Чуулганы хуралдааны дэгийн хуулийг шинэ оны эхний өдрөөс дагаж мөрдөнө
2010.12.31

Чуулганы хуралдааны дэгийн хуулийг шинэ оны эхний өдрөөс дагаж мөрдөнө

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан товлосон цагтаа 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны долдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорchuulgan_2007ооны санал, дүгнэлтийг сонслоо.

Тус байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүн Н.Батбаяр, Х.Баделхан, Д.Ганхуяг, Б.Чойжилсүрэн нар газар тарилангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотоодод үйлдвэрлэсэн гурил, махыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, харин нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр төсөлд тусгасан бусад заалтыг хасах санал гаргажээ. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүний анхдагч хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байгаа хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан борлуулах эрх зүйн үндэс болно гэж үзээд дэмжсэн байна.

 

Мөн дээрх гишүүд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрүүдийн хүчин чадлыг бэхжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ноолуурын салбарыг бодлогоор дэмжиж өөрийн орны нутаг дэвсгэрт бэлтгэж самнасан, ээрсэн ноос, ноолуурыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, мөн урьд нь жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн учир дотоодод үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөс олсон орлогыг ч бас чөлөөлөх санал гаргажээ.

 

Хуулийн төслийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. Мөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав.

 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Э.Бат-Үүл нарын асуултад байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, Сангийн сайд С.Баярцогт нар хариулт өгөв. Тухайлахад гишүүн Д.Тэрбишдагва Татварын ерөнхий газрын шийдвэрээр зарим аймагт үр тарианаас нэмүү өртгийн албан татвар авч байхад зарим аймагт авахгүй байгаагийн учир юу вэ, татвар төлсөн нь хохирч, төлөөгүй нь хожиж байж тарах уу гэдгийг тодруулахад Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа: Газар тариалан эрхлэгчдийн өмнөх онуудын нэмүү өртгийн татвартай холбоотой асуудал байнгын хороон дээр нэлээд яригдсан. Үүнийг Засгийн газар салбарын яамдтайгаа ярилцаж шийдэх арга замыг хайх, шаардлагатай бол асуудлаа боловсруулаад УИХ-д тавьж болох юм гэлээ. Харин Сангийн сайд С.Баярцогт энэ талаар 2007 оноос татварын шинэ хууль үйлчилж эхлэхэд үр тариаг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөөгүй үлдээснээс болоод нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн асуудал тариалан эрхэлдэг зарим аж ахуйн нэгж дээр гараад байгаа юм. Үүнийг 2008 онд гаргасан татварын өршөөлийн хуулийн адилаар хууль санаачилж өргөн мэдүүлэх замаар хуулийн зохицуулалт гаргаж байж чөлөөлөхөөс биш Засгийн газар дангаараа шийдэх эрх байхгүй гэсэн хариулт өгөв. Мөн Д.Балдан-Очир, Э.Бат-Үүл, Н.Ганбямба нарын гишүүд нэмүү өртөг шингээгүй мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээс нэмүү өртгийн татвар авах гэж буйн учрыг ойлгохгүй байгаа, малчдын хоршоололд нэмүү өртгийн татвар ногдуулж болохгүй гэсэн байр суурьтай буйгаа хэлж байв.

 

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бэлтгэж самнасан, ээрсэн ноос, ноолуур, мөн жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогоос нэмүү өртгийн албан татвар авахгүй байхаар байнгын хорооноос оруулсан саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Мөн эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд нэмүү өртгийн татваргүй авахаар Засгийн газраас төсөлд тусгасан байсан саналыг байнгын хороо хасахаар шийдсэнд гишүүн Д.Оюунхорол, А.Тлейхан нар шүүмжлэлтэй хандаж буйгаа нэгдсэн хуралдаан дээр хэлэв. Ингээд санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Харин хуулийн төслийг шинэ оны эхний өдрөөс дагаж мөрдөх саналыг санал хураалтад оролцсон 46 гишүүний 33 нь дэмжив.

 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гишүүдийн олонхи нь дэмжсэн боловч гишүүн Б.Чойжилсүрэн, С.Баярцогт нар санал хураалтын явцад зарчмын зөрүүтэй саналын томъёололд нэлээд өөрчлөлт орж төслийн зарим заалтын агуулга хоорондоо зөрчилтэй болсныг анхаарах санал гаргасны дагуу УИХ-ын дарга төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг цуцалж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо өнөөдөр хуралдан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар батлахаар боллоо.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ш.Сайхансамбуу одоо мөрдөж байгаа дэгийн хуулиа яагаад заавал өөрчлөх гээд байгаа, үүнээс үүдээд Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг зөрчсөн асуудал гарах юм биш үү гэдгийг тодруулахад байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар одоогийн дэгийн хуульд байгаа тодорхой асуудал дээр зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэж үзээд энэ төслийг олон талаас нь нягталж  ярилцсан. Ер нь хуралдаан даргалагч, гишүүд харилцан эрх, үүрэг хүлээж ажиллах, асуудлыг олон давтан ярьж цаг алдахгүй байх, хуралдааны шуурхай, ажил хэрэгч чанарыг сайжруулах үүднээс хандаж байгаа юм. Олон улсын дэг жаяг, дотоодын хуульд нийцэж байгаа гэдгийг хэлэв. Мөн гишүүн Э.Бат-Үүл парламентын засаглалтай бүх оронд спикер нь хуралдааны  ажиллагааг хэвийн явуулах үүргээ хэрэгжүүлэхийн тулд гишүүддээ сахилгын хариуцлага хүлээлгэх эрхтэй байдаг. Гишүүдийн хуралдаанд оролцох үүрэгтэй нь холбогдуулж хариуцлагыг сайжруулах үүднээс ийм арга хэмжээ авахаар тусгаж байгаа юм. Үндсэн хуулиар олгосон эрхийг тодорхой үйл ажиллагааны хүрээнд ажил хэргийн байдлынх нь үүднээс хязгаарлалт хийх нь гишүүний эрх зөрчсөн асуудал биш гэдгийг тодруулж хэллээ.

 

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор  санал хураалт явуулав. Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтын давхардал, зөрчилтэй байдлыг  арилгах үүднээс дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн зарим зүйл, заалтын талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дахин санал хураалгахаар оруулж ирснийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 73.8-85.4 хувийн саналаар дэмжлээ. Мөн хуулиудын төслийг дагаж мөрдөх хугацааны талаар гишүүн Су.Батболд УИХ-ын гишүүд,Тамгын газар, байнгын хороодын ажилтнууд хуулиа сайн судалж мэдэх үүднээс хуулийг УИХ-ын хаврын чуулганы эхний өдрөөс дагаж мөрдөх санал гаргасан боловч хуулиудыг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байнгын хорооноос гаргасан саналыг гишүүдийн 69 хувь нь дэмжлээ.

 

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.1 хувийн саналаар батлав. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зарчмын чанартай нэлээд өөрчлөлт орлоо. Иймээс гишүүд хуулиа сайн судалж, ажил хэрэг болгож ажиллая. Энэ нь зөвхөн бидэнд биш дараа дараагийн гишүүдэд чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлов.

 

Дараа нь Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

 

Түүнчлэн  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчдын илтгэл, холбогдох байнгын хороодын санал дүгнэлтийг сонсоод хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод нь шилжүүллээ.

 

Дараа нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цэгцэлж бизнесийн таатай орчныг бүрдүүлэх үүднээс зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг эхэлж, Шадар сайд М.Энхболдын танилцуулгыг сонссоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав. Чуулганы үдээс хойшхи хуралдаан дээр гишүүд эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асуух юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.