УАӨ-тэй тэмцэх санхүүжилтэд үйлдвэржсэн орнууд 2012 он хүртэлх 30 тэрбум ам.доллар гаргана
2010.12.20

УАӨ-тэй тэмцэх санхүүжилтэд үйлдвэржсэн орнууд 2012 он хүртэлх 30 тэрбум ам.доллар гаргана

Мексикийн Канкун хотноо хоёр долоо хоног үргэлжилсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал амжилттай өндөрлөлөө.nogoon_herem

Бага хурал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрхзүйн шинэ баримт бичгүүдийг хараахан батлан гаргаж чадаагүй боловч олон чухал асуудлаар тохиролцоонд хүрч, багц асуудлууд агуулсан Канкуны Зөвшилцөл нэртэй баримт бичиг батлан гаргалаа. Энэ нь цаашдын яриа хэлэлцээ явуулах, шинээр батлан гаргах баримт бичгийн  агуулгын талаар зарчмын зөвшилцөлд хүрсэн явдал юм.

Канкуны Бага хурлаас гаргасан багц шийдвэрт олон чухал асуудлыг тусгаж, холбогдох шийдвэрүүд гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудыг хамгаалах, тэдний ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг төлөвлөх боломж олгох санхүүгийн болон  технологийн асуудлаар тодорхой шийдвэр гаргав. Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын бага хурлын удирдлага дор ажиллах “Уур амьсгалын Ногоон сан” байгуулах, энэ сан нь үйлдвэржсэн болон хөгжиж байгаа орнуудын төлөөллийг жигд оруулсан сангийн зөвлөлтэй байхаар шийдвэрлэв.

Санхүүгийн эх үүсвэрийн хувьд хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан үйлдвэржсэн орнууд эхний ээлжинд 30 тэрбум ам.долларыг 2012 он хүртэлх хугацаанд гаргах, удаан хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулан энэ санхүүжилтийг 2020 гэхэд 100 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр болов.

Хөгжиж буй орнуудад дасан зохицох арга хэмжээ, төслүүдийг эртнээс төлөвлөж хэрэгжүүлэх боломж олгохын тулд “Канкуны дасан зохицох үндсэн зарчим” баримт бичиг батлан гаргав.

Байгаль, уур амьсгалд ээлтэй технологи дамжуулах, нэвтрүүлэх механизм бүрдүүлж, дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд “Технологийн Гүйцэтгэх Хороо”, Уур амьсгалын Технологийн төв болон сүлжээг байгуулахаар шийдвэрлэв.

Канкуны зөвшилцөлд туссан нэг чухал асуудал бол хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар үйлдвэржсэн болон хөгжиж байгаа орнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудал байв. Үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар тодорхой үүрэг хариуцлага хүлээхээ хүлээн зөвшөөрч, бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн төлөвлөгөө, стратеги боловсруулах, зах зээлийн механизм ашиглах, хүлэмжийн хийн тооллого, тооцоогоо жил бүр гаран илтгэж байхаар болов. Хөгжиж байгаа орнуудын хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар болж, ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон технологийн дэмжлэг авахын тулд үйл ажиллагаагаа олон улсын түвшинд бүртгүүлэх, хэрэгжилтийн тайланг хоёр жил тутам хэвлүүлж байхаар болов.

Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад ойг хамгаалах замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх, мөн байгальд ээлтэй, тогтвортой хэрэгжих төслүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийх, технологи нэвтрүүлэхэд чиглэсэн Цэвэр хөгжлийн механизмыг боловсронгуй болгохоор тогтлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар яриа хэлэлцээ явуулах хоёр ажлын хэсгийг ирэх онд үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ирэх жилийн Бага хурлыг ӨАБНУ-д 2011 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.