Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах хуулийн төслийг дэмжлээ
2010.12.14

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын Тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.chuulgan_2010_05

 

Хууль санаачлагчын илтгэлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга танилцууллаа.


Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэлт, худалдах, худалдан авах тогтолцоо ченжүүдийн сүлжээгээр зохион байгуулагдаж малчид, тариаланчид нь боловсруулах үйлдвэрүүдтэйгээ шууд харьцах боломж бүрдэхгүй байгаа. Судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнх улс орнууд мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эдийн зах зээлд учирсан дээрхи хүндрэл бэрхшээл, сөрөг үзэгдлийг “худалдааны сүлжээ бүхий төрөлжсөн зах ажиллуулах, эсхүл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах” замаар шийдвэрлэсэн байдаг байна.

 

Иймд манай орны нөхцөлд тохирсон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн санаачилга, үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан явуулах бодит шаардлага тулгараад байгаа аж.

 

Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, П.Алтангэрэл гишүүн, монголд  өмнө нь хөдөө аж ахуйн бирж байгуулан амжилттай, амжилтгүй ажиллаж ирсэн  туршлага бий. Баг бүр түүхий эд борлуулах агенттай, агуулах сав гарган үйл ажиллагаагаа явуулж байсан ч  боловсон хүчин, бүтээгдэхүүн агуулах савны хүрэлцээ, нөхцөл боломжийг дутуу тооцоолсноос  дампуурч байсан. Гэвч  өмнөх туршлагаас авах сайн талууд бий гэж үзэж байна.Энэ талаар туршлага судалсан уу. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд хичнээн тооны бирж байгуулагдаж, хичнээн хүн ажиллуулах юм бэ гэсэн бол гишүүн Д.Батбаяр, малчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон шат дамжлагагүйгээр  биржээр дамжуулан шууд худалдах боломж бүрдэнэ. Биржийн үйл ажиллагаанд төрийн болон хувийн байгууллагууд ямар хэлбэрээр оролцох вэ гэж асууж байлаа.

 

90-ээд оноос өмнө ажиллаж байсан туршлагад турлгуурлан  тухайн үед   ажиллаж байсан туршлагатай ахмад хүмүүстэй уулзаж санал солилцсон. Улсын хэмжээнд  хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн нэг л  бирж үйл ажиллагаа явуулна. Материаллаг баазын хувьд хөрөнгийн биржийг түшиглэнэ. 2011 оны улсын төсөвт 4 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Орон нутагт үйл ажиллагаа явуулах брокер  хоршоо цахим хэлбэрээр биржийн арилжаанд оролцоно. Эхний ээлжинд Баруун, Зүүн, Төвийн бүсээс гурван аймгийг сонгон шалгаруулж туршилт явуулах юм  гэсэн хариултыг ХХААХҮ-ийн  төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга өгөв. Мөн Ц.Сэдванчиг гишүүн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдах бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтын талаар, Ц.Шинэбаяр гишүүн биржийн бус арилжааг хэрхэн зохицуулах, хууль бус экспортыг зогсоох талаар  асуусан тодруулгадаа,  хөдөө аж ахуйн биржээр эхний ээлжинд мах, ноолуур, буудай борлуулна. Хуулийн төсөлд  биржийн бус арилжааг хаасан хариуцлагын тогтолцоог тусгаж өгсөн байгаа. Биржийн зөвшөөрөл, тодорхойлолтгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадагш гаргахгүй гэсэн хариултыг авав.

 

Энэхүү хуулийн төсөл хэлэлцэн батлагдвал  хөдөө аж ахуйн гаралтай  бараа,түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжих, үйлдвэрлэгчид улирлын чанартай бэлтгэдэг түүхий эдээр тасралтгүй хангагдах болон түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг урьдчилсан нөхцөлүүд бүрэлдэнэ гэж үзэж байгаа юм байна.

 

Эцэст нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн  хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  үзлээ.

 

Референт Б.Янжинлхам

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.