Тусгай зөвшөөрлийн цаана хүнд суртал, авилгал бий болох механизм бий гэлээ
2010.12.31

Тусгай зөвшөөрлийн цаана хүнд суртал, авилгал бий болох механизм бий гэлээ

Чуулганы өчигдөр үдээс хойшхи хуралдаан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайхуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүүлэн хэлэлцсэнээр эхлэв.chuulgan_06

 

Аж ахуйн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулж байгаа, цаашид хүчингүй болговол зохих тусгай зөвшөөрлүүдийг холбогдох хуулийн зохицуулалтаас нь хасах, хүчингүй болгох шаардлагатайг үндэслэн Засгийн газар  хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд эдгээр хуулиудыг баталснаар аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.

 

Тусгай зөвшөөрлийн цаана хүнд суртал, авилгал бий болох механизм бий. Өмнө нь УИХ, Засгийн газар тусгай зөвшөөрлийг багасгах асуудлыг хоёр ч удаа ярьж шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч дахиад л энэ зөвшөөрлүүд гараад ирдэг. Иймд хэлэлцүүлгийн явцад одоогийн мөрдөж байгаа хуулиудад туссан тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь хамруулж дахин нарийвчлан нягталж үзэх, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн саналыг авч тусгах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд хэлж байлаа.  Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа 300 гаруй тусгай зөвшөөрлөөс 100 гаруйг нь хүчингүй болгохоор оруулж ирж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэсэн ч цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлэн дахин шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхад анхаарах нь чухал гэж  байв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Үүний дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.

 

Нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулж төрийн албаны ил тод байдлыг хангах, хувийн сонирхлын дагуу албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж болзошгүй тохиолдолд үйл ажиллагааг хянаж, хязгаарлах зохион байгуулалт, удирдлагын эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.  Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж  үзэж байгаа аж.

 

Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэнээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.