Тамхины хэрэглээ сүүлийн 10 жилд 20 дахин өсчээ
2010.12.10

Тамхины хэрэглээ сүүлийн 10 жилд 20 дахин өсчээ

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа баар цэнгээний газар, байгуchuulgan_2007уллага аж ахуйн нэгжийн дотоод журамд оруулж, тамхи татахыг хориглосон орчныг нэлээд өргөжүүлснийг дэмжиж байгаа. Харин үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх механизмын талаар асуулаа.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хариулахдаа энэ хууль батлагдсаны дараа Засгийн газар дээр нэлээд зохицуулалт хийнэ. Хуучин хуулиндаа хяналтыг сайн тусгасан байдаг. Одоо журмуудаа нарийвчлан гаргаж мөрдүүлнэ гэлээ. Харин Р.Буд гишүүн сүүлийн үед тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо өсчээ гэж танилцуулгад оржээ. Тамхи татаж байгаа хүмүүсийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тамхины хорноос шалтгаалж урагт нөлөөлсөн судалгаа байна уу. Бас тамхинаас шалтгаалсан түймэр хөдөө орон нутагт их гардаг, үүнээс сэрэмжлүүлсэн заалт тусгасан эсэх, манайд тамхины хичнээн компаниуд байдаг, улсын төсөвт оруулдаг орлого ямар байдаг.

Мөн тамхи ширхэглэн зарах асуудлыг цаашид хэрхэн зохицуулах вэ. Ширхэглэн зарах нь тамхи таталтыг өргөжүүлээд байгаа юм биш үү? гэсэн асуултанд С.Ламбаа сайд хариулахдаа, судалгаанаас үзэхэд дунд сургуулийн хүүхдийн 8 хувь нь тамхи худалдан авахдаа ихэвчлэн гэртээ нууж татдаг, 79 хувь нь дэлгүүрээс чөлөөтэй худалдан авах боломжтой, 80.9 хувь нь нас харгалзахгүй бидэнд тамхи худалддаг гэсэн. Бас сурагчдын дунд хийсэн судалгаагаар 58.9 хувь нь сүүлийн 30 хоногт зар сурталчилгааны самбар дээрээс тамхины сурталчилгааг харсан, 40.8 хувь нь 30 хоногт сонин хэвлэлээс тамхины сурталчилгааг харсан, 9.9 хувь нь тамхины брэнд лого бүхий эд зүйл өөрт нь байдаг, 11.2 хувь нь тамхины компаниас тамхи үнэгүй авахыг санал болгосон гэсэн судалгаа гарсан. Хэрэглээний хувьд насаар нь авч үзвэл 13 настай хүүхдийн тамхи таталт 14.1, 14 насных 23.5, 15 насных нь 37.8 хувь гарч байгаа гэлээ. Харин Эрүүл мэндийн яамны мэргэжлийн хүмүүсийн тайлбараар 15-64 насныхны дунд эмэгтэйчүүдийн 6.9 хувь, эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг. 13-15 насныхныг авч үзвэл өсвөр насны охидуудын 13.3 хувь нь тамхи татаж байна. Насанд хүрсэн эмэгтэйчүүдээсээ 2 дахин их тамхи хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь тамхи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өсвөр насныханд илүү чиглэж байгааг харуулж байна.

Хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаагаар эцэг эх нь тамхи татдаг бол хүүхэд амьгүй төрөх, нярайн эндэгдэл гарах эрсдэл 2 дахин нэмэгддэг. Хүүхдийн амьсгалын замаар өвдөх эрсдэл 30 хувиар нэмэгддэг. Гэрт нэг хүн тамхи татдаг бол тухайн хүүхэд амьсгалын замын өвчнөөр өвдөх нь 68 хувиар өсдөг бол 2 хүн татдаг тохиолдолд 88 хувь нэмэгддэг. Манай орны хувьд тамхины үйлдвэрлал сүүлийн 7 жилийн байдлаар 5 дахин нэмэгдсэн байхад дүнсэн тамхины имфорт 3000 гаруй дахин нэмэгдсэн. Нэг хүнд ноогдох тамхины хэрэглээ сүүлийн 10 жилд 20 дахин өссөн байна. Харин хуулинд тамхинаас шалтгаалж гарсан галт түймэртэй тэмцэх талаар тусгасан зүйл байхгүй байна. Мөн тусгай зөвшөөрөл авсан тамхи үйлдвэрлэгч 8 компани байдгаас 2 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин тамхи импортлогч компаниуд олон байдаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд 4 компанид тамхи гаднаас оруулж ирэх эрх шинээр олгожээ. Р.Буд гишүүн хэлэхдээ тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд очсон байхад гаднаас оруулж ирэхээр шинээр зөвшөөрөл олгодог нь ямар учиртай юм бэ? асуухад С.Ламбаа сайд тамхи импортлох санал маш их орж ирдэг. Засгийн газар дээр их яригддаг ч бизнесийн үйл ажиллагаа болохоор хориглоход төвөгтэй байдаг гэлээ. УИХ-ын гишүүн Х.Жекей, нийт хүн амын 30 орчим хувь нь тамхи татдаг гэлээ. Бусад оронд хууль гаргахгүйгээр хүмүүсийн санаачлага дээр тулгуурлаж, урьчдилан сэргийлэх ажиллагаа их явагддаг. Энэ хуулинд урьдчилан сэргийлэх талаар юу тусгасаныг харахад дорвитой зүйл харагдсангүй. Охидууд тамхинд орж байгаа нь юунаас болоод байгаа юм бол. Сүүлийн үед жендэрийн асуудал их яригдаад доод талдаа тийм байдлаар нөлөөлөөд байгаа юм биш байгаа. Нөгөө талаар тамхины хэрэглээг дэндүү хорихоор гарах сөрөг нөлөө нь юу байгааг тооцох, эс тэгвэл урьдчилан сэргийлэх биш, харин өөр тийшээ явчих вий гэлээ. С.Ламбаа сайд хэлэхдээ тамхины эсрэг сурталчилгаа зурагт хэлбэрт шилжсэн. Тамхины хайрцган дээр байрлуулах манай зураачдын 35 бүтээлээс 6 нь шалгарч, ДЭБ-ын шагнал хүртэж, Монголд орж ирэх бүх тамхин дээр эдгээр зургийг байрлуулна. Тамхи татдаг газрыг хуульчилдаг бусад оронд, харин манайд энэ хууль хэрэгждэггүй. Энэ хууль гарвал төрийн ордноос эхэлж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бүлгийн хуралдаан дээр ярилцсан.

Сүүлийн үед утаагүй тамхи гарч, электрон тамхи гээд нэрлэсэн. Тэр нь амь насанд аюултайн хувьд утаат тамхинаас илүү болж хувирсан. Бас интернэтээр тамхи худалдаалах болсон. Харин сая НҮБ-ын конвенцээр эдгээрийг хориглосон учраас манайх хуулиндаа адил оруулж байгаа гэлээ. Харин Эрүүл мэндийн яамны ажилтны хэлж байгаагаар Монгол улс нэг жилд үйлдвэрлэж байгаа, экспортолж байгаа янжуур тамхины тоо 3 тэрбум 417 сая гаруйд хүрсэн. Үүний 5 хувийг Монголдоо үйлдвэрлэж, 95 хувийг импортоор оруулж байгаа. Олон улсын хэмжээнд тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд гурван арга байдагт татварыг нэмэгдүүлэх, тамхины сурталчилгааг бүрэн хориглох, тамхигүй орчинг бүрдүүлэх гэсэн гурван аргачлал бий. Манай хуулинд тамхины сурталчилгааг бүрэн хориглосон тохиолдолд тамхины хэрэглээг 8 хувиар бууруулах боломжтой. Харин манай оронд тамхины сурталчилгааг бүрэн бус хориглосон одоогийн нөхцөлд 10 жилд дөнгөж нэг хувиар буурах тооцоо гарсан байна. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, энэ хуулиар тамхийг бүрэн хорьсон байгаа. Тамхины хяналтын тухай конвенцид дотоод орчинд тамхи татахыг хоригложээ. Дотоод орчин гэж юу вэ гэдэгт нэг дээвэртэй, нэг ба түүнээс дээш ханатай болгоныг хэлжээ. Монгол гэр үүнд орох уу, энэ хууль хир хэрэгжих бол гэсэн асуултанд С.Ламбаа сайд хариулахдаа манайх өвөрмөц орон сууцтай орон. Харин конвенциар бүх юмыг хорьсон байгаа. Гэр бол харин ч агаар солилцооны хувьд дээд зэргийнх гэж үздэг гэлээ.

Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ 10 мянган хүнд ноогдож байгаа өвчлөл дотор 20 хувь нь хорт хавдар байдгийн 12.1 хувь нь уушигны хавдар эзэлдэг гэсэн тооцоо байгаа. Манайд оруулж ирж байгаа тамхинд стандарт гэж байгаа юу. Бусад оронд хэрэглээ өндөр ч стандарт чанарын хяналт сайн байдаг. Энэ парламентын хувьд гаргасан муу хууль, хамгийн муу ажил гэвэл шар айрагны реклам явуулах эрх олгосон явдал гэлээ. Уушигны хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаагийн дийлэнх эрэгтэйчүүд байдаг. Энэ нь тамхиы хэрэглээтэй холбоотой. Тамхи уушигны хорт хавдрын 90 хувьд гол шалтгаан болдог нь тогтоогдсон. Тамхинд тавих стандартын тухайд янжуур болон дүнсэн тамхины стандарт гэж мөрддөг. Төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхийн зэрэгцээ аж ахуй нэгж, байгууллага дотоод журмын хүрээнд тамхины хяналтын хууль тогтоомжинд хяналт тавихаас гадна хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд олон нийтийн хяналт тавихаар заажээ.

Ц.Мөнх-Оргил гишүүн хэлэхдээ халдварт бус өвчний ихэнх нь архи тамхитай холбоотой. Энэ чухал асуудлыг Засгийн газар харин ч оройтож оруулж ирж байна. Хэрэглээг багасгах арга бол татвар нэмэх. Татвар нэмэх асуудлаа нэг мөр оруулж ирж болдоггүй юмуу гэсэн бол Г.Баярсайхан гишүүн, ДЭБ-ын зөвлөмжийн дагуу амт, үнэр оруулсан тамхийг хэрэглэхийг хориглохоор заасан байгаа. Хавдын шалтгаан болж байгаа эдгээр хортой тамхинаас сэрэмжилсэн заалт оруулах нь ач холбогдолтой гэлээ. Уг асуудлыг гишүүд удтал хэлэлцсэний эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, НББСШУБХ-нд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.