ДОХ-оос сэргийлэх хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг өглөө
УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас "Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос /ХДХВ/ДОХ/ сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга”-ын хариуг УИХ-ын чуулган дээр сонслоо.
Манай улсад анх 1992 онд Хүний дархлал хомсдлын вирусын халдвар бүртгэгдсэнээс хойш энэ оны эхний 11 сарын байдлаар 83 тохиолдол бүртгэгдээд байгаагийн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан, халдварын тохиолдлын 65.3 хувь 2007 оноос хойш оношлогдсон байна. Халдвар авсан хүмүүсийн 24 нь гадаад ажиллаж амьдарч байсан бол дөрөв нь гадаад орноос манай улсад түр оршин сууж байсан иргэдээс халдвар авсан нь тогтоогдсоныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулгадаа дурьдав. Мөн халдвар авагсдыг насны хувьд ангилж үзэхэд тав нь 15-19, 15 нь 20-24, 24 нь 25-29, 12 нь 30-34, 13 нь 35-39, 12 нь 40-45, нэг нь 45-50 хүртэлх насны хүмүүс байгаа, халдвартай таван эхээс төрсөн таван хүүхэд халдваргүй амьдарч байгааг хэллээ.
Сайдын асуулгатай холбогдуулан гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат, Ж.Батсуурь, Даш.Зоригт нарын асуултад Эрүүл мэндийн сайд болон тус яамны ажилтнууд хариулт өгөв.