Монголын парламентын зочидын БНЭУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө
2010.12.13

Монголын парламентын зочидын БНЭУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

Хамтын ажиллагааны 55 жилийн түүх их

INDIA001Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн  Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй албан ёсны  айлчлал Дэли хотын төвд орших Махатма Гандигийн дурсгалын цогцолбор Ражгатад хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.

 

Спикер Д.Дэмбэрэл, түүний гэргий М.Долгорсүрэн нарыг  дагалдан яваа  УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Одбаяр, дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Иргэний зориг намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн албан ёсны анхны уулзалт БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.М.Кришнагийн бараалхалаар эхлэв.

 

Ноён С.М.Кришна, Монгол Улсын Их Хурлын эрхэмсэг даргын айлчлалд гүн хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд “Энэхүү айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагаа үлэмж дотно гүнзгийрсний баталгаа юм. Цөөхөн сарын өмнө БНЭУ-ын Парламентын Лок Сабхагийн дарга Мейри Кумар Монгол Улсад айлчилсны дараа богино хугацаанд ийнхүү харилцан айлчилж байгаа нь нэн  сайшаалтай” хэмээн  онцлов.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, хоёр орны харилцааны эрхэм уламжлалыг тодотгон “1961 онд Монгол Улсыг  НҮБ-ын гишүүнээр элсэхэд Энэтхэгийн удирдагч Жавхарлал Неру ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ингэж Энэтхэгийн ард түмний дэмжлэгийг монголчууд хүлээхэд Ж.Неругийн оруулсан түүхэн хувь нэмрээр холбогдсон хоёр орны дипломат харилцааны 55 жилийн ой тохиож буй үеэр танай сайхан оронд  зочилж байгаадаа баяртай байна.

 

INDIA00255 жилийн түүх их. Өнгөрөгч оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-д айлчилсан. Энэ мөчөөс хоёр орны харилцаа дахин шинэ утгаар баяжин, иж бүрэн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улс Энэтхэгийг гурав дахь хөршөө хэмээн үздэг. Иймээс хоёр орны батлан хамгаалах болон  гадаад харилцааны хүрээнд зөвшилцөх харилцаа хамаарлыг бий болгох нь зүйтэй. Энэтхэгийн парламентыг бид хамгийн ардчилсан парламентын нэг гэж үздэг. Гадаад бодлогод, бүс нутгийн  болон олон улсад хамтарч ирсэн сайхан туршлага бидэнд бий. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус улсыг байнгын бус гишүүнээр Монгол Улс дэмжиж ирсэн, цаашид ч байнгын гишүүнээр дэмжих бүрэн боломжтойгоо нотолж байна. Энэчлэн  олон салбарт цаашид хамтран ажиллах боломж байна” гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн юм.

 

Ноён С.М Кришна, Монголын УИХ-ын даргын  үг илэрхийлэлд бүрэн сэтгэл ханамжтай байгаагаа дурдаад “Улс төр, эдийн засаг, цөмийн энергийг энхийн зорилгод ашиглах, мөн уул уурхайн салбарт хамтран ажиллах сайхан ирээдүй байна” гэлээ.

 

Эл уулзалтын дараа спикер Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч, парламентын Ражья Сабхагийн дарга М.Ансари хүлээн авч уулзсан юм.

 

Спикерүүд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны уламжлалыг дахин тодотгоод,  хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх,   мэргэжлийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэхэд болон  орчин үеийн техник технологийн өндөр ололтоос  суралцахад Энэтхэгийн талаас туслах боломжтой талаар  ярилцлаа.

 

INDIA003УИХ-ын дарга Д.Дэмбэрэл боловсролтой сайн мэргэжилтнүүд  хоёр орны ирээдүйн хөгжлийн  гүүр болно гэдгийг дурдахын хамт  Энэтхэгийн парламентаас суралцахын сайн үлгэрийг чухалчилж байв. Тэрээр  ирэх сард Монгол Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулга уулзалтад  ноён М.Ансари, түүний танхимын олон намын төлөөллийг айлчлахыг урьлаа.

 

Дэд ерөнхийлөгч М.Ансари “Д.Дэмбэрэл даргын хэлсэн үгэнд талархаж буйгаа илэрхийлээд, Дорнын ард түмний биесээн хүндэтгэх эрхэм уламжлалыг танаас олж харж байгаадаа  баяртай байна. Таны өгүүлсэн бүхэнтэй санал нэг байна гэлээ.

 

Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Мотилал Неру, Жавхарлал Неру, Индра Ганди, Ражив Ганди нарын гэр бүлийн үе дамжсан удирдагчид болон  Энэтхэгийн үе үеийн удирдагчдын  хөрөг зураг бүхий  Парламентын төв танхим, гишүүдийн  уншлагын танхимтай танилцлаа.

 

Энэтхэгт өдөрт 3000 гаруй хэвлэл, сонин сэтгүүл хэвлэгддэг бөгөөд эдгээр мэдээллийн тоймыг гишүүдэд багцлан мэдээлэх үүрэгтэй 1000 хүнтэй судалгаа шинжилгээний баг ажилладаг байна.

Төлөөлөгчид дараа нь парламентын сөрөг хүчний удирдагч Сушма Свараж болон Гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзсан юм. Парламентад нь 24 намын төлөөлөл бүхий сөрөг хүчин ажилладаг нь 116 гишүүнтэй байна.

Монгол бол ардчиллыг дээдлэгч орон гэв

INDIA004Айлчлалын оргил арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн дарга, хатагтай Мейра Кумартай уулзаж  хэлэлцээ хийсэн явдал байлаа.

 

Эрхэмсэг хатагтай Мейра Кумар “Танай сайхан оронд хийсэн айлчлал миний өмнө нь хийсэн бүх айлчлалуудын дотроос сэтгэлд хамгийн их хоногшсон нь байлаа. Манай хоёр орны харилцаа 2500 жилийн түүхтэй. Эдүгээ хоёр орны харилцаа улам илүү олон нөхцлөөр баяжиж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний айлчлал чухал. Үүнд өнгөрөгч жил хийсэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг зүй ёсоор хэлмээр байна. Таны энэхүү төрийн айлчлал мөн энэ хүндэтгэлд тооцогдоно. Танай сайхан орон ардчиллын сайхныг үнэн сэтгэлээсээ дээдэлдэг нь хоёр орны үнэт зүйл юм. Үүнд эрх зүйт төр, хүний эрх, эрх чөлөөг хүндлэхээс эхлээд бусад бүх үндсэн зарчим хадгалагдаж байгаа билээ. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар бид олон зөвшилцөл хийж, хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд гаргасан. Мөн үеэр цөмийн энерги, эрүүл мэнд, соёл урлаг, тэтгэлэгт хөтөлбөрийн асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсан нь найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлсэн. Монгол Улс Энэтхэгийг НҮБ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлд дэмжиж ирсэн, дэмжиж байгаад талархаж байна. Лок Сабхад Энэтхэг Монголын парламентын бүлэг байгуулагдаад ажиллаж байна. Монгол Улсын ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийхийг Энэтхэгийн тал хүсч байгаа.Эрдэс баялгийн сайд Шийла харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал явдал болсон гэж үзэж байна. Хоёр орон оюун санааны хувьд анд нөхрийн гүн сэжим холбоотойг танай оронд очихдоо сүндэрлэн босч буй барилгууд хийгээд , эд өлгийн олон зүйлсээс харсан. Монголын илүү олон оюутан Энэтхэгт сурч, хинди хэл, соёлд суралцаж байгаад баяртай байдаг.  Энэ бүх харилцаа, хамтын ажиллагаагаа дахин нотолсон санамж бичигт    эрхэм спикер Д.Дэмбэрэл тантай гарын үсэг зурах гэж байгаадаа баяртай байна. Танай оронд бид гайхамшигтай зочилсон. Түүнээс үл дутах сайхнаар бид хүлээн авах учиртай. Танай орны ард түмний удирдах арга барил үнэхээр гайхамшигтай юм билээ шүү” гэж хэллээ.

Спикер Д.Дэмбэрэл “Гүн хүндэтгэн уулзаж буйд баяртай байна. Сайхан харилцааны уламжлалаа хүндэтгэж бид өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Манай багт Монголын парламентын ажиллаж байсан, ажиллаж байгаа гурван спикер, таван сайд багтжээ. Та хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон сайхан ололтыг тэмдэглэж хэллээ. Дээд удирдлагуудын ойр ойрхоны уулзалт үүнийг улам төгөлдөр агуулгажуулж байна. Бид парламент хооронд харилцаа, хамтын ажиллагааны 40 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ. Иж бүрэн түншлэлийн хэмжээнд  НҮБ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, батлан хамгаалах, гадаад харилцаанд зөвшилцөх механизмыг баримталъя гэсэн санамж байдаг. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Хууль зүйн яамд, Төрийн албадын зөвлөл хооронд шууд харилцаа холбоо тогтоох хэрэгтэй байна. Уул уурхайн салбарт хамтрахыг сая тэмдэглэсэн. Эрдэс баялгийн салбарт та бүхний хөрөнгө оруулалтыг дэмжихэд бэлэн байна. Хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, боловсролын салбарт Засгийн газар хоорондын ажил сайн байгаа. Илүү сайн болно гэдэгт найдаж байна. Энэтхэгийн талаас үзүүлсэн 25 сая долларын зээлийг үр ашигтай зарцуулж байна, мөн нэмэгдүүлэн үзүүлж буй 20 сая долларыг үр ашигтай зарцуулах аргыг эрэлхийлж, нүүрс олборлох, химийн үйлдвэрийн цогцолборыг барих туршлага, мал аж ахуйн дэвшилтэт технологи, газрын харилцааны салбарын туршлага ололт, түүх соёлын салбарын туршлагуудыг өргөн нэвтрүүлэх хүсэлтэй байна. Энэ чиглэлүүдээр манай олон залуусыг сургах таны хүсэл эрмэлзэлтэй санал нэг байна. Бид НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөлд танай орныг дэмждэг, дэмжих бодлогоо дахин нотолж байна” гэж хэлсэн  юм.

Уулзалт хэлэлцээ онцгой найрсаг, эрхэмсэг өндөр хэмжээнд болсон бөгөөд хоёр спикер Парламент хоорондын санамж бичигт гарын үсэг зурж, дурсгалын бэлэг солилцов.

Монголыг бурхнаас ивээгдсэн баялагтай  орон гэлээ

УИХ-ын даргын айлчлалын хүрээнд спикерт БНЭУ-ын  Гангийн үйлдвэрлэлийн сайд Вирбадра Сингх, атомын энергийн газрын дарга Шрикумар Банержи нар бараалхсан юм.

Эдгээр уулзалтууд онцгой ач холбогдолтой болсон билээ. Гангийн үйлдвэрлэлийн сайд В.Сингх “Монгол бурхнаас ивээгдсэн эрдэс баялгийн гайхамшигт нөөцтэй орон. Хоёр орны эдийн засаг, экспорт, импортын шинэ шинэ санаа санаачлагыг  нэмэгдүүлж, ашигт малтмалын хөрөнгө оруулалтын ашигтай шийдлийг олоход хамтран ажилламаар байна. Жишээ нь, Хятадаар дамжуулж бараа бүтээгдэхүүн авахад 1450 км, Оросоор бол хоёр дахин их зам туулах болдог.  Хоёр орон коксжсон нүүрс, эрчим хүчний салбарт хамтран ажиллах маш их бололцоо байна” гэж онцоллоо. УИХ-ын дарга сайдад , нүүрс боловсруулах, эрчим хүчний салбарт  Монголын Засгийн Засгийн газрын Эрдэс баялаг,эрчим хүчний яамаар дамжуулан төмөрлөгийн үйлдвэрүүдтэй холбогдон, ойрын үед очиж хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх боломжтойг дуулгахад таатай байгаагаа хэлсэн билээ.

Цөмийн энергийн газрын дарга Шрикумар Банержи Энэтхэг орон эрчим хүчний хөрөнгө оруулалт, нөөц чухал байгааг онцолсон. Нэн ялангуяа ураны хэрэглээ ихээхэн шаардлагатайгаа хэлэв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын цөмийн энергийн талаар баримтлах эрх зүйн баримт бичиг, хуулиа танилцуулж, уран хамтран олборлох, түүнчлэн энэ чиглэлд боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас дэмжлэг үзүүлэхийн чухлыг онцолсон юм.

УИХ-ын дарга Лок Сабхагийн телевизэд ярилцлага өгөв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн айлчлалын хүрээнд, Лок Сабхагийн телевиз ярилцлага авсан юм. Монголын, Энэтхэгийн ардчиллын хөгжлийг хэрхэн дүгнэж байгаа талаар, парламент хоорондын ардчиллыг хөгжүүлэхэд ямар арга замууд буй талаар, парламентад таван удаа сонгогдож, сайд, спикер хийсэн хүний  хувьд өөрийн улс төрийн амьдралыг хэрхэн дүгнэж буй зэрэг агуулгаар асуултууд тавигдсан юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Агра хот дахь Таж Махаал цогцолборыг үзэж, сонирхоод БНЭУ дахь айлчлалынхаа сүүлчийн өдөрт Баруун Бенгал мужийн Колката хотод зочиллоо. Тэрээр, тус мужийн Ассемблейн даргатай уулзаж, Энэтхэгийн хамгийн том Гангийн үйлдвэртэй танилцсан.

Мөн тус мужаас төрсөн Энэтхэгийн их суу билэгт найрагч, Нобелийн шагналт Р.Тагорын гэр музейд зочилсон юм. УИХ-ын даргын Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын зүг хөлгийн жолоо заллаа гэж УИХ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.