Тавдугаар цахилгаан станцын асуудлыг УИХ-аар ярилаа
УИХ-ын чуулганы баасан гаригын үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар тавьсан асуулгын хариуг сонсов.
Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өглөө. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын багцад 2010 онд 52.2 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээнд 15.4 тэрбум, цахилгаан дамжуулах шугам, дэд станцад 21.9 тэрбум төгрөг ноогдож байна. Эдгээр санхүүжилтийн 87.3 хувь нь шинээр эхлэх ажлуудад , 12.7 хувь нь урд оноос шилжиж байгаа барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад зарцуулагдаж байгаа ажээ. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудад ноогдох санхүүжилтийн 22.0 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийг томоохон дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахад зориулагдаж байна.
Түүнчлэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг ашиглан Улаанбаатар хотыг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчээр хангах” техникийн тусламжийн хүрээнд шинээр баригдах “Улаанбаатар ДЦС-5” төслийн техникийн судалгааг хийж гүйцэтгэхээр Азийн хөгжлийн банк болон Монголын талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зөвлөх компанийн багийн ахлагч, дотоодын зөвлөх болон төслийн нэжийн мэргэжилтнүүдийн хамт “Улаанбаатарын ДЦС-5“ төслийн эзэмшилд нийслэлийн Засаг даргын 2008 оны 275 дугаар захирамжаар олгосон Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улиастайн аман дахь газрын байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагатай уулзан мэдээлэл авч, төслийн талаар санал солилцон ажиллаж байна. Эдгээр санал, зөвлөмжүүдийг төслийн судалгааны ажилд тусган, зөвлөх үйлчилгээний даалгаварт орсон 1-2 баршлыг нэмж судлахаар зөвлөх компани ажиллаж байна.
УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолоор баталсан төлөвлөгөөний нийслэлийн авто замын засвар, арчлалт болон шинээр авто зам барих тухай заалтыг хэрэгжүүлэхээр 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих” чиглэлээр 4 тэрбум 65.0 сая төгрөг, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 65 тэрбум 76.2 сая төгрөг, нийт 69 тэрбум 141.2 сая төгрөгийн өртөг бүхий авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажил хийгдэхээр батлагдаж, өнөөдрийн байдлаар нийт ажлын хэрэгжилт 70 хувьтай явж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.
Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ/Бичлэг үзэх/, Ц.Батбаяр, Н.Ганбямба, Д.Балдан-Очир/Бичлэг үзэх/, Д.Ганхуяг/Бичлэг үзэх/, Л.Гүндалай, Ц.Шинэбаяр/Бичлэг үзэх/, Г.Баярсайхан/Бичлэг үзэх/, А.Тлейхан /Бичлэг үзэх/ нар асуулт асууж хариулт авлаа. Ц.Батбаяр гишүүн, нийслэлийн цахилгаан, дулааныг шийдвэрлэх асуудлыг сонгуулийн амлалтад оруулсан. Ялангуяа хотын зүүн хэсэгт цахилгаан, дулаан хангамжийн ямар ч эх үүсвэр алга байна. “ДЦС-5”-ыг барих газрын асуудлыг хэзээ бүрэн шийдвэрлэх юм бэ. Цахилгаангүй айлууд яаж аж төрж байгаа бодит байдал дээр нь надтай цуг явж танилцахыг эрчим хүчний сайдаас хүсч байна гэлээ.
Улаанбаатар хотын дулаан, цахилгааныг нэмэгдүүлэх асуудлыг олон жил ярьсан ч судалгаа хийгээгүй дутагдал байсан. Иймд АХБ-тай хамтран судалгааны ажил хийгдэж байна. “ДЦС-5”-ыг хаана барих талаар судлаачдын дүгнэлт гарсан. Нийслэлийн дулааны эх үүсвэрийг түлхүү үйлдвэрлэх ТЭЦ-3-ыг өргөтгөх ажил хийгдэхээр төлөвлөгдөж байгаа . 6776 айл өрх төвлөрсөн цахилгаан станцад холбогдоогүй судалгаа бий. 2009 онд таван зуугаад айл өрхийг цахилгаантай болгосон. Үлдсэн айлуудын асуудлыг байгаа төсөвтөө багтаан гүйцэтгэнэ гэсэн хариултыг сайд өгөв.
Гишүүн Л.Гүндалай, Улаанбаатарт “ДЦС-5”-ыг бариагүй цагт утаанаас салж, орон сууц барьж чадахгүй. Байгаль орчны үнэлгээ хийх мөнгө хайж байгаа гээд байх юм. Юугий нь үнэлэх гээд байгаа юм бэ. Ингэж цаг алдаж байх ямар хэрэгтэй юм. Харин нийслэлийн замын асуудал сүүлийн нэлээн сайжирч байгааг хэлэх хэрэгтэй. Цаашид түгжрээг арилгах тал дээр бодитой ажил хиймээр байна гэв.
Түүний асуултад сайд хариулахдаа, Гүндалай гишүүн буруу ойлголттой байна. Судалгаа хийгдээд дуусч байна. Ер нь ажил удааширч байгаа нь үнэн. Харин техник, эдийн засгийн үндэслэлийг баталж авсан цаашид ажил явна гэлээ.
Мөн Г.Баярсайхан гишүүн, 2008 оноос “ДЦС-5”-ыг барих асуудал яригдаж байсан. Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлж уушигны өвчтэй хүмүүс олширч байна. 2008 оноос Засгийн газар маш олон гэрээнд гарын үсэг зурсан ч хийгдэж байгаа ажил харагдахгүй байна. Гаднаас эрчим хүчний хараат байдалтай олон жил явж байна. Ингээд цаг алдаад суугаад байж болохгүй. Цахилгаангүй айлуудыг гэрэлтэй болгоход 150 сая төгрөг зарцуулсан гэж байна. Манай Чингэлтэй дүүрэгт л гэхэд гэрэл цахилгаангүй айл олон бий гэсэн юм.
Эцэст нь Ц.Батбаяр гишүүн асуулгын хариуд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлж, асуулгын хариугаа Ерөнхий сайдаас авах ёстой байсан ч яамны сайдаа явуулж өөрөө хүрэлцэн ирээгүй нь нийслэлчүүдийн өмнө тулгараад байгаа цахилгаан, дулааныг шийдвэрлэх гол асуудалд ач холбогдол өгсөнгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрээр хариуцлагын тогтолцоог өндөр болгох тал дээр их хурал цаашид анхаарах хэрэгтэйг сануулсан юм .