Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль батлагдлаа
2010.11.27

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль батлагдлаа

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжлийн сангийн 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр  хийж,  Төсвийн байнгын хороонд  шилжүүлсэн юм.

uih_2010

Ингээд эдгээр хуулийн төслүүдийн гуравдахь  хэлэлцүүлгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орой 20 цаг өнгөрөөгөөд Төсвийн байнгын хороо Төрийн ордны “А “ танхимд хийлээ.

Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс оруулсан саналыг гишүүн Б.Чойжилсүрэн уншиж танилцуулсан. Энэ нь Засгийн газраас урт хугацаат бондыг гаргахтай холбоотой бондын хүүгийн зардлын 4,2 тэрбум төгрөгийн саналыг, мөн Ховдын хавцлын замын засвар зэрэг Баян-Өлгий, Ховд голын  гэх мэт замын засвартай холбоо бүхий асуудлыг 1,5 тэрбум төгрөг гэж өөрчлөх саналаас 500,0 сая төгрөгийн саналыг татсан тухай байлаа.

 

Байнгын хорооны зүгээс энэ үеэр үүнтэй холбоотойгоор холбогдох өөрчлөлтүүдийг тусгахаар болсон тухайгаа Ц.Даваасүрэн дарга мэдэгдлээ.

 

Гуравдахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын  хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулга хийв.

 

Тэрээр хоёрдахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн төсөлд тусгаж, холбогдох тооцоог хийж нэгтгээд Төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулж буйгаа хэлсэн.

 

Хоёрдахь хэлэлцүүлгийн дараа төсвийн үр дүнгийн үзүүлэлтэд дараах өөрчлөлтүүд гарсан байна.

 

Тухайлбал, 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,304,6 тэрбум төгрөг. Энэ нь дотоодын  нийт бүтээгдэхүүний 42,2 хувь болж байгаа юм. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 4,084,1 тэрбум болжээ. Энэ нь ДНБ-ний 52,1 хувь юм байна. Төсвийн нийт алдагдал 779,5 тэрбум төгрөг болж, өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 1,3 хувиар нэмэгджээ.

 

Улсын төсвийн 2011 оны тэнцвэржүүлсэн орлого 2,492,3 тэрбум төгрөгт хүрсэн нь ЗГ-ын өргөн барьснаас 38,0 тэрбумаар нэмэгдсэн аж.

 

Тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 2,785,9 тэрбумаар төлөвлөгдөн, өргөн барьснаас 106,1 тэрбумаар нэмэгджээ. Улсын төсвийн нийт тэнцэл 290,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өргөн баригдсанаас алдагдал 68,2 тэрбумаар нэмэгдсэн аж.

 

Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301,2 тэрбум төгрөг болсон нь өргөн барьснаасаа 28,4 тэрбумаар буурсан байна. Нийт зарлага 805,2 тэрбумаар төлвөлөгдөн Хүний хөгжил сангийн алдагдал 504,0 тэрбум төгрөгт хүрэхээр тооцоо гарсан тухай Ц.Даваасүрэн гишүүн танилцуулсан.

 

Дараа нь   гишүүдэд асуулт байгаагүй тул чуулганд асуудлыг оруулахаар болж, хуралдаан өндөрлөв.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг сонссон. Хуулийн төсөлтэй холбогдуулан, асууж тодруулах гишүүн гараагүй тул санал хураалт явуулж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 79.1 хувийн саналаар баталсан. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Энэ онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 7.5 хувьд байхаар байгаа хэдий ч хөдөө аж ахуйн салбарт байгаль цаг уурын тааламжгүй байдлаас үүдэлтэй огцом уналт гарч, энэ онд ХАА-н салбарын өсөлт буурахаар байгаа бол аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт 10 хувиас дээш байна гэж тооцогдож байгаа юм. Зэсийн үнэ харьцангуй тогтвортой өсөлт байхаар олон улсын байгууллагаас таамаглаж байгаа нь манай эдийн засгийн салбарын өсөлтөд эерэгээр нөлөөлөн, үүгээр дамжин эдийн засгийн өсөлтийг бий болгохоор байгаа. 2011 онд нэрлэсэн ДНБ-ний хэмжээ 7836.4 тэрбум төгрөг, бодит ДНБ 4128 тэрбум төгрөг буюу эдийн засгийн бодит өсөлт 8.2 хувь, 2012 онд 7.8 хувь, 2013 онд 20.8 байхаар тооцоо гарчээ. 2011-2013 онуудад инфляцийн түвшинг 8-9 хувьд барих боломжтой гэж үзжээ. Харин 2011 оны Төсвийн орлогыг төлөвлөхдөө төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм. Ман ашигт малтмалын бүтээгдхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдхүүний үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийн байгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан хийжээ.

 

Ирэх онд дэлхийн зах зээл дэх нэг унци алтны үнийг 1350.0 ам доллар байхаар төсвийн төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хороо хуралдаж, нэгдсэн төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийснээ 21 цагийн орчим чуулганы нэгдсэн хуралдаанд төнилцуулсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн төслийн хоёрдахь хэлэлцүүлэг хийсний дараа төсвийн үр дүнгийн үзүүлэлтэд дараах өөрчлөлт гарсан байна. Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 1.3 хувиар нэмэгдлээ.

 

Үүнд, Улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийн орлогын дүнгээс 38.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол нийт зарлага 2,785.9 тэрбум төгрөгт төлөвлөгдөн өргөн барьсан төсвийн төслөөс 106.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 68.2 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2011 оны төсвийн төслийн 2 дахь хэлэлцүүлэг хийсний дараа улсын төсвийн хөрөнгийн зардал 737.9 тэрбум төгрөгт хүрч Засгийн газрын өргөн барьсан зардлаас нийт 95.5 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан төсвийн төслөөс 28.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөгт төлөвлөгдөн Хүний хөгжил сангийн нийт алдагдал 504.0 тэрбум төгрөгт хүрлээ.

 

2011 оны төсвийн хууль батлагдаж байгаатай холбогдуулан “Төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж Төсвийн байнгын хороогоор дэмжсэнийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулсан. Монгол улсын 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжлийн сангийн 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн талаархи танилцуулгыг сонссоны дараа дөрөв дэхь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан бөгөөд дээрх хуулиудын зүйл заалт бүрээр санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5-97.5 хувийн саналаар дээрх хуулиудын төсөл тус тус батлагдлаа.

Видео Үзэх

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.