Төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн сэтгүүлчид чухал үүрэгтэй
УИХ-ын дарга эхлээд уулзалтад оролцогсодтой орон нутгийн ажил байдал, сэтгүүлчдийн салбарын үйл ажиллагаа, орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын тулгамдаж асуудлын талаар яриа өрнүүллээ. Сэтгүүлчдийн байгууллагын орон нутгийн салбарын удирдлагуудыг нийслэл хотод гурав хоногийн сургалтад хамрагдах үеэр нь цаг зав хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад ихэд талархаж буйгаа тэд хэлж байлаа.
Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэж сурталчлах, хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төр, засгийн үйл ажиллагаанд хяналт тавихад хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид чухал үүрэгтэй. Ил тод байх нь хяналтын гол зарчим юм. Иймээс парламентын нээлттэй байдлыг хангах, улмаар төр, засгийн үйл ажиллагааг ард түмний өмнө буюу хэвлэл, мэдээллийн өмнө ил тод байлгаж, иргэний хяналтыг хэрэгжүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд УИХ ихээхэн анхаарч ирснийг УИХ-ын дарга тэмдэглээд орон нутгийн Иргэдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах нь орон нутгийн сэтгүүлчдийн салбар, хэвлэл мэдээллийн ажилтнуудын гол үүрэг гэдгийг онцлов. Түүнчлэн төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр ашигтай байдал, хууль хэрэгжүүлэх ажилд анхаарах, аливаа асуудалд нийтийн эрх ашиг, мэдээллийн бодит байдлыг эрхэмлэж ажиллахыг тэдэнд зөвлөөд орон нутагт төрийн хууль тогтоомжийг сурталчлах, хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллагатайгаа тохиролцож гэрээлэн гүйцэтгэх боломжтойг хэлэв. Мөн мэдээллийн чөлөөт байдал, мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төсөлд сэтгүүлчдийн байгууллага нухацтай хандаж сэтгүүлчдээ өргөнөөр оролцуулан санал бодлыг нь сайтар тусгахад анхаарахыг зөвлөв.
Сэтгүүлчдийн байгууллага энэ хуулийг батлан гаргах, түүнчлэн сэтгүүлчийн ёс зүйд хяналт тавих хэвлэлийн консул юм уу ёс зүйн зөвлөл байгуулахын төлөө байгаа гэдгээ уулзалтад оролцсон МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Я.Сумъяа хэллээ. Орон нутгийн сэтгүүлчдийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудад орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагад шилжүүлэх замаар гэрээлэн гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэх талаар анхаарч дэмжихийг уулзалтад оролцогсод хүслээ. Орон нутгийн сэтгүүлчид дараа нь Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, төрийн их цагаан сүлдэнд хүндэтгэл үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.