Парламентын сэтгүүлчид оны шагналаа олгов
Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо өнгөрөгч оны ажлаа дүгнэх уулзалт ярилцлагыг олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион явууллаа. Тус холбооны тэргүүн, ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэл хэлэхдээ Парламентын сэтгүүлчдийн холбоо өнгөрсөн хугацаанд УИХ-ын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд үе үеийн парламентад ажиллаж байсан сэтгүүлчдийн дурсамж, нийтлэлийн номыг эмхэтгэн гаргасанаас гадна гэрэл зургийн сурвалжлагчдын үзэсгэлэн, парламентын сэтгүүлчдийн тухай теле нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн талаараа мэдээллээ.
Түүнчлэн холбооныхоо гишүүн сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарч хоёр сэтгүүлчид гэр олгосноос гадна сэтгүүлчдээ орон сууцны зээлд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гол тулгуур болж, дэмжин ажилласан байгууллага нь УИХ-ын Тамгын газар байсныг үнэлж Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо оны шагналаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид гардууллаа. УИХ-ын Тамгын газар сэтгүүлчдийн ажиллах ая тухтай нөхцлийг хангаад зогсохгүй тэднийг мэдээллээ шуурхай дамжуулах техник хэрэгслээр хангахад анхааран ажилласан бөгөөд цаашид Тамгын газартай хийсэн гэрээний дагуу парламентын сэтгүүлчдийг чадваржуулах, тэднийг тогтвортой ажиллуулах чиглэлээр сургалт зохион байгуулахаас гадна бусад орны парламентын үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулах зэрэг тодорхой хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөжээ.