Я.Батсуурь гишүүн асуулгынхаа хариултыг сонслоо
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Э.Бат-Үүл нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр, Иргэний нисэхийн ерөнхий газар, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулж, дүнг нь Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх талаархи асуулга"-ын хариуг сонсов.
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар эхлээд авлигатай тэмцэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, авлигын эсрэг хийх тэмцлийг үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газраас авч буй арга хэмжээ болон энэ талаар цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар гишүүдийн асуулгад хариулт өгөв.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүн Я.Батсуурь, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг, Р.Гончигдорж нарын асуултад Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар болон яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн Я.Батсуурь саналаа хэлэв.
Авлига нь манай нийгэмд тулгамдаад байгаа нэн эгзэгтэй асуудлын нэг болоод байхад хамтарсан Засгийн газрын зүгээс энэ үүнтэй тэмцэх ажил хангалтгүй байна. Авлигатай тууштай тэмцэхийн тулд юуны өмнө илрэл бүрт нь хариуцлага тооцдог байх, нөгөө талаар эрх зүйн шинэтгэлд анхаарч УИХ, Засгийн газар хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэг явдлыг багасгах, УИХ-ын хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Парламентад олонхи болсон нам нь төрийн хяналтыг хэрэгжүүлдэг гол байгууллага болох үндэсний аудитын газрын удирдлагад өөрийн намын хүнийг томилуулдаг явдлыг болиулж сөрөг хүчинд шилжүүлэх, иргэний төлөөллийг оролцуулдаг байх эрх зүйн зохицуулалттай болмоор байна. Түүнчлэн төрийн албаны ажилтнууд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хуультай болох, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж авлига авсан, өгсөн хоёрыг хоёуланг шийтгэдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгааг тэрбээр хэллээ.