Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1сая 155 мянга байна
2010.12.26

Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1сая 155 мянга байна

УИХ-ын баасан гаригын нэгдсэн хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.chuulgan_06

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал тогтворжиж байгаа энэ үед 2010-2012 онуудад манай улсын эдийн засаг 7.0-8.0 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2013 онд Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор эдийн засгийн өсөлт хурдацтай нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Гагцхүү эдийн засгийн энэхүү тааламжтай цаг үеийг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хангах, ажилгүйдлийг бууруулахад оновчтой ашиглах хэрэгтэй юм гэлээ.

 

2009 оны байдлаар уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэсэн хэдий ч ажил эрхлэлт, ажиллах хүчийг шингээж авч буй үзүүлэлтээрээ санасан хэмжээнд хүрэхгүй байгаа аж.

 

Эдийн засгийн өсөлттэй эн зэрэгцүүлэн, хүн ам, ажиллах хүчний асуудлыг харахад Монгол Улсын хүн ам 2009 оны жилийн эцсийн байдлаар 2,7 саяд хүрсэн байна. Хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онуудад жилд дунджаар 22,8 мянгаар нэмэгдэж, хүн амын өсөлтөөс түрүүлж явна. Хөдөлмөрийн насны хүн ам ийнхүү эрчимтэй өсч байгаа явдал сүүлийн 50 гаруй жилийнхээс хамгийн өндөрт тооцогдож байгаа юм байна.

Ажиллах хүчний судалгааны 2010 оны эхний хагас жилийн дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхтэй хүн ам 1сая 155 мянга байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 44 орчим хувийг эзэлж байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 90,5 хувь нь ажиллагчид, 9,5 хувь нь ажилгүй иргэд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулсан харьцаа буюу ажиллах хүчний оролцооны түвшин улсын хэмжээнд 62,1 хувьтай байгаа ажээ.

Өмнөх жилүүдэд эдийн засгийн өсөлт бий болсон ч ажлын байр дорвитой нэмэгдэхгүй, бүтээмж өндөртэй хөдөлмөр эрхлэлт /productive employment/ бий болохгүй байна. Уул, уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа хэрээр хөдөлмөр эрхлэлтийн түвшин дорвитой нэмэгдэж чадаагүй байна. Яагаад гэвэл уул уурхайн салбар өөрөө хөдөлмөр эрхлэлтийн багтаамж буюу ажиллах хүчний шингээлт багатай салбар юм.  Тухайлбал, 2009 онд уул уурхай, олборлох салбар ДНБ-ний 22,5 хувийг үйлдвэрлэж байхад нийт ажиллагчдын дөнгөж 3,5 хувийг шингээж байгаа юм. Товчхондоо хэлэхэд, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн хооронд тэнцвэрт бус байдал бий болсон гэж дүгнэж болохоор буй гэнэ.

 

Монгол Улсын Засгийн газар эдийн засагт өсөлт гарахын хирээр хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг төдий чинээ нэмэгдүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагад нийцүүлсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэмээн сайд мэдээллээ.

 

Хүн амын өсөлтөөс хөдөлмөрийн насны хүн ам илүү түргэн  хурдацтай  өсч, энэ хандлага ойрын ирээдүйд хадгалагдахаар байгаа ч нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлт ийнхүү өндөр хурдацтай нэмэгдэж байхад нөгөө талаас ажиллах хүчний оролцооны түвшингийн өсөлт бараг ажиглагдахгүй,  дөнгөж  62.1 хувьтай байгаа аж.

 

Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт  ихсэж, уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Засгийн газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд шинэ ажлын байр, шинэ ажил, мэргэжил бий болж байна. Мянганы сорилтын сангийн судалгааны дүнд ойрын 2 жилд хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй байх 20 ажил, мэргэжлийн жагсаалт гарсан байна. Ажиллах хүчний эрэлтийг авч үзвэл, ойрын 1 жилийн дотор гэхэд л байнгын ажлын байр хөдөө аж ахуйд 22.5 хувь, барилгын салбарт 6.5 хувь, худалдааны салбарт 9.4 хувь, зочид буудал, рестораны үйлчилгээний салбарт 7.8 хувь, аж үйлдвэрт 2.6 хувь, уул уурхайд 6.6 хувиар өсөх хандлагатай байхаар судалгааны дүн гарчээ.

 

2009-2010 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 63 төвд 44,7 мянган охид, хөвгүүд суралцаж байгаагийн 33,4 мянга нь төрийн өмчийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль батлагдаж, нийлүүлэлтэд хөтлөгдсөн загвараас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, эдийн засгийн салбарын шаардлагад нийцсэн загварт шилжих боломж бүхий төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан мэргэжлийн боловсрол, сургалтын  тогтолцооны суурь тавигдлаа хэмээн сайд хэлсэн. .

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Зам, барилга, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын хөтөлбөр”-ийг 2009, 2010 онд холбогдох салбарын яамдтай хамтран хэрэгжүүлж байна. 2009 онд уг хөтөлбөрт зам, барилга, уул уурхайн чиглэлийн нийт 93 аж ахуйн нэгж, 3556 иргэн хамрагдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд 2900 залуучууд шууд ажлын байртай болсон байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны дүнд тулгуурлан 2010 онд дээрх хөтөлбөрт нийслэлийн болон орон нутгийн зам, барилга, уул уурхайн салбарын нийт 87 аж ахуйн нэгжид 3185 иргэнийг хамруулах эрхийг нь олгож, одоо үйлдвэр дээрх сургалт ид явагдаж байгаа аж.

Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа нийтлэг мэргэжлүүдээр үйлдвэр дээрх сургалтад хамрагдсан иргэдийг 2010 оны 11 дүгээр сард болох мэргэжлийн ур чадварын шалгалтад хамруулж, амжилттай төгсөгчдөд мэргэжлийн ур чадварын зэргийн үнэмлэх, ур чадварын чадамжийн гэрчилгээ олгож улмаар ажил олгогчид нь тэдгээр ажилчдыг гэрээний дагуу өөрийн үндсэн ажилтнаар авч ажиллуулах юм байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2009 оны мэдээгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд 82.6 мянга байгаа болно. 2009 онд 152 бизнесийн жижиг төслийг хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй 561 иргэнийг, 2010 онд 392 төслийг хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй 1724 иргэн ба тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг тогтвортой ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэх зохион байгуулалттай арга хэмжээ  авсан нь тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, ахуй амьдралаа дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Малчдын аж ахуйгаа тогтвортой эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах ур чадвар, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилгоор “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг 2009 онд 10 аймгийн 30 суманд хэрэгжүүлж, малчдад нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа аж ахуй эрхлэлт, бизнес, мал аж ахуйн технологийн зэрэг 17 төрлийн сургалтад 1276 малчныг хамруулж, 244 малчин өрхийн хөдөлмөрийн насны 632 хүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 төрлийн үйлчилгээг үзүүлсний үр дүнд эдгээр малчин өрхүүд 2009-2010 оны зудын гамшгаас орлогын эх үүсвэрээ бүрэн хэмжээгээр хамгаалж чадсан бодит жишээ байна.

2010 онд энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн өвөл, хавар тохиолдсон зудын улмаас малаа алдсан малчин өрхийн амьжиргааг дэмжих, орлогоо нэмэгдүүлэх хэрэгцээтэй нь уялдуулан өргөжүүлж, 15 аймгийн 45 сумын 318 малчин өрхийг хамруулан хэрэгжүүлж эхлээд байна.

2015 он гэхэд хөдөлмөрийн зах зээлд шилжиж байгаа залуучуудын ажилгүйдлийн түвшинг 2,5 хүртэл бууруулах тухай Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ чиг хандлага, хэрэгцээнд нийцүүлэн их, дээд сургуулийн боловсролын уян хатан тогтолцоонд суурилсан чөлөөт цагийн зөв зохистой менежментээр хөдөлмөр эрхлэх, орлого олох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд их, дээд 5 сургуульд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэргэд Оюутны хөдөлмөрийн биржийг байгуулж, эдгээр бүтцээр дамжуулан 34.4  мянган оюутанд хөдөлмөрийн зах зээлийн талаархи мэдээлэл, зөвлөгөө өгч, сургалтад хамруулаад байна. Оюутны хөдөлмөрийн бирж, төвүүдэд 22.3 мянган оюутан бүртгүүлсний 68.9 % буюу 15.4 мянган оюутан цагийн ажилд зуучлагдсан, үүнээс 48.1 % нь сурч байгаа мэргэжлийн буюу түүнтэй адилтгах чиглэлээр зуучлагдсан дүнтэй байна.

Хөтөлбөрийн хүрээнд 3.2 мянган оюутан үйлдвэрлэлийн дадлагын дэмжлэг авч, 500 оюутан бизнесийн сургалтаар мэдлэг, боловсрол эзэмшиж, аж ахуй, бизнес эрхлэх ур чадвараа дээшлүүлсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутан залуучуудыг хөдөлмөрийн шинэ гараанд бэлтгэх, тэдний чөлөөт цагаар хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх цагийн ажлын тогтолцоо бүрдсэний зэрэгцээ оюутны бүтээлийг борлуулах, сурталчлах интернетэд суурилсан биржийн үйл ажиллагааг эхлүүлсэн зэрэг олон эерэг үр дүн гарчээ.

2009 онд иргэдийн амьжиргааг зохих түвшинд хадгалах, орлогыг нь бууруулахгүй байх үүднээс нийтийг хамарсан ажлыг эрч далайцтай зохион байгуулж, ажлын хөлсийг цагаар тооцон шууд олгож байсан нь бодит үр дүнгээ өгчээ. Нийтийг хамарсан ажилд 2009 онд 50 мянган иргэн хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин их байсан бөгөөд энэ ажилд нийт 3.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Мөн түүнчлэн богино хугацаанд ур чадвар эзэмшүүлэн ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээрх сургалтыг өргөн хүрээтэй зохион байгуулсан нь ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэхэд нь тус дэм болж, ажилгүйдлээс урьдчилан сэргийлж чадсан. Өнгөрсөн онд ажлын байран дахь сургалтаар 2900 хүнийг сурган мэргэшүүлж, ажлын байраар хангасан нь чамлахааргүй үзүүлэлт байлаа.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар хямралын эсрэг авах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн, түүнийг хохирол багатай даван туулж чадсаныг Олон улсын валютын сан онцлон тэмдэглэсэн байна.

Ажил хайгчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилтай болоход нь зөвлөгөө өгөх, зуучлах, дэмжин туслах үйлчилгээнд 2010 оны эхний 9 сарын байдлаар нийт 324,8 сая төгрөг зарцуулж, 79,2 мянган иргэдийг хамруулсан байна.

Иргэдийг аж ахуй эрхлэх, мэргэжлийн түр сургалтад хамруулж, шинэ мэргэжил эзэмшүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг зохион байгуулж, энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 1,6 орчим тэрбум төгрөг зарцуулагдаж, 30,3 мянган иргэн хамрагдаж, бизнес инкубацийн сургалтаар нийтдээ 184 иргэн ажлын байртай болсон байна.

Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн дээрх арга хэмжээнүүдэд зориулан энэ оны эхний 9 сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 15,3 орчим тэрбум төгрөгийг зарцуулж, 260 гаруй мянган иргэдийг хамруулжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн 14.8 хувийг нийтийг хамарсан ажилд, 42.3 хувийг жижиг зээлийн үйлчилгээнд, 10 орчим хувийг мэргэжил олгох, давтан сургах арга хэмжээнд зарцуулсан байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн дээрх үйлчилгээ, арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд өнгөрсөн онд 50308 ажлын байр шинээр бий болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.