УИХ-ын гишүүн  Я.Батсуурь  Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ
2010.12.15

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ц.Сэдванчиг нарын гишүүд Ерөнхий сайд С.Батболдод Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны тайлангын асуудлаар асуулга хүргүүлсэн байна.
Асуулгын бүрэн эхээр нь нийтлэж байна.batsuuri_ya_uih

Асуулга тавих тухай

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, тухайн жилийн үйл ажиллагааны тайлан болон улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын илтгэл, байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсч, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоол гаргах, хариуцлага тооцох тухай Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 46, 51-р заалтууд энэ удаагийн УИХ, хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжилгүй өнөөг хүрлээ.

Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар УИХ-аас Засгийн газарт болон цөөнхийн зүгээс олонхийн үйл ажиллагаанд тавих хяналт, шаардлага, хариуцлагын тогтолцоо суларч, улмаар төр, засгийн үйл ажиллагааны үр дүн буурах хандлага газар авч байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараахь асуулгыг тавьж байна. Үүнд:
  • Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан;
  • Хамтарсан Засгийн газрын 2008-2010 оны үйл ажиллагааны тайлан;
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэргийг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлж дүгнүүлэх, цаашид Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой чиглэл, заавар гаргуулах арга хэмжээг авна уу.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН  Я.БАТСУУРЬ, Ц.СЭДВАНЧИГ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.