Агаарын бохирдлоор бизнес хийдгээ болихыг анхааруулав
Агаарын бохирдол нийслэлчүүдийг олон жил бухимдуулж байгаа.Гэтэл дээрх бухимдал Төрийн ордонд нэвтрэн халдварлаж гишүүдийг "өвчлүүлж" эхэлжээ.Үүний шинж тэмдэг нь өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр илэрсэн юм.
Хуралдаанаар Үндэсний аудитьн газраас утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг сонсов.Шалгалтаар төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан нь харагдаж, хангалтгүй үнэлгээ авсан байна.Үүн дээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр шүүмжлэлтэй хандаж, энэ ажилд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хувийн сонирхол шургалсныг хэлэв.Тэрбээр хагас коксжсон түлш үйлдвэрлэх төслийг "Аморе интернэшнл" компани авсныг эсэргүүцэж байгаа аж.Одоогоор хийсэн юмгүй компанид хоёр тэрбум төгрөг олгочхоод байгаа нь Д.Зоригтыг хардах шалтгаан болсон бололтой.Харин Д.Зоригт сайд "ТЭЦ-2" дулааны цахилгаан станцад хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх технологи байхгүй учраас тендер шалгаруулалтын журмаар дээрх компани орж ирсэн.Үүнд ямар нэг "но" ороогүй гэсэн юм.Гэсэн ч энэ хариулт түүнд үнэмшилтэй сонсогдоогүй бололтой уураа барьж ядан "Чамайг би шалгуулна, сайдын суудлаас чинь ч огцруулна.Чи тэгж агаарын бохирдлоор бизнес хийдгээ болих хэрэгтэй.Наад яриад байгаа компанид чинь хагас коксжсон түлш үйлдвэрлэх технологи нь байхгүй" гээд хуралдааныг орхин гарлаа.УИХ-ын гишүүн Х.Баделхан салбарын сайдаас өнгөрсөн хугацаанд хичнээн хэмжээний санхүүжилтийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсныг лавлав.Д.Зоригт сайдын хэлснээр, 3-4 жилд агаарын бохир-долд зургаан тэрбум төгрөг зарцуулжээ.Харин 2006 онд нийслэлээс 3.2 тэрбум төгрөг хуваарилсан байна.Ирэх оноос агаарын бохирдлын хууль хэрэгжиж эхэлснээр нэг тонн нүүрс тутмаас 1000 төгрөгийн татвар авч санд төвлөрүүлэх аж.Тус татварын орлого 2011 ондоо 15 тэрбум төгрөгөөс давах гэнэ.Энэ мөнгийг утаатай тэмцэхэд зарцуулна гэж Д.Зоригт сайд тодотгов.
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Засгийн газрын боловсруул-сан анхны төсөлд зөвхөн газар тариалан эрхлэгчид тэр дундаа эх орны хөрсөнд тарьж ургуул-сан буудай, жимс, жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлнө гэсэн агуулга багтаажээ.Гэтэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд нар тус бүрдээ зарим хөрөнгө оруулалтын ажилтай холбогдох зүйлүүдийг НӨАТ-аас чөлөөлүүлэх заалтыг тусгуулсан аж.Ингэснээр ирээдүйд эрчим хүчний чиглэлийн томоохон хөрөнгө оруулалт НӨАТ-аас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн байна.Нөгөөтэйгүүр, шинэ төмөр зам байгуулахтай холбоотойгоор мөн хөрөнгө оруулалтын зарим ажлуудад шаардагдах бараа, материалууд дээр ч НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх болж тусгажээ.УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэлцүүлгийн шатанд эл асуудалд нухацтай хандах шаардлагатайг хэлсэн.Татвар төлөгчдөд аль болох хөнгөлөлттэй байх нөхцөлийг төр олгох ёстой болохоос шууд хөнгөлөөд явах нь зохисгүй.Тиймээс байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, татварын асуудлыг судлах шаардлагатай гэв.Харин байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "НӨАТ-ын хөнгөлөлт нь хүнс үйлдвэрлэгч дээр тавигдах нь зөв.Хавтгайруулах нь учир дутагдалтай учраас ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна" гэлээ.Гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.Тус төсөл хоёр үе шатаар дөрвөн аймагт 1996 оноос хойш хэрэгжжээ.Эхний шатанд Хөвсгөл, Архангайд таван сая ам.доллар, дараагийн шатанд Булган, Хэнтийд 19.4 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна.Тиймээс энэ удаа Говь Алтай аймагт хэрэгжүүлэхээр сонгосон аж.Асуулт, хариулт дуусаж хуулийн төслийг дэмжив.
Б.Мягмансанж
Нийгмийн толь сонин