“Гэрээг дүгнэхэд эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг эн тэргүүнд анхаарна”
Нэг. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний тухай
“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 23-р заалт, 51.1.8 дугаар заалтыг үндэслэн Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчид хувиарлагдсан төсвийн багцын хүрээнд Засгийн газарт нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгжилтийг хангах үүднээс Аймаг, Нийслэлийн Засаг дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээг байгуулан ажиллаж байна. 2010 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчид 251,0 тэрбум төгрөг батлагдсанаас 207,7 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 43,3 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулагдахаар хувиарлагдсан. Энэхүү хувиарлагдсан зардлын хүрээнд Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагч болон Нийслэл, 21 аймгийн Засаг дарга нарын 2010 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний санхүүжилтийг тусган 2009 оны 12-р сард гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс Аймаг, Нийслэлийн Засаг нартай байгуулсан гэрээний 2010 оны эхний хагас жилийн биелэлтийг гаргуулж, дүгнээд байгаа бөгөөд бүтэн жилийн гэрээг дүгнэх үзүүлэлтүүд бүрэн гараагүй байна.
Хоёр. Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн тухай (оны эхний 11 сарын байдлаар)
1. Эхийн эрүүл мэндийн асуудлаар:
2010 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 60660 эх амаржсан ба өнгөрсөн оны мөн үеэс 2487 тохиолдол буюу 3,9 хувиар буурсан байна. Эхийн эндэгдэл 11 сарын байдлаар 25 байгааг аймгаар хауулбал:
1. Архангай-1
2. Баян-Өлгий-1
3. Говь-Алтай-1
4. Завхан-1
5. Орхон-2
6. Өмнөговь-2
7. Сэлэнгэ-1
8. Увс-4
9. Ховд-1
10. Улаанбаатар-11
Нийт 9 аймаг болон нийслэлд нийт 25 эх эндээд байна. Гэвч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 24 эндэгдлээр буурсан байна.
2. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар:
Улсын хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар 1175 хүүхэд 1 хүртэлх насандаа эндсэн нь өнгөрсөн оноос 72 хүүхэд буюу 5,7 хувиар буурсан бол 1492 хүүхэд 5 хүртэлх насандаа эндсэн нь 34 хүүхэд буюу 2,3 хувиар нэмэгдсэн байна.
3. Халдварт өвчний асуудлаар:
Улсын хэмжээнд 36741 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 134,3 ногдож байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 1880 хүн буюу 5,4 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс гар хөл амны өвчнөөр өвчлөгсдийн тоо 2320 хүн буюу 10 дахин, бактерийн гаралтай хоолны хордлого 4,5 дахин, суулгат халдвар 1,5 дахин, вируст гепатит 13,7 хувиар өссөн байна. Энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд нийт 3947 хүн халдварт өвчнөөр өвчилснөөс вируст гепатитийн өвчлөл 51,6 хувийг эзэлж байна.
Гурав. Эрүүл мэндийн салбарын төсөв санхүүжилтийн тухай
2010 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчид 251,0 тэрбум төгрөг батлагдсанаас 207,7 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 43,3 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулагдахаар хувиарлагдсан. Хэдийгээр энэ онд төсвийн тодотгол хийгдсэн ч цас зуд, байгалийн бэрхшээл, халдварт өвчний улмаас нэмэлт зардлууд ихээр гарч эрүүл мэндийн салбарт 2010 онд батлагдсан төсвийн хүрээнд багагүй хэмжээний тогтмол зардал, эм, хоол, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсээд байна. Бид асуудлыг шийдвэрлэх үүднээс салбар дотроо хэмнэсэн зардлыг хэтэрсэн зардалд шилжүүлэн зарцуулах зохицуулалт хийсэн боловч үүсээд байгаа 4,3 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх эх үүсвэр байхгүй байна. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандаад байна.
Дөрөв. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын тухай
2010 оны төсвийн тухай хуулиар 43,3 тэрбум төгрөг хөрөнгийн зардалд батлагдсанаас:
- Барилга байгууламжид-26,2 тэрбум
- Их засварт-7,8 тэрбум
- Тоног төхөөрөмжид-9,2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулаад байна.
2010 онд хийгдсэн барилга, их засварын ажлууд:
- 13 Сумдын эмнэлэгт 10-15 ортой эмнэлэг барьж ашиглалталд оруулав.
- Ховд, Баянхонгор аймагт тус бүр 50 ортой төрөх эмнэлэг барьж ашиглалтад оруулав.
- Сүхбаатар аймагт 30 ортой халдвартын эмнэлэг барьж ашиглалтад оруулав.
- Говь-Алтай аймагт 20 ортой уламжлалт анагаах ухааны эмнэлэгт барьж ашиглалтад оруулав.
- Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймагт тус бүр 600 хүний суудалтай спорт цогцолбор барьж ашиглалтад оруулав.
Эмнэлгийн тоног төхөөрөжийн талаар:
- УКТЭ, II эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ-дэд 29 нэр төрлийн тоног төхөөрөмж /тушаал 387/
- ХСҮТ, ШКНЭ, СЭМҮТ, АӨСҮТ, Геронтлогийн төв-д 35 нэр төрлийн тоног төхөөрөмж
- Нийслэлд Баянзүрх ЭМН, Сонгинохайрхан ЭМН, Найлах ЭМН, Чингэлтэй ЭМН, 1-р амаржих газар, 2-р амаржих газар, 3-р амаржих газруудад 29 нэр төрлийн тоног төхөөрөмж
- Орон нутагт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нийт 50 нэр төрлийн тоног төхөөрөмж
- Улсын хэмжээнд 34 сумдын эмнэлэгт 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тус тус олгоод байна.
Тав. 2011 оны гэрээний тухай
2010 оны эхний хагас жилийн гэрээний биелэлтийг үндэслэн, гэрээний тайлагналт, 2 талын хүлээх үүрэг зэрэг зарим асуудлыг нэмж тусгах, өөрчлөн сайжруулах шаардлагатай гэж үзээд, Нийслэл болон 21 Аймгийн Засаг дарга нараас санал авч, 2011 онд байгуулах гэрээг шинэчлэн байгуулахаар бэлтгээд байна. Урд оны гэрээнд тодорхойгүй байсан асуудлууд болон Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэднийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан бодлогын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг тусгаснаараа онцлог юм.
Тухайлбал,
1. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд:
- Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын асуудал тусгагдаагүй байсныг нэмж тусгасан.
- Монгол улсын Засгийн газрын 2007 оны 41 дүгээр тогтоол, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний нөөц, урамшуулал, нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтний сургалт зэрэг асуудлыг нэмж тусгасан.
- Эрүүл мэндийн сайд, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамтран баталсан Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар нэмж тусгасан.
2. Санхүү, хөрөнгө оруулалтын хүрээнд:
- Тухайн орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээг нэгбүрчлэн тусгаж өгсөн.
- Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчийн шилжүүлсэн эрхийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу олон нийтэд зарлах, мэдээлэх болон түүний үр дүнг Сангийн яамны цахим хуудсанд байрлуулах асуудлыг нэмж тусгасан.
- Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарын нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүжилтийн төлбөрийг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэх ба өр төлбөр үүсгэхгүй ажиллаж, тодорхой тогтоосон хууль, журмын дагуу олгогдсон эрхийн хүрээнд орон нутгийн түвшинд зардал шилжүүлэн зарцуулах болон бусад зохицуулалтыг хариуцахаар тусгасан.
- “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль” болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд батлагдсан төсөв хүрэлцэхгүй тохиолдолд “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 51.1.10 дахь заалтын дагуу шаардлагатай хөрөнгийг орон нутгийн эх үүсвэрээс бүрдүүлэх талаар тусгаж оруулсан.
- Эрүүл мэндийн салбарын санхүүгийн хагас, бүтэн жилийн тайланг хуулийн хугацаанд тухайн орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Нийгмийн даатгалын хэлтсээр хянан баталгаажуулж ирүүлэх асуудлыг тусгасан.
3. Аймаг, Нийслэлийн Засаг нарын нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, үр дүнгийн талаар:
- Гэрээний биелэлт, шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ирүүлж байх хугацааг тодорхой болгож хагас жилийн гэрээний биелэлтийг 7 дугаар сарын 25-ны дотор, бүтэн жилийн гэрээний тайланг 2 сарын 5-ны дотор нэгдсэн тайлантай хамт ирүүлэхээр тусгасан.
- Эрүүл мэндийн Төсвийн Ерөнхийлөн Захирагч гэрээний биелэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу жилд 2 удаа үнэлэх ба хагас жилийн тайланг 8 дугаар сарын 01-ны дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ны дотор багтаан дүгнэж, санхүүжилт үргэлжлүүлэн олгох асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр тусгасан.
Дээрх өөрчлөлтүүдийг тусгаснаар орон нутагт үүсдэг нийтлэг хүндрэл болох батлагдсан зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулах эрхийг хууль, журмын хүрээнд Засаг дарга нар тухай бүрт шийдвэрлэж байх юм. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын тавьсан зорилго зорилтын хүрээнд хэвийн үйл ажиллагааг хангах, Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчид чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлөөр хангагдах юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБАА