УИХ-ын дарга нийт ард иргэддээ улс тунхагласны ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв
2010.11.26

УИХ-ын дарга нийт ард иргэддээ улс тунхагласны ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв

Нийт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

demberel_05Монголчууд бид Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, парламентат ёсыг тогтоосны түүхт 86 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ баяр бол монгол хүн бүрийн үндэсний баяр, бас бахархал нь юм. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, сонгогчдодоо чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

1924 онд хуралдсан Улсын анхдугаар Их Хурал 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны Үндсэн хуулийг баталсан. Мөн Бүгд Найрамдах Улсаа тунхагласан билээ. Ингэж монголчууд бид эрх чөлөөгөө тэмцэн олоод тусгаар тогтнолоо дахин сэргээснээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь энэ ээ. Хорьдугаар зууны эхээр ийнхүү Бүгд Найрамдах Засагт эрс шийдвэртэй шилжин орсон нь улс төр, ардчиллын хувьд ч том дэвшил болсон юм.

Үүгээрээ бид монгол төрийн түүхэнд урьд өмнө байгаагүй олон зүйлийн анхдагч эх суурийг тавьжээ.

Үүний дотор парламентат ёсыг төлөвшүүлэхийг зорилт болгосон нь Монголын улс төрийн амьдралд нэн чухал суурийг эзэлнэ. Тодорхой хэлбэл, Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэйгээр анх удаа сонгон байгуулсан байна. Наян зургаан жилийн тэртээх тэрхүү Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байгаагүй ээ. Гэхдээ л Улсын Их Хурлын чөлөөт цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжил дэвшлийн чухал асуудлыг шийдвэрлэх төлөөлөгчдийн байгууллагын нэг хэлбэр болж байсан юм.

Бүх нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд найрамдах төрийн хэлбэрийг сонгохдоо хүний эрх, эрх чөлөөг, ялангуяа монгол хүний улс төрийн эрх, эрх чөлөөг тунхагласан. Дундад зууны үеийн хүний наад захын эрхийг үл хангасан бурангуй ёсыг хорьдугаар зууны эхэнд ийнхүү монголчууд бид эгнэгт халж, шинэ цагийн соёлт ертөнцөд хөл тавьсан түүхтэй.

Угсаа гарал, хөрөнгө чинээ зэргээр нь ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг ч халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Азийн орнуудын дотроос анх түрүүн хуульчлан тунхагласан байна. Иргэдийнхээ энэхүү адил тэгш эрхийг Монгол Улс сонгодог ардчилалтай гэгдэх Англи, Америкийн Нэгдсэн Улсаас өмнө хуульчлан амьдралд хэрэгжүүлсэн нь бас үнэн баримт юм.

Энэ бүхэн нь тухайн үеийн эх орончдын мятаршгүй зүтгэлийн үр дүн байлаа. Үндсэн хуулийнхаа дагуу Монгол эх орондоо төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлсэн ийм л ард түмэн билээ, бид.

Улс орны хөгжлийн янз бүрийн үе шатанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг орчин үеийн ардчиллын үнэт зүйлсийг баяжуулан удаа дараагийн Үндсэн хуулиуддаа залгамж чанарыг нь улбаалан хөгжүүлж ирлээ.

Ардчиллын эдгээр тулгуур үзэл санаа эх орны маань ардчилсан хөгжлийн чигч ноён нуруу, Монголын ард түмний эх оронч, дэвшилт ардчилсан үзлийн төвлөрсөн илэрхийлэл, шинэ үеийн ардчиллын бодит баталгаа болон хэрэгжсээр байна.

Өнөөдөр Монгол Улс ардчиллын замаар эргэлт буцалтгүй замнаж, хөгжил дэвшлийн шинэ сайхан боломжуудыг нээж байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн суурь үндэс болох Мянганы зам, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилт, түүнд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Оюу болон Таван толгойн ордыг ашиглах, шинэ бүтээн байгуулалт, “Монгол мал” зэрэг төрийн бодлогын баримт бичгүүд батлагдан гарч амьдралд хэрэгжиж байна.

Цаашид ардчиллын хөгжлийн эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн зохистой төлөвшлийг хангаж, нийгмээрээ ардчилалд гэгээрэн соёлжих, олсон ололтоо бэхжүүлж нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх нь өнөөгийн бидний нэг гол зорилт болж байна.

Бэрхшээл байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна. Төрт улсаа сэргээн байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэн нийгмийн хоцрогдлыг богино хугацаанд гэтлэн давж, орчин цагийн соёл иргэншлийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж яваа эрх чөлөөт монгол хүн бүр элгэн халуун эх орон, ялгуусан түүхээрээ бахархах эрхтэй.

Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улсын иргэн бүр улс орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж чадна гэдэгт гүнээ итгэж байна.

Нийт ард түмэн, сонгогчдодоо Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын мэндчилгээг дахин давшүүлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.