2025.06.10

Д.Рэгдэл: Либерал ардчиллын зарчимд хувь хүний эрх нэгдүгээрт бол монгол хүний хувьд нийтийн эрх ашиг тэргүүнд явдаг

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025.06.10ны өдрийн хуралдаанаар "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, үг хэллээ.

1.1.2-т Монгол хүний сэтгэхүй, үнэт зүйлд суурилсан хүн судлалын судалгаа гэж байна. Үнэт зүйлд суурилсны ард таслал байна уу? үгүй юу? Энэ нь 2 өөр утга. Таслал байвал нэг талаар ойлгож болж байна. Байхгүй гэж үзвэл энэ өөр ойлголт болох юм.

Монгол хүний сэтгэхүй, онцлогийг бид өнөөдөр либерал ардчиллын зарчмуудтай шууд холбон тавьсан байна. Либерал ардчиллын зарчмаар хүний эрх, эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө бол ямагт нэгдүгээрт байдаг.

Монгол хүний хувьд үнэт зүйл бол хувь хүний эрх, эрх чөлөө нэгдүгээрт байдаггүй ийм том зөрчилтэй. Нийтийн эрх ашгийн төлөө, нүүдэлчин сэтгэхүй маань нийлж явдаг. Энэ тухай судлах зүйл их. Үүнийг Монголын Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл ч судлаад барахгүй. Үүн дээр тодорхой төсөл санаачлаад мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар, зардлаар хийх нь зүйтэй. Төсөв хуваарилан суулгуулахын хувьд Засгийн газар шийдэх бүрэн боломжийн асуудал гэж харж байгаа. Учир нь нэмэгдэл цалингийн асуудал нь үндсэндээ Засгийн газрын тогтоолоор шийдэгдэнэ. Ёс зүйн дэд хорооны гишүүн хүний нэмэгдэл тэдэн хувь байна гээд нэмэгдэл дээр оруулбал энэ асуудал хүндрэлгүйгээр шийдэгдэх юм. Ажлыг сайн хийе гэж бодвол, Ёс зүйн дэд хороодод сайн ажилладаг хүнээ авч ажиллуулбал мөнгө зарцуулахаас өөр аргагүй. Үүнийг хэрэгжүүлэхэд манай байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Ёс зүйн хороо санаачилга гаргаад Засгийн газрын тогтоол санаачлуулаад явах нэг зам байна. Судалгаа хийлгэх санааг дэмжиж байгаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн