Таны аяганд, хундаганд архи байхыг энэ цаг мөчөөс эхлэн та битгий зөвшөөрөөч ээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Үндэсний олимпийн хорооны “Бөрт чоно-2010” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолд өчигдөр оролцохдоо ард түмэндээ хандан архи хэрэглэдэггүй Монгол болохыг уриаллаа.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Шинэ жилээ айл өрх архигүй тэмдэглэж байгаа бол, шинэ жилээ архигүй тэмдэглэж байгаа хамт олон байгаа бол Монголын төрийн нэрийн өмнөөс баяр хүргэе гэж бодсон юм. Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай асуудал болоод байна. Балчир жаахан хүүхдүүд хүртэл өнөөдөр энэ хорыг хэрэглэдэг болжээ. Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. Би энд нэг зүйлийг хэлье. Энэ цаг мөчөөс эхлээд миний аяга, миний хундаганд архи байхыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ард түмэндээ хандаж, мөн таны аяганд, хундаганд архи байхыг энэ цаг мөчөөс эхлэн та битгий зөвшөөрөөч ээ гэж хэлмээр байна.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа тэр мөчид, яг 12 дугаар сарын 31-ний 12 цагийн сүүлчийн минут цохилох тэр мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхэд ч миний хундага, миний аяганд архи байхгүй. Тэнд сүү эсвэл цай байх болно. Ерөөөсөө хувь хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Энэ хороос бүгдээрээ салъя. Бидний хамгийн ойрхон байгаа, бидний хамгийн үнэтэй зүйлийг устгаж, авч явж байна. Монголын ард түмний амжилтаас, монголын нийгмийн сайн сайхан бүхнийг хойш нь энэ архи татаж байна. Энэ үйл ажиллагаанд манай урлагийнхан, спортынхон, энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэн уриалан хамгийн түрүүнд оролцох ёстой. Архи хэрэглэдэггүй хувь хүн, архи хэрэглэдэггүй айл өрх, архи хэрэглэдэггүй хороо хорин, архи хэрэглэдэггүй хот айл, архи хэрэглэдэггүй хамт олон, архи хэрэглэдэггүй монгол, архи хэрэглэдэггүй нийгэм болохын төлөө энэ цаг мөчөөс бүгдээрээ хамтарч ажиллацгаая гэдгийг энэ индрээс уриалъя” гэв.
Энэ уриалгыг иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагынхан дэмжиж буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнөөдрөөс эхлэн мэдэгдсээр байна.