Тамхины тухай хуулийн төслийг дэмжлээ
2010.12.01

Тамхины тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ.
ez_horoo
Хуулийн төсөлд тусгаснаар олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээний газар, ажлын байранд тамхи татахыг хориглож байгаа юм. Одоо мөрдөж буй хуулиар нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, агуулах зэрэг газарт тамхи татахыг бүрэн хориглож, бусад газарт тамхи татах тусгай өрөө гаргаж болох тухай зохицуулсан ч, хэрэгжилт хангалтгүй байсан аж. Тиймээс нэмэлт, өөрчлөлтөд дээрх заалтыг тусгайлан оруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дунд сургуулийн сурагчдын дунд тамхидалт их байгаа тул энэ хэрэглээг бууруулах чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах ёстой гэлээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Хоёр сайдын хамтарсан тушаал гарч, дунд сургуулийн сургалтын хөтөлбөр дэх архи, тамхины хор хөнөөлийн тухай нарийвчилсан хичээл оруулахаар болж, өөрчлөлт оруулсан” гэлээ.

Мөн энэ үеэр гишүүн Л.Гүндалай хамрын тамхийг тамхины төрөлд оруулах уу. Энэ талын хэрэглээнд хязгаар тавих тухай заалт хуулийн төсөлд харагдсангүй гэв.

Үүнд албаны хүн хариулт өгсөн. Тэрбээр “Зааны зурагтай Энэтхэг улсад үйлдвэрлэсэн тамхийг монголчууд оруулж ирж, багагүй хэсэг нь хэрэглэж байна. Судалгаагаар нийт хүн амын 1.8 хувь нь хамрын тамхи хэрэглэдэг дүн гарсан. Утаагүй тамхи болохоор орчиндоо үзүүлэх хор хөнөөл бага. Тэр утгаар нь утаат тамхинд тавих хяналтыг түлхүү тусгасан. Гэхдээ хамрын тамхинд ордог никотин бодисын хэмжээ 3.2 мг байдаг бол нэг ширхэг янжуурт никотин бодисын хэмжээ 1.4 мг орсон байдаг.  Өөрөөр хэлбэл, мансууруулах төрлийн бодисын хэмжээ хамрын тамхинд утаат тамхиныхаас өндөр үзүүлэлттэй байгаа” гэлээ.

Түүнчлэн гишүүд  тамхины хайрцагны зурагт хуудсанд шүүмжлэлтэй хандлаа. Монгол үндэстнийг доош хийсэн сурталчилгаа болж байгаа учраас солих шаардлагатайг анхаарууллаа. Оронд нь уламжлалаа хадгалсан тамхины хор хөнөөлийн тухай мэргэн цэцэн үг, сургаалийг сануулга болгох ёстой гэж үзэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.