Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2010.12.22

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Энхтуяа, Стратегийн төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш нар өчигдөр “Гэр бүлийн асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзлаа. Яамнаас Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж байгаа аж. Үүний хүрээнд сэтгүүлчидтэй санал бодлоо хуваалцахыг зорьсон байна.family_jpg2_85291801

 

Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийг­мийн үндсэн нэгж учраас хүний амьдрах хамгийн аюулгүй тайван, таатай орчин байх учиртай аж. Иймээс гэр бүлийг хөгжүүлэх асуудал төрийн бодлогын тэргүүлэх зорилт байх ёстойг хэлсэн. Харамсалтай нь гэр бүл, хүүхдийн өмнө шийдвэрлэх шаардлагатай олон бэрхшээл тулгарсаар байна. Энэ нь хууль  эрхзүйн  орчин хангалтгүй байгаатай холбоотой аж.  Энэ талаар Т.Ганди сайд “Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах харилцааг Үндсэн хууль, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль зэрэг олон эрхзүйн баримтаар зохицуулж ирсэн билээ. Гэвч гэр бүл, хүүхдийн эрхийг хэргэжүүлэх тодорхой арга зам, хэрэгслийн талаар эрх зүйн зохицуулалт дутмаг, хэт ерөнхий, тодорхой бус зохицуулалт ихтэй байгаагаас хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байна” хэмээн хэлсэн.

 

Тиймээс Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль зэргийг үндсээр нь өөрчлөх зорилготой байгаагаа мэдэгдлээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлахаар ажлын хэсэг томилогдсон байна. Мөн энэ хүрээнд Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай болох, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгааг хэллээ.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Манайд гэр бүлийн салалт их байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Энэ талаар албан ёсны тоо баримт одоогоор алга. Ерөнхийдөө эдийн  засгийн  нөлөө ихээхэн үүрэг гүй­цэтгэж байна. Төлөвлөлгүй гэр бүл болдог. Улмаар гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд эдийн засаг болоод сэтгэл зүйн хувьд бэлэн бус байдгаас үүдэн салахад хүрч байна.

-Ядуу гэр бүлд хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Тухайн гэр бүлийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах биш, харин хөгжиж дэвжих сонирхолыг нь төрүүлж байх ёстой. Энэ үүднээс ядуу гэр бүлүүдтэй ажиллахдаа хөгжлийн төлөвлөгөө гаргаж байна.

-Орон гэргүй хүн манайд хэчнээн байгаа вэ?

-Улаанбаатар хотод одоогоор 973 хүн орон гэргүй байна.

-Тэдэнд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Иргэний бүртгэл ерөнхий газартай хамтран тэдгээр хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, хаягийг нь тодорхойлж байгаа. Ихэнх нь шоронгоор явсан, тэнэмэл, хэрэг төвөгт орсон зэрэг хүмүүс байна.

-Манайд хүүхэд  хамгааллын   асуудлаар мэр­гэшсэн ажилтан байгаа юу?

-Мэргэшсэн хүн байхгүй. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулдаггүй. Иймээс гэр бүл, хүүхдэд шууд үйлчилгээ үзүүлэх төвүүдийг орон нутагт байгуулах шаардлагатай байгаа юм. Бид энэ талаар анхаарч байна.

-Манайд хувиараа хөдөлмөр эрхэлж буй хэр их хүн байна вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхлэлт манайд өндөр хувьтай байдаг. Нийт хүн амын  50 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс  бид   малчдын хөдөлмөр  эрхлэлтийг дэм­жих  хөтөлбөрийг  тусгайлан  боловсруулж хэрэг­жүүлэх гэж байгаа. Энэ хөтөлбөрт удаан хугацаагаар ажилгүй байгаа иргэн, хорих ангиас суллагдсан хүн зэргийг хамруулахаар тооцож байна.

-Энэ  оны байдлаар хэчнээн  гэр бүлийн амь­жиргаа дээшилсэн бэ?

-Есөн  сарын  байдлаар 7000 гаруй гэр бүлийн амьдралыг дээшлүүлсэн.

 

Г.БАТДУЛАМ http://niigmiintoli.mn/



 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.