Ерөнхий сайд TWITTER-ээр ард иргэдтэйгээ харилцана
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн TWITTER акаунтаа нээж, иргэдтэйгээ харилцах нэгэн боломж нээгдлээ. Шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр уг үйл явдал болсон юм.
Залуучуудаас олон сайхан санал TWITTER-ээр ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэж, ажил хэрэгч бүтээлч санаачилгыг боловсруулан төр засгийн бодлогодоо тусгах боломжтой гэдгийг тэмдэглэж байв. Түүний TWITTER нээгдэнгүүт асуулт олноороо ирсэн бөгөөд цаг зав гаргаж байгаад эдгээрт өөрийн биеэр хариулахаа амаллаа.
Нийгмийн идэвхтэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл,санал бодлоо солилцож байна.
Хөгжлийн үе шат, орон зай, газар нутаг,цаг хугацаанаас үл хамаарсан энэ идэвхтэй нийгмийн харилцааг иргэн хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж явдгаа ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд, иргэдтэйгээ ойрхон байх бас нэг бололцоог нээж өглөө гэдгийг дурдаж байлаа.
Мэдлэгээр баялгийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр гэж зохион байгуулагчид блогийг тодорхойлсон бөгөөд энэ утгаараа хувь хүний вэб мэдээлэл интернэтийн орчин дахь хамгийн идэвхтэй харилцааны нэг болж чаджээ. Өнөөдрийн байдлаар монголд 400 мянга орчим блогчид байдаг юм байна.
Ёслолын ажиллагаанд соушл нетворкийн гол төлөөлөл болсон нийгэм, улс төр болоод мэдээлэл технологийн мэргэжилтнүүд,монголын шилдэг зуу гаруй блогч урилгаар оролцож, санал бодлоо хуваалцлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.