газар муу ажиллаж байна уу? Засгийн газрын үйл ажиллагааг хууль хэрхэн хэрэгжүүлж буйгаар нь хэмжинэ гэж Та намрын чуулганы нээлт дээр хэлсэн.

-Харин ч эсрэгээрээ УИХ бүхнийг мэдэж байна. Гүйцэтгэх засаглалын ажлыг өөр дээрээ аваад, 76 аюултай этгээд байгаа юм биш үү? Засгийн газарт гүйцэтгэх чанар гэж байх учиртай. Тийм учраас гүйцэтгэх засаглал гэдэг юм. Энэ үүргийнх нь дагуу хууль хэрэгжүүлж ажиллахыг л сануулсан. УИХ бол хууль тогтоох байгууллага. Ер нь ч хэрэгждэггүй хууль гэж байдаггүй юм даа. Харин хуулийг буруу хэрэгжүүлж байгаа талаар иргэд ярьдаг, гомдол мэдүүлдэг. Хуулийг зөв хэрэглэж чадахгүй байгаагаас үүдэлтэй маргаан, гомдол санал маш олон. Асуудал шийдвэрлэх эрх мэдэлтэнтэй энэ бүхэн шууд холбоотой. 10 мянган төгрөг нуугаад авчихсан ядарсан иргэн 10 жилийн хорих ял авч байхад хэдэн тэрбумаар идэж уусан этгээд тансаг орчинд умбаж байна гэж ярьж, асуудаг. 10 мянган төгрөг хулгайлсан хүнд айхавтар үйлчилж байгаагаараа хууль хүчтэй, хэрэгждэг болохоо харуулж байна. Энэ чинь өнөө л шударга ёс алдагдсаны нэг илрэл. Мөнгө, өнгөний хүч  хуулийг давах гэж байна. Уг нь хуулийн хүч их байх ёстой. Тэгэхээр мөнгөөр асуудлыг шийддэг шударга бус явдлыг  монголчууд  хамтын хүчээр зогсооё, түүний эсрэг тэмцье. Тэгээгүй тохиолдолд хууль хоёр нүүртэй байх л болно. Энэ бол манай нийгмийн том гажиг. Авлигад идэгдсэн оронд нэг хэсэг хүнд хууль үйлчилдэггүй нь жам ёсных шүү дээ. Авлигын  эсрэг үг хэлсэн хүн ад үзэгдэх нийгмийн тийм түвшинд бид амьдарч байгаа нь үнэн. Мөнгөний хүчийг сааруулах ёстой. Хууль байгаагийн хүчинд тодорхой хэмжээнд асуудлыг даамжруулахгүй барьж байдаг тохиолдол олон.

Хууль хэрэгжихгүй байна гэж зарлаад байдаг нь хуулийн хэрэгжилтэд хамгийн ноцтой үр дагавар үзүүлдэг. Уулзалт цуглаан болгонд тэгж зарладаг хүмүүс бий. Тэгэх нь хуулийг битгий хэрэгжүүл гэдэгтэй адилхан сонсогддог. Харин хууль хоёр нүүртэй хэрэгжиж байна шүү гэвэл өөр хэрэг. Хоёр нүүртэй гэдэг нь өнгө, мөнгөнд хууль идэгдэж байна гэсэн үг.

-Сонгууль шударга бус болдог гэж үзвэл энэ нь юундаа байна вэ?

-Сонгууль шударга бус болох нь эхлээд Парламентын нэр хүндийг унагах болдог. Мөнгөнөөс болж л сонгууль шударга бус болдог. Сонгуулийн авлига гэж тусдаа юм бий болчихсон. Санал худалдаж авдаг нь иргэнд тодорхой болохоор сонгуулийн авлига байгаа нь баталгаатай. Сонгогчид нэр дэвшигчдээс дараалан мөнгө нэхдэг. Та надад юу өгөх гээд байна гэх ухааны байдлаар ханддаг нь нууц биш болсон шүү дээ. Дараа нь боддог шиг байгаа юм. Энэ чинь юу билээ гэснээ  Парламентад, мөнгө тарааж сонгогдсон гишүүддээ уур нь хүрч эхэлдэг. Мөнгө хардаг, тараадгаа л больчих хэрэгтэй. Шударга сонгууль явуулдаг болчих юм бол малчин, тариачин, сайд, дарга хэн сонгогдох нь чухал биш. Мөнгөний хойноос хэтэрхий шунах, өнгө мөнгөөр асуудлыг шийдэх нь төр засгаа л хэврэгшүүлж байгаа нь тэр. Сонгуулийн хариуцлагын тогтолцоо ямар байхаас асуудал шалтгаална. Сонгуулийн авлигыг хуулиар хаах ёстой. Сонгуулийн үеэр шоуддаг, бараа таваар тараадаг байсныг өмнөх хуулиар хориглосон юм.

-Сонгуулийн пропорциональ тогтолцоог авах талаар намууд тохиролцоод байсан ч сүүлдээ холимог хувилбарыг сонгож таарах нь шиг байна. Яагаад замын дундаас эргэж буцах болов. Олигархууд өөрсдөдөө зориулж л арай дөнгүүр тогтолцоог саармагжуулж орхилоо гэвэл Та санал нийлэх үү?

-Бохир арга хэвээр байгаа нөхцөлд сонгуулийн ямар тогтолцоо байх нь нэг их чухал биш. Ард нийтийн хариуцлагаас их зүйл хамаарна. Сонгуулийн үр дүн бол сонгогчдын өөрсдийн л бүтээгдэхүүн-УИХ-ын гишүүд юм шүү. Чанаргүй зүйл үйлдвэрлэвэл гарсан бүтээгдэхүүн гологддог. Түүнтэй л адил. Сонгуулийн хариуцлагыг нэлээд чамбайруулсан хууль батлагдана гэж бодож байгаа. Манай сонгогчид ч сонгуулийн үед хариуцлагаа ухамсарлах цаг ирсэн шүү.

Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлж сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн зүйл одоогоор алга. Энэ бол болгоомжлуулж байгаа хэрэг байх. Янз бүрийн санал бий. Сонгогчид тодорхой хүн сонгож, тэдэнтэйгээ уулзаж, санаа бодлоо хуваалцан холбоотой байхыг хүсдэг. Сонгогчдынхоо шууд сонголтоор гарч тэдний дунд гишүүн нь ажиллаж амьдрахыг л мажоритари гэдэг. Парламентдаа суучихаад л тойрогтоо ажиллахаар яаран явцгаадаг. Англи, АНУ-д ийм л байдаг.

Пропорциональ тогтолцоогоор бол намын санал авсан хувийг харгалзан хүмүүсийг сонгодог. Энэ тогтолцоогоор гишүүн, сонгогчийн холбоо холдох хандлага бий болдог. Өнөө үед гишүүдтэйгээ хариуцлага тооц гэж ард түмнээс шаардаад байгааг хэрэгжүүлэх тун амархан. Пропорциональ тогтолцоог авчихъя. Гишүүн дутагдал гаргасан бол нам нь татаж аваад дараагийн хүнээ оруулна. Сонгуулийн тогтолцоог сонгохдоо ард иргэдийн төлөөллийг хангасан байх шаардлага, нөгөө талаар санал нэг бүрийг тооцон хувь тэнцүүлэн хуваарилах аль алийг нь хослуулъя гэвэл холимог тогтолцоог авъя. Тодорхой хэлбэл одоогийн 26 тойргоос 26 гишүүн ард түмнийг шууд төлөөлөн сонгогдох, үлдэх хэсгийг намуудын авсан саналыг харгалзан 26:50 гэсэн сонголт хийх гэсэн санал бий. Үүнд ямар нэгэн этгээдийн эрх ашиг байхгүй. Эрх ашиг, сонирхлоос болж хууль саатаад байгаа зүйл байхгүй. Олигархи гэх юм бол мөнгө ихтэй учир тэдэнд аль нь ч ашигтай.

-Та Монголын байнгын ажиллагаатай Парламентад эхнээс нь өдийг хүртэл ажиллаж буй цөөн хүний нэг. Парламентын засаглалыг бид сонгосон нь  алдаа биш байх, харин Парламентын хэлбэрийн тухайд хоёр танхимтай байвал ямар бол?

-Дээд, доод хоёр, бүр гурван  танхимтай ч бай авлига байсаар байвал ялгаагүй шүү дээ. Төрийн ямар ч тогтолцоог авлига иддэг. Хоёр шатлалтай болоод авлигаас мултарна гэвэл худал. Нэрлэсэн дутагдлаас салж чадвал нэг танхим хангалттай. Ер нь бол тогтолцоондоо ч байгаа юм биш. Парламентын тогтолцоонд ард түмэн бурууг үүрүүлэхгүй байх. Дөнгөж 20 жил болж байна. Төлөвших явцдаа л байна. Тийм учраас яаран дүгнэлт хийх нь эртэднэ. 1990-1992 онд байнгын ажиллагаатай УБХ-ын дээр АИХ байсан нь тухайн түүхэн завсрын үеийнх юм.

Манай төрийн “гурамсан” тогтолцоо ончоо олсон зүйл. Гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн тодорхой эрх, үүрэг, хууль тогтоох байгууллагатай зэрэгцээ байж л байна. Хоёр том хөрштэй, дэлхийн томоохон орнуудын сонирхол Монгол руу хандаж, идэвхжсэн үед бие биеэ нөхөж байх энэ хэлбэр чухал юм. Энэ тогтолцоо Монгол Улсыг авч явах нэг давуу тал төдийгүй их ухаан юм шүү. Монголчууд бид төрөө авч явах монгол ухаан, уламжлалтай гэдэг нь 1992 оны Үндсэн хуулийг батлах үедээ тогтолцоонд засаглалын эрх үүргээ сайн хуваарилж чадсаных юм. Оюутолгойн маргаан яваад байгаа. Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй бол Парламент татаж аваад асуудлаа ярих эрхтэй. Шаардлагатай гэвэл Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулан асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.

-Нэг хүн УИХ хийгээд  Засгийн газрын гишүүн байх нь ямар вэ. Ажилд дөхөмтэй байна уу. Эсвэл хориг саад болоод байна уу?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь зохисгүй ээ. Яах вэ, Ерөнхий сайдаас гадна ганц хоёр сайд нь УИХ-д байж болно. Уг нь Засгийн газрын гишүүдийн 30 хүртэл хувь нь УИХ-ын гишүүн байна гэсэн хуультай байсан юм. УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллах нь УИХ-ын гишүүний ажиллах боломжийг ихээхэн алдагдуулж байгаа. УИХ-д асуудал танилцуулах болохоор УИХ, Засгийн газрын гишүүн чинь Засгийн газрынхаа талд асуудлыг ярьдаг. Тэгэхээр Засгийн газарт тавих хяналт, Парламентын хууль тогтоох үйл ажиллагааг давхар сулруулчихаж байгаа юм. Үүнийг би буруу гэж үздэг, цаашдаа анхаарч засах хэрэгтэй. 30 хувь ч ихдэнэ дээ.

-Тэгвэл таныг УИХ-ыг удирдаж байх үед хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй юм биш үү?

-Хуулийн зохицуулалт хийж болно. Дараагийн Засгийн газар байгуулахад мөрдүүлэхээр хуульчилж болно. Шууд хэрэгжүүлнэ гэвэл хамтарсан Засгийн газраа “нурааж”, улс төрийн тогтвор муутай байдалд шилжинэ. Энэ нь хамтарсан Засгийн газартайгаа байх, аль эсвэл хяналтын механизмтай байх хоёрын аль нь өнөөгийн нөхцөлд илүү үр дүнтэй вэ гэдгийн сонголт юм. Иргэд сайн бодоод үзэг.

-Орон нутгийн эрх мэдэл хэтэрхий хязгаарлагдмал байна гэх яриа тасрахгүй байна. Үнэндээ ч нэг сумын дунд сургуулийн дээврийг засах асуудал УИХ, Засгийн газарт хүрч байж шийдэгдэж байх нь зөв үү?

-Төсвийн орлого нэмэгдэж байгаа. Мөнгөтэй болж байгаа шүү. Хүн ам цөөтэй, баян орон болох нь гэж биднийг хэлээд байгаа.  Өмнө нь байхгүйн зовлон байсан бол одоо байгаагийн зовлон гэх нь холгүй болж. Мөнгө их орж ирэхийн хэрээр түүнээс чинь хуваалцъя гэх хүн даан ч олон болсон. Бас хуваалцах ажилд оролцож чадахгүй байгаадаа харамсан бухимдаж, хардлага, сэрдлэгээр УИХ-ыг дайрах, давшлах хүн олон болсон нь ил тод харагдаж байна. Бид орон нутгийн төсвийн эрхийг нэмэгдүүлнэ ээ. Гэхдээ шалгуур тавина шүү. Эхлээд ямар ажил үүргийг орон нутаг гүйцэтгэх, хүлээх хариуцлагыг нь тодорхой болгоно. Дээвэр, цонх, хаалга засах эрхээ УИХ-аас авчихлаа, эрх мэдэлтэй боллоо гээд төсвийн хөрөнгийг будаа шиг цацуулахгүй.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлагдахаас өмнө орон нутагт санхүүгийн эрх мэдэл өгч үзсэн ч үр дүнтэй болоогүй. Төсвийн хөрөнгийг буруу зүйлд зарцуулбал албан тушаалын хариуцлага тооцдог хэлбэрийг эхлээд тодорхой болгоно. Энэ жилээс орон нутагт их мөнгө хуваарилагдаж байна. Яваандаа аймаг, сумын ИТХ нь тогтоосон хязгаарт, тодорхой татварыг орон нутгийнхаа түвшинд өөрөө тогтоодог болох хэрэгтэй. Үндсэн хуулиар  болон бусад хуулиар олгогдсон эрх нь өнөө ч тэдэнд бий. Нэмж эрх өгнө өө, үүрэг, хариуцлагыг хамтад нь өгнө. Сургуулийн дээвэр засах мөнгө хүрэлцэхгүй УИХ хуваарь хийж байсан үе саяхан. Орлого нэмэгдэхээр байгаа ч гарын салаагаар урсгах хэмжээний мөнгө улсад байхгүй шүү. Монгол хөгжил нь ханачихсан улс биш. Зам, цахилгаан гээд хөгжлийн нэгдсэн бодлогыг хангахад улсын хэмжээнд хийх хөрөнгө оруулалт асар ихээр шаардагдаж байна.

-Сөрөг хүчингүй байгаад та хэрхэн хандаж байна. Ардчилсан зарчим алдагдаж буй юм байна уу? Танд хэцүү байна уу?

-Монголд стандарт бус зүйл их бий. Сонгуулиас сонгуулийн хооронд УИХ, Засгийн газар ч стандарт бус олон шийдвэр гаргаж байсан. Түүний нэг нь энэ удаагийн стандарт бус хамтарсан Засгийн газар. Түүнд давуу, сул талын аль аль нь байгаа. Парламент, Засгийн газрын бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо бүхэлдээ түвэгтэй байдалд орчихсон. Үүгээр дуусах биз дээ. Энэ удаагийн сонгуулийн бүрэн эрх дуусгавар болсны дараа олонх, цөөнхтэй хүссэнээрээ Засгийн газраа байгуулах боломж олдоно. Сөрөг хүчин л байвал Парламент ардчилалтай гэсэн ганцхан теором байхгүй, давуу талууд бийг ч үгүйсгэхгүй.

Сайн тал нь гэвэл асуудлыг хамтран шийдэх боломж. Ийнхүү эв зүйгээр шийдэх нь улс орны эрх ашигт нийцнэ. Сүүлийн хоёр жил манай улсын эдийн засаг хямралын том давалгааг даван туулахад хамтарсны үр дүн гарсан. Хүний хөгжлийн сангийн хууль, банкны хууль, хадгаламж эзэмшигчдийг баталгаатай болгосон зэрэг бодлогын олон асуудлыг хэрүүл шуугиангүй шийдсэн. Ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, ашигт малтмалын гэнэтийн орлогыг зөв зарцуулах, төсвийн тэнцлийг хангах эдийн засгийн нэн чухал арга хэмжээ авлаа. Эрх баригч, сөрөг хүчин хоёр зохистой нөхцөлдөө төрд ашигтай. Төрийг улс төрийн тэмцлийн талбар болговол ашиггүй. Том асуудлуудаа УИХ, Засгийн газар хамтраад шийдлээ. Энэ талаараа хожлоо. Ийм онцлогтой дөрвөн жилд миний бие Парламентыг удирдах хувь тохиолоо. Хамтраад шийдэх өөр олон асуудал ард байна.

Улстөржилтөөс болж 20 жилд их зүйл алдсан

-2012 оны сонгуулиас өмнө, магадгүй бүр өмнө хамтарсан Засгийн газар бутарна гэсэн таамаглал дэвшүүлж буй хүмүүс бий. Хамтарсан Засгийн газар байх нь зөв үү, маргаашаа бодоод салсан нь дээр үү. Таны таамаглаж байгаагаар Засгийн газар хэр удаан ажиллах бол?

-Удахгүй шинэ он гарна. Сонгууль болоход дахиад нэг жил зургаан сар үлдлээ. Энэ богино хугацааны дотор эрх баригч, сөрөг хүчин болж тоглох нь ашигтай байж чадах уу? Ийм хугацаанд шинэ Засгийн газартай боллоо гэхэд нэг их сайхан үр дүнд хүрэх болов уу? Хамтарсны сөрөг үр дагавар гэж бий л байх. Гэхдээ хожсон нь хавьгүй илүү гэдгийг би дээр хэлсэн.

Монголын улстөржилт, улс төрийн тогтворгүй байдал гаргуулахгүй байх талаар ажилласан нь маш чухал байсан. Улстөржилтөөс болж 20 жилд их зүйл алдсан. Хэрвээ улстөрждөггүй байсан бол одоогийнхоос илүү их амжилтад хүрэх байсан гэж би үздэг. Сонгууль дөхөхөөр намууд улстөржих л байх. Тийм үйл явдал л энэ Засгийн газрыг эвдэж магадгүй юм. Охор бодлын үүднээс улс төр хийх л байх. Тэглээ гээд оноо авч чадахгүй биз. Хамтдаа “заваарсан” ч, хамтдаа нааштай олон асуудал шийдлээ шүү гэж л олон түмэн үзнэ шүү дээ. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгачих байх аа. Гэхдээ найдлага талаар болох тохиолдол хааяа байдаг л даа.

-АТГ-ын дарга нарын асуудлыг Ерөнхий прокуророос тавиад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо хэр нь шийдээгүй байна. Энд ямар нэг хууль, журам зөрчигдөж байна уу?

-Парламент хүний тухай асуудалд туйлын болгоомжтой хандах ёстой. Бидэнд алдсан зүйл их бий. Түүнээсээ сургамж авдаг байх хэрэгтэй. АТГ-ын удирдлагын асуудлыг шийдэх тал руугаа явж байна. Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ гаргасан. Прокурорын байгууллага холбогдох шалгалтаа хийж байна. Бэрхшээл бий ч асуудлыг шийднэ ээ. Үйл ажиллагааны маргаан бий. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд ажиллагаа явагдаж байна.

-МАХН-ын XXVI их хурал болоод МАН болсон нь эерэг сөрөг олон үр дагавар үүсгэж байна л даа. Танай намын дарга байсан хүн, УИХ-ын зарим гишүүн МАН-д орохгүйгээ мэдэгдлээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Ц.Шинэбаяр гишүүн МАН-ын бүлэгт орохгүй гэдэг албан ёсны мэдэгдлээ танд өгсөн үү?

-МАХН уугуул нэрээ сэргээх тухай олон жил ярьсан шүү дээ. 1990 оны Онц их хурлаараа ч ярьж л байсан. МАН гэсэн нэрээ сэргээсэн нь хуулийн ямар ч зөрчилгүй. Өөр санал бодолтой хүмүүс байгаа юм байна. Олон ургалч үзэл нийгэмд байх ёстой, намд ч байх ёстой. Ц.Шинэбаяр гишүүний хувьд бүлгээс гарлаа гэдгээ албан ёсоор надад мэдэгдээгүй. МАХН-ын бүлэг МАН-ын бүлэг байгуулснаа УИХ-ын удирдлагад мэдэгдсэн. Энэ тухай би чуулганы хуралдаан дээр зарласан. Хуулиар бол бүлэг байгуулсныг УИХ-д уламжлах үүрэгтэй юм.

-Ц.Шинэбаяр гишүүн МАН-ын бүлгээс ганцаараа гарахгүй, нэлээд хэдүүлээ гээд байгаа шүү дээ?

-Юу гэж тийм зүйл байх вэ. Нэрээ сэргээе, өөрчилье гэж гар өргөж, алгаа хорстол ташчихаад уу? Бүгд л санал нэг байсан шүү дээ. Хэдхэн хоночихоод гаргасан шийдвэрээсээ буцах гишүүн манайханд олон байхгүй биз ээ.

-МАХН гэдэг үгийг ашиглаж болохгүй. Харин МАХН гэдэг товчлолыг ашиглах эрх бий гэж Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар үзээд байгаа. МА(Х)Н гэсэн нэрийг бараг авчихаж магадгүй гэлцээд л байна?

-Дээд шүүхэд очоод үзнэ биз. Намуудын хуульд маш тодорхой заалт байгаа. МАХН гэдэг чинь утгаараа ч, үгээрээ ч МАН-ын өмчлөлд хамаарна.

-Өнөөдөр төрийн алба хашиж буй  хүмүүс дотор Та ахмад нь. Төрдөө ийм удаан зүтгэсний ач тус нь юу байна вэ?

-Би ашиг харж төрийн алба хашаагүй. Дээд сургууль төгсөөд л 22 настайгаасаа төр засгийн удирдах ажил хийж эхэлсэн. Төрөөс өгсөн цалингаараа л өөрийгөө болон гэр бүлээ тэжээж ирсэн. Хамт олон маань итгээд УИХ-ын даргаар сонгосон. Их мөнгө төлөөд албан тушаал ахих сонирхол хэзээ ч төрж байсангүй. Тийм мөнгө ч алга. Өөрийгөө сурталчилж явсангүй. Би мөнгөгүй, шоуны хэрэгсэлгүй. Шударгаар ажиллавал ийм өндөрлөгт хүрч болдог шүү гэдгийг олон хүнд харуулж чадаж байгаа бол миний нийгэмд үзүүлэх ач тус. Энэ бол миний үнэ цэнэ. Ийм шударга төрийн албан хаагч олон байдаг юм.

-УИХ-ын даргын ажлын ачаалал их. Гэвч Та огт түүртэхгүй байгаагийн нууц юу вэ?

-Хар багаасаа л олон цагаар ажиллаж сурсан. Энэ нь миний амьдралын хэвшил болчихож. Бие организм түүндээ дасал болчихсон юм шиг. Олон жил УИХ-ын гишүүнээр ажилласан болохоор нэг их түүртээд байх юу байхав. Ажлын туршлага гэх үү дээ. Бичиг цаастай, хүнтэй ажиллах, зохион байгуулах ажлаар олон жил ажилласны хэрэг гарч байх шиг байна.

-УИХ-ын дарга болно гэсэн төсөөлөл байв уу. Түүхэн цаг үед Парламентын спикер болсон нь хувь тохиол уу, эсвэл санамсаргүй явдал уу. Ер нь спикер байхын зовлон нь юу вэ?

-Дандаа л даргаар ажиллажээ. Гэхдээ би дарга болмоор байна гэж хэзээ ч, хэнээс ч хүсэж байгаагүй. Дарга болохын төлөө ажиллаагүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Байнгын хорооны дарга, УИХ-ын дарга болъё гэж зүтгээгүй. Удирдах зөвлөл, намын бүлэг дээр нууц санал хураалтаар олонхийн санал авч УИХ-ын дарга болсон. Ер нь дарга болох зорилгын төлөө ажиллаад амжилтад хүрдэггүй, ажлын төлөө байвал амжилтын оргилд нь хүрдэг гэдгийг дашрамд хэлчихмээр байна. Дарга болно гэдэг мөрөөдөл нь зарим хүмүүст маш их зовлон болдог байх. Төрдөө шударгаар, чадах хэмжээгээрээ ажиллаж чадвал итгэл хүлээх, хүлээлгэх л болдог юм даа. Дарга боллоо гээд би байдгаараа л байна. Бие даасан бодолтой, ард түмний мандат авсан, улс төрөөр талцсан олон хүнийг удирдах эмхлэн зохион байгуулна гэдэг амаргүй ажил шүү.

-Стандарт бус Парламентыг удирдахын бэрхшээл юу вэ?

-Тэр, энэ намын гишүүн гэж гишүүдээ алаг үзэх эрхгүй. Олонх нь асуудлаа зангидаад ороод ирдэг болохоор өмнөх УИХ-ууд арай амар байсан байх. Одоо бол хэцүү шүү дээ. Нэг нам нь хүч түрэн давамгайлах боломжгүй. Зохицуулалтын нэлээд зүйл хийж байж асуудлаа шийдэж байна. Гишүүд чөлөөтэй ярьдаг учраас хэрүүл тэмцэл их гарна. Тийм зүйл гаргуулахгүйн төлөө л ажилладаг. Гишүүдийг хэрэлдүүлэхгүй авч явахын тулд арга, ухаан хэрэгтэй. Засгийн газрын оруулж ирсэн асуудал болгоныг сайтар боловсруулахын тулд Байнгын хороо, Ажлын хэсэг, бүлгүүдийг шахаж ажиллуулна. Хяналтын механизмууд нэлээд түвэгтэй байгаа нь л бэрхшээл юм даа.

-Эдийн засаг өсөж байна. Гэхдээ л ядуурал буурахгүй байна. Нийгэм тэсрэлтийн өмнөх байдалд хүрсэн гэх яриа хөөрөө гарах болжээ. Ард түмэнд таалагдахын тулд төр, засаг бодлого явуулдаг нь эдийн засгаа нугаслаж байна уу гэж эцэст нь асууя.

-Хүмүүсийн баян, ядуу, орлогын зааг ялгаа их болчихоод байна. Яагаад ийм болов гэдгийг том утгаар нь тунгааж үзвэл нийгмийн баялгийн зонхилох хэсэг буюу 80 гаруй хувь нь цөөн хэдэн хүнд ногдож байгаад юм. Хувь хүний  мэдлэг чадвар, овсгоо самбаа, мэргэжил боловсролоос их зүйл шалтгаалж буй. Ард түмэнд таалагдахын тулд өнөөдөр бид хишиг хувь ярьж, халамжийн бодлого явуулж байгаа юм биш. Зайлшгүй халамжлах хүн ард чинь олширчихсон, ядуурчихсан, бодит байдал өөрөө хувь, тоогоороо харагдаж байна. Ядуу хоосны ялгаанд өмч хувьчлал нөлөөлсөн. Шударга бус байдалд дургүйцсэн болон ядуу зүдүү байдалд суурилсан “тэсрэлт”-ийг ярьж байгаа бол түүнээс зайлсхийх арга хэмжээг авах хэрэгтэй болно. Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг засахад цаг хугацаа орно. Өндөр ашигтай салбарт өндөр татвар тогтоох шаардлагатай. Чамин хэрэглээний татварыг ч бий болгох хэрэгтэй.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эргэн харах ёстой. Нэг байгууллага, хүнд олон лиценз өгсөн нь нийгмийн баялгийн хуваарилалтад сөргөөр нөлөөлсөн.

Нийгмийн баялгаас хувь хүртэхээс шахагдсан ядуурлын хувь одоо 37 хувьтай байна. Энэ түвшин 40 хувьд хүрвэл нийгэм тэсрэлтийн байдалд хүрдэг гэсэн эрдэмтэн, судлаачдын үг байдаг л даа. Энэ хэмжээнд Монгол Улс нэлээд дөхөж очлоо. Гэтэл улс орон чамгүй орлого олох, хөгжил дэвшлийн гараанд ирчихсэн байдаг. Сайн, муу хоёр тал зэрэгцэн байна. Ийм үед монголчуудын ухаанаас их зүйл шалтгаална.

Эдийн засгийг нугаслах биш, бэрхшээлээс гаргаж, их хөгжлийн суурийг энэ УИХ, Засгийн газар тавьж магадгүй, тэр нь ирээдүйд их үр дүнд хүргэх болно. Манай эдийн засаг хүчээ авч хөгжихөд ч ойрхон байна даа. Одоо монголчууд өөртөө итгэл үнэмшил, урам зориг өгөөд өөрсдийнхөө толгойгоор явчихмаар байна.

Ярилцсан Го.ЭНХТӨР

“Өнөөдөр” сонин, 2010.11.24, №273

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.