2010.11.24

Олон нийтэд түшиглэсэн байгаль хамгаалал – үйл ажиллагааны шинэчлэл

ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ – ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛ

 

Байгаль орчны ТББ-уудын улсын II зөвлөгөөн дээр

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын  гишүүн,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Л.Гансүхийн тавьсан илтгэл

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Нэгэн үзүүрт хүсэл эрмэлзлэлээр эвлэлдэн нэгдэж, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, хор хөнөөлгүй дагшин орчинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх ариун үйлсийг эрхэм зорилгоо болгосон Төрийн бус байгууллагуудыг  санаачлан байгуулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Өргөн уудам нутаг, цөөн хүн амтай, эдийн засгийн чадавхи харьцангуй муутай манай орны хувьд төр, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрахгүйгээр  дан ганц төрийн албан хаагчдын хүчээр байгаль орчныг хамгаалах боломжгүй юм.

Та бид Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулж, төр болон төрийн бус байгууллагын харилцааны шинэ хэм хэмжээ тогтоож, шинэ зорилт дэвшүүлэн ажилласнаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ богино хугацаанд тухайн салбарын ТББ-ууд бараг хоёр дахин нэмэгдэн 534 болж, байгаль орчны салбарын иргэний нийгмийн байгууллагад ажиллагсдын тоо 13 мянгад хүрч, салбарын төрийн албан хаагчдын тооноос /3000 орчим/ дөрөв дахин олон болсон нь байгаль орчныг хамгаалах багагүй хүч бүрэлдсэнийг харуулж байна.

Төр болон төрийн бус байгууллагын үр ашигтай хамтын ажиллагааны үр дүнд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж, түүний хэрэгжилтийг хангах талаар бидний явуулсан хамтын ажиллагаа хүсэн хүлээсэн үр дүнд хүрсэн нь харилцан ойлголцсон түншлэлийн зөв арга, тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэх их хүч болохыг илтгэнэ.

Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, “Ойн нөхөрлөл байгуулах журам”, “Байгалийн тодорхой нөөц баялгийг хариуцан хамгаалах журам”-ыг Засгийн газрын тогтоол, БОАЖ-ын сайдын тушаалаар тус тус батлан гаргаж, олон талын оролцоотойгоор байгаль орчны бодлого тодорхойлон, хэрэгжилтийг хангах ажлууд зохион байгуулж байна. Үүний нэг жишээ болох “Байгаль хамгаалал-Бодлогын шинэчлэл” хэлэлцүүлэг, сургалт семинарыг таван бүсэд зохион байгуулж, 700 гаруй хүн оролцуулсны 14-16 хувь нь ТББ-ын төлөөлөл байлаа.

 

Нэг. Хамтын ажиллагааны үр дүн

 

Байгаль орчны төрийн бус байгууллагын анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн талаар товч танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын  анхдугаар зөвлөгөөнөөс:

1) Байгаль орчны ТББ-ын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2) Байгаль орчны аудит хийх эрх зүйн орчин бүрдүүлэх;

3) Зарим тодорхой ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх;

4) ТББ-ыг чадавхижуулах, гадаад орны туршлага судлахад дэмжлэг үзүүлэх;

5) Байгаль орчны үнэлгээ, хяналт шинжилгээний ажилд оролцуулах;

6) Ойжуулалт, усжуулалт, цөлжилттэй тэмцэх ажлыг ТББ-аар гүйцэтгүүлэх санаачлагыг дэмжихийг Төрийн захиргааны төв байгууллагад зөвлөмж болгосон билээ. Байгаль орчны ТББ-уудын анхдугаар зөвлөгөөнөөс Төрийн захиргааны төв байгууллагад хандсан энэхүү зөвлөмж заалтууд зохих түвшинд хэрэгжсэнийг өнөөдөр та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

БОАЖЯ дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасанчлан ТББ-ын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрхийг хамгаалах, төрөөс хараат бус байдлыг хангах, аливаа шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд тэдний саналыг тусгах, нууцаас бусад мэдээллийг нээлттэй байлгах заалтуудыг удирдлага болгон энэ талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-тэй “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан ажиллаж ирлээ.

УИХ-аас, ТББ-ууд байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн орчин бий болголоо. Байгаль хамгааллын үндсэн аргын нэг болох нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөц, баялгийн менежмент хэрэгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Байгаль орчинтой холбоотой ямарваа нэгэн шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ТББ-ын санал авч, төлөөлөл оролцуулдаг журам хэвшил болон тогтлоо. Тайлангийн хугацаанд “Агаарын тухай”, “Ан агнуурын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”  зэрэг 10 орчим  хуулийн шинэчилсэн найруулга болон Усны, Цөлжилтийн, Уур амьсгалын өөрчлөлтийн зэрэг гурван хөтөлбөрийн төсөл боловсруулахад ТББ-ууд идэвхтэй оролцлоо. Тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал хууль бусаар олборлох явдлыг зогсоох, ойн хортон шавьж, хулгайн мод бэлтгэлтэй тэмцэхэд ТББ-ууд үр дүнтэй хамтран ажилласнаас гадна гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сангийн хамгаалалтын бүс тогтоох 54 ажлын хэсэгт ТББ-уудын төлөөлөл оролцож ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Шийдвэр гаргах түвшинд ТББ-уудын оролцоог хангахад тодорхой ахиц гарлаа. Тодруулбал, Сайдын зөвлөлд /Ж.Батболд/, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад /Ж.Батболд/, Цөлжилттэй тэмцэх үндэсний хороонд /Ж.Батболд/, Монголын мянганы сорилын сангийн удирдах зөвлөлд /Ж.Батболд/, Байгаль орчны нөлөөлөх байдлын Үнэлгээний хороонд /А.Бакей/, Яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн бүрэлдэхүүнд /Ц.Адъяасүрэн/ Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллийг татан оролцуулж, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх нөхцөл бүрдүүллээ.

Яамнаас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, байгаль орчны орон нутгийн байгууллагууд ч иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар багагүй чармайлт гарган ажиллаж байна.

Төр болон ТББ-ын түншлэлийн бас нэгэн тулгамдсан асуудал бол төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах явдал юм.  Энэ шаардлагыг хангах орчин үеийн арга хэрэгсэл болсон электрон засаглал хөгжүүлэх үүднээс яамны вэб сайтыг шинэчлэн, байнгын ажлын хэсгийг газар, хэлтэс бүрийн төлөөлөлтэйгээр байгуулан тогтмол ажиллагаатай болголоо.

Тайлангийн хугацаанд ТББ-уудаас яаманд хандаж ирүүлсэн  саналуудын 47 хувь нь цөлжилттэй тэмцэх, ойг нөхөн сэргээх асуудлаар, 15 хувь нь сургалт сурталчилгаа, 16.3 хувь нь мэдээлэл авахаар, 16 хувь нь Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалт, хамгаалалтын асуудлаар, 8 хувь нь эрх зүйн бодлогоор, 4 хувь нь ус голоо хамгаалахаар, 4.1 хувь нь хог хаягдал, химийн бодисоос орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт байгаа нь тэдгээрийн зүгээс байгаль орчныг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах хэмжээнд хүрч чадсаныг нотлон харуулж байна.

 

Хоёр. Бидний хамтын ажиллагааны оноо алдаа

 

БОАЖЯ-наас төрийн бус байгууллагуудтай харилцах ажиллагааг нэг сувгаар,   тухайлбал МБОИЗ-өөр дамжуулан гэрээгээр гүйцэтгүүлж байгаа нь зохион байгуулалтын хувьд оновчтой хэлбэр болохыг өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа тод харууллаа. Цаашид энэ хамтын ажиллагааг улам боловсронгуй болгож үргэлжлүүлэх ёстой.

Тавьсан зорилгоо биелүүлж, ТББ-ыг хэвийн ажиллуулах хэцүү. Үүний гол шалтгаан нь хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, чадварлаг удирдлага, ажил гүйцэтгэх мэргэшсэн боловсон хүчин дутмагтай холбоотой. Энэ тал дээр манай яам ихээхэн анхаарч ирлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн банк, БОАЖЯ-наас хамтран хэрэгжүүлж буй НEMO-2 төслөөс Байгаль орчны төрийн бус 42 байгууллага 360 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлсэн нь тэдний үйл ажиллагааг идэвхжүүлж, чадавхижуулахад зохих түлхэц болсон байна.

ТББ-уудад олгосон хөрөнгийг сүүлийн хоёр жилээр авч үзвэл үлэмж хэмжээгээр нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. МБОИЗ-ийн ажлын албыг чадваржуулахад зориулж яамнаас 50 сая шахам төгрөг олгосны зэрэгцээ 70 ТББ-аар 378 сая төгрөгийн гэрээт ажил гүйцэтгүүлж, санхүүжилтийг БОАЖЯ, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас гаргаад байна. МБОИЗ-ийг ажиллах байр, компьютер, телефон утас зэрэг шаардлагатай техник хэрэгслээр хангаж, 2-3 хүнийг орон тоогоор ажиллуулж байна.

Төрийн бус байгууллагад ажиллагсдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, байгаль орчны чиглэлээр олон улсын байгууллагаас зохион байгуулдаг хурал, семинар, сургалтад иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оруулдаг жишиг тогтоолоо. Тухайлбал, МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд Тайланд улсад, тэргүүн Ж.Батболд Япон улсад олон улсын хуралд, “Амьтны эрх хамгаалах сан”-гийн тэргүүн С.Дамдинсүрэн Африкийн Намиби улсад, Ажлын албаны ажилтан М.Амараа, “Гүн галуутай” нутгийн иргэдийн холбооны н.Ариунцэцэг нар ЖАЙКА байгууллагын шугамаар Япон улсад, “Байгаль ирээдүй” сангийн тэргүүн Б.Цэнд-Аюуш БНСУ-д болсон  сургалт, семинар, хуралд оролцлоо. Цаашид ч энэ хэмжээнд Сайдын зүгээс анхааран ажиллах болно.

Байгаль орчны ТББ-уудаас “Байгаль-эх дэлхий”, “Ногоон мэдээ”, “Ногоон аврал”, “Байгаль орчин-амьдрал” сэтгүүл, “Ногоон шуудан” зэрэг сонин хэвлэл эрхлэн гаргаж, экологийн сурталчилгааны ажил зохион байгуулан ажиллаж байгаа нь иргэдэд экологийн боловсрол олгох нэг гол суваг болж байна.

“Монголын байгаль хамгаалах холбоо”, “Хустай төв” ТББ-ууд Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын менежментийг 10 гаруй жил амжилттай хэрэгжүүлж байгаа нь ТББ-ууд төрийн байгууллагын чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж болохын нэгэн тод жишээ юм. Ийм чадавхитай ТББ-ууд ойрын ирээдүйд улам олон болох шаардлагатай байна. Ийм байгууллагуудаар хийлгэх ажил төрд байна.

“Ногоон бирж-Ногоон ажлын байр 2009-2010” аяныг “Экологийн боловсролын төв” ТББ санаачлан, жил дараалан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар, дүүргүүдтэй хамтран өргөн хүрээтэй зохион байгуулжээ. Энэ аянаар модлог, бутлаг ургамлын тарьц, суулгац, хүнсний ногооны үр, үрслэгийн үзэсгэлэн худалдаа гаргаж, хот тохижуулах ажилд 300 шахам  иргэдийг оролцуулан түр болон байнгын ажлын байраар хангасан байна. 20 гаруй нэр төрлийн жимс жимсгэнэ, гоёл чимэглэлийн модны 100 гаруй мянган суулгац борлуулж, жилд дунджаар 120 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ ажилд  төрийн бус 20 байгууллага болон аж ахуйн нэгж, давхардсан тоогоор 50 гаруй мянган иргэн оролцож, албан бус сургалтад хамрагджээ. Иймэрхүү олон төрлийн ажлыг байнга зохион байгуулахыг Та бүгдэд хандан уриалж байна.

Байгаль орчныг хамгаалах үйлсийг дэмжин, энэ талаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагууд жилээс жилд нэмэгдэж байгаа нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өгөөжтэй болгох сайхан боломж бүрдүүлж байна. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны санхүүгийн дэмжлэгийг ХААН, Хас банк зэрэг байгууллага тэргүүлж байгааг онцлон тэмдэглэе.

Яамнаас туслалцаа авахаар хүссэн зарим асуудалд МБОИЗ хойрго, хайхрамжгүй хандаж  байсныг цаашид анхаарч ажиллахыг сануулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, НҮБ-ын хүний эрхийн дээд комиссын хурлаар хэлэлцүүлэх Монголын хүний эрхийн илтгэлд оруулах байгаль орчны ТББ-уудын санал, дүгнэлтийг авах талаар яамнаас хүргүүлсэн албан хүсэлтэд хугацаанд нь хариу өгөөгүйг  цохон тэмдэглэж байна.

Төрийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих нь төрийн бус байгууллагад хуулиар олгогдсон үндсэн эрх билээ. Энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь манай яам байнга анхааралтай, хүндэтгэлтэй, ажил хэрэгч байдлаар хандаж ирснийг Та бүгдэд мэдэж байгаа билээ.

Гэвч зарим тохиолдолд хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулах хандлага мэр сэр гарч байгаа нь тун харамсалтай бөгөөд хаана хаанаа бодож үзүүштэй асуудал юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хэн боловч Монгол Улсын хуульд захирагдах ёстой. Гэтэл иргэд, байгууллагын эсрэг галт зэвсэг хэрэглэх, өмч хөрөнгөд хохирол учруулах, явцуу сонирхлын үүднээс рекетлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нь яагаад ч зөвтгөж, дэмжих асуудал биш гэдгийг хариуцлагатай мэдэгдэхийн зэрэгцээ ийм үйлдэл дахин гаргуулахгүй байхыг та бүхнээс уриалж байна.

 

Гурав. Хамтын ажиллагааны цаашдын шинэчлэл, дэвшил

 

“Цаашдаа төрийн байгууллагын төсвийн санхүүжилт багасч, ТББ-ын төсвийн дэмжлэг өсөх ёстой... Төрд өөрт нь байгаа төсвөөс санхүүждэг олон үйлчилгээ гэрээнийх байж болно” гэж Байнгын ажиллагаатай ардчилсан парламент үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хэлсэн үг “Олон нийтэд түшиглэсэн байгаль хамгаалал-үйл ажиллагааны шинэчлэл”-ийн үндсэн зарчим байх ёстой гэж  би үзэж байна.

Дээр дурдсан зарчмын хүрээнд “Олон нийтэд түшиглэсэн байгаль хамгаалал - үйл ажиллагааны шинэчлэл”-ийг хийх хамтын ажиллагааг дараахь асуудалд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах төрийн бодлогын эхний алхам бол тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн үүсгэл санаачилгад тулгуурласан үр дүнгээ өгч чадахуйц асуудлыг байгаль орчны бодлого, хуульд тусгах  явдал юм. Цаашид шинээр хууль тогтоомж боловсруулж хэрэгжүүлэхийн хамт одоогоор мөрдөгдөж байгаа хуулийн давхардал хийдлийг арилгах, зарим дүрэм, журмын уялдаа холбоог чамбайруулахад яам онцгойлон ажиллах болно. Нөгөөтэйгүүр, энэ чиглэлээр ТББ-ууд “Байгаль орчны парламент” байгуулан холбогдох асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж, дүгнэлт гарган ажилладаг өгөөжтэй туршлагыг санаачлах нь зүйтэй.

2. Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулж, өрсөлдөөн бий болгох замаар тодорхой төрлийн нэн ховор, ховор амьтан, ургамал хамгаалах менежментийг төрийн бус мэргэжлийн байгууллагад хариуцуулан, төрөөс санхүүгийн дэмжлэг авч төлөвлөсөн ажлаас оновчтойг хэрэгжүүлэн үр дүнд хүрдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй  болох шаардлагатай байна.

3. Аймаг орон нутгийн иргэдэд түшиглэн байгалийн нөөц баялгийг өгөөжтэй ашиглах, хамгаалах хамтын ажиллагааг мэргэжлийн нөхөрлөлийн холбоодод үе шаттайгаар шилжүүлж, тэдгээрийн зардлын тодорхой хэсгийг төрөөс хариуцдаг тогтолцоо бий болгох нь зүйтэй. Өнөөдөр ийм бодит сонирхол нэгэнт буй болжээ. Гэхдээ байгаль орчноо хайрлан хамгаалах, чин сэтгэлээсээ хандан ажиллах хүсэлтэй нөхөрлөлүүдийг чадавхижуулж, бүх талаар дэмжих явдал нэн чухал байна. Үүнийг хэрэгжүүлэхэд Иргэний зөвлөл шийдвэрлэх үүрэгтэй байх учиртай гэж үзэж байна.

4. МБОИЗ-өөс байгаль хамгаалах талаар өнөөгийн шаардлагын түвшинд хүрсэн төсөл боловсруулж, гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлэхээр гадаад орон, олон улсын байгууллагуудад хандахад БОАЖЯ бүх талын дэмжлэг үзүүлнэ.

5. Төрийн бус байгууллагын дэргэд “Байгаль орчны зөрчлийн улсын хэмжээний бүртгэл”-ийн тогтолцоотой болж, олон нийтийн хяналтын дор ажиллах нь юу юунаас чухал байна. Анхдугаар зөвлөгөөнөөрөө бид МБОИЗ байгуулсан явдал маш том дэвшил байсан бол одоо бид Үндэсний хэмжээний том сүлжээ болж дараагийн дэвшлийг хийх учиртай.

6. Хөдөө орон нутагт бүртгэлтэй байгаль орчны төрийн бус байгууллагыг  тусгайлсан бодлогоор дэмжиж, чадавхижуулах ажлыг тус БОАЖЯ болон МБОИЗ хамтран зохион байгуулах шаардлагатай  бөгөөд үүнийг ТББ-уудыг төлөвшүүлэхийг  эрмэлзэж буй эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол гэж ойлгож болно.

Энэ бүх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, төрийн албан дахь уламжлалт хандлага, хүнд суртлыг арилгах, иргэний нийгмийн байгууллагуудын нийгмийн өмнө хүлээх хариуцлага, итгэл даах чадварыг сайжруулах шаардлага байгааг үндэслэн яамны зүгээс ТББ-тай харилцах асуудлыг Төрийн захиргаа, удирдлагын газартаа хариуцуулж байгаа бөгөөд түүний нөгөө талд зөв зохион байгуулагдсан, ТББ-уудын оролцоог жигд хангасан Иргэний зөвлөл байх ёстой гэж үзэж байна. Тэгж баймааж нь нийгмийн өмнө хүлээх хариуцлага сайтай, итгэл даах чадвартай, ажил гүйцэтгэх чадавхитай Байгаль орчны  төрийн бус байгууллагуудтай болж чадна.

Байгаль орчны салбар өнөөдрийг хүртэл үлдэгдлийн зарчмаар санхүүжиж ирснийг бид мэднэ. Харин “Агаарын тухай” хуулиар “Цэвэр агаар сан” бий болгох асуудлыг эрхзүйн хүрээнд шийдвэрлэснээр 2011 онд 30 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилготой байгаа бөгөөд уг сангийн санхүүжилтээр хийгдэх олон ажилд ТББ-уудад оролцон ажиллах сайхан боломж бүрдэж буйг та бүхэндээ сонордуулахад таатай байна.

Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг хамгаалах, түүнийг унаган төрхөөр нь байлгах эрхэм үйлсдээ бүтээлчээр хамтран ажиллахыг та бүхэнд болон та бүхнээр  уламжлан байгаль орчноо хамгаалахын төлөө ариун хөдөлмөр, чин сэтгэлээ зориулж буй бүх хүмүүст уриалж байна.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.