2010.12.01

Цагаатгалын комиссын хурал боллоо

Нийслэлийн цагаатгалын ажлын удирдан зохион байгуулах  салбар хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгино хайрхан дүүргийн иргэн Д.Цэвээндоржийн аав 1939 онд хэлмэгдэн 10 жилийн ял авч 1999 онд цагаатгагдсан байна. Хэлмэгдсэн хүний эхнэр юмуу нөхөрт тусламж олгоно гэсэн хуулийн заалтын дагуу түүний ээж  2000 онд орон сууцны өргөдөл өгч байсан боловч одоо болтол шийдвэрлэгдээгүй байгаа тул орон сууц олгохыг хүссэн байлаа. Комиссын гишүүдэд хүсэлтийг уламжлахад 2000 онд өгсөн өргөдөл нь нийслэлийн архиваас шүүгээд олдохгүй байгаа тул хэлмэгдсэн хүний үр хүүхдэд орон сууцны тусламж олгох боломжгүй, өмнө өгч байсан өргөдлийг холбогдох газраас дахин шүүж хариу өгөх хэрэгтэйг салбар хорооны дарга хэллээ.

Үүний дараа Д.Гүрзээ гэх иргэний хүсэлтийг комиссын гишүүдэд танилцууллаа.  2003 онд цагаатгалын комиссоос түүний аав Дамдинд налайх дүүрэгт орон сууц олгосон бөгөөд тэр байрандаа одоо болтол орж чадаагүй тул байранд маань оруулж өгнө үү гэсэн хүсэлт байлаа. 7 жилийн хугацаанд байрандаа ороогүй шалтгааныг тодруулж, үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн  газраас тухайн байр хэний нэр дээр байгааг шалгуулж, түүний байр мөн бол энэ асуудлыг шүүхийн байгууллагын шийдвэрлүүлэх хэрэгтэй гэдгийг комиссын гишүүд хэлж байлаа.
Дараагийн хэлэлцсан асуудал бол 96 настай иргэн Д.Нямдаваагийн хүсэлт байлаа. Түүний нөхөр хэлмэгдэж байсан бөгөөд тэрбээр цагаатгалын комисст орон сууц олгохыг хүссэн өргөдөл гаргасан байна. Гэвч өндөр настай тул орон сууц олгохыг хүлээж дийлэхгүй учир мөнгөн тусламж буюу 16 сая төгрөг олгохыг хүссэн байна. Үүнийг цагаатгалын комиссын гишүүд судлан үзээд 15 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн П.Батсүх болон Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Цэндсүрэн нар амьдралын түвшин доогуур, хүнд нөхцөлд амьдарч байгаа тул гэр бүлийн гишүүд хэлмэгдэж байсныг харгалзан тусламж үзүүлэхийг хүссэнийг тус хурлаар  хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.