НӨТ-ийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа
2011.01.03

НӨТ-ийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа

УИХ-ын чуулганы 2010 оны отгон хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
chuulgan_pm
Засгийн газраас 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг уулийн төслийн хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гаргасан санал дүгнэлтэнд дурдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх явцад маргаантай, ойлгомжгүй, зарим асуудлуудыг тодорхой болгох, зарим салбарын хөгжлийг дэмжих зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх талаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Тухайлбал, дотооддоо тарьж, борлуулсан буудай, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, шинээр барьж байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн үйл ажиллагаанд ашиглагдах импортоор орж ирж буй тоног, төхөөрөмж, зэс, цайр, төмөр, хөнгөн цагаан хайлах, уусган боловсруулсан металлаар бүтээгдэхүүн хийх, алт, мөнгө цэвэршүүлэх, коксын үйлдвэрийн импортолсон үндсэн тоног төхөөрөмж, хийн түлш, түүний үйлдвэрлэл, олборлолт, боловсруулалт, дамжуулалт, хадгалалт, хийн хайгуулын тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, хийн хэрэглээний техник, хэрэгсэл, тоноглолыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр санал боловсруулсан байна.

Мөн импортолсон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, холбооны тоног, төхөөрөмж, хийн түлшээр ажилладаг зарим суудлын автомашин, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч, бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газар санал болгосон. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт, нэр томьёог Татварын ерөнхий хуульд нийцүүлэх, хууль хэрэгжүүлэх талаар Засгийн газраас тусгайлсан журам гаргаж зохицуулах талаар хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь хэрэгжүүлэхэд техник ажил ихтэй, салбаруудыг хооронд нь ялгаварласан, хөнгөлөлт чөлөөлөлт ихтэй учир энэ хуулийг системээр нь өөрчилж, хэрэгжилтийг нь хялбар болгох шаардлагатай, үүний тулд Байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллах хэрэгтэй, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүнсний нэр төрлийн бараа нийгмийн үйлчилгээний зориулалттай ажил, үйлчилгээ бүтээгдэхүүнд НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт хийх зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа, бусад нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний хувьд хэлэлцүүлгийн явцад сайтар судалж тооцох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан.Их бүтээн байгуулалттай уялдуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, уул уурхай, олборлох салбарын түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд татварын бодлогоор дэмжих, мах махан бүтээгдэхүүн экспортлох, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзэж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжсэн болно. Төсөл батлагдсанаар 2011 оны төсвийн орлого 2.8 тэрбум төгрөгөөр буурах бөгөөд энэ орлогын эх үүсвэрийг татварын бааз суурийг өргөтгөснөөр нөхөх бололцоотой гэж Байнгын хороо үзсэн байна. Уг хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ энэ хууль цоо буудуулсан поошиг шиг болох нь л дээ.

Эхний 2 томъёолол дээр гэхэд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогыг НӨТ-ийн татвараас чөлөөлнө гэж байгаа. Одоо Монгол улсын бүх тоног төхөөрөмж жижиг дунд үйлдвэрийн зориулалттай гээд ийнхүү татвараас гоожиж алга болно. 2006 онд татварын 4 хуулийн шинэчлэлээр дахин чөлөөлөлт чиглэлээр хөнгөлөлт эдлэхгүй гэсэн бодлого гаргаж ирсэн. Уржнан жил гэхэд жижиг дунд үйлдвэрийн зориулалттай орж ирж байгаа тоног төхөөрөмжийг бүгдийг чөлөөлөх шийдвэр гаргаад, жагсаалтыг Засгийн газар гаргасан чинь 7 хуудас жагсаалт гарсан. Одоо дээрээс нь нэмээд үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогыг бүгдийг нөтөөс чөлөөлнө гэдэг нь цаашид Монгол улс татваргүй болно шүү. Үүнийгээ Байнгын хороод нь авч үзмээр байна. Баярцогт сайд энэ өргөн барьсан хуулиа татаж авбал яасан юм бэ? Татвар төлөх нь үнэн гэж алтан зарчим байдаг. Гэтэл жижиг дунд үйлдвэрийн нэрээр бүх юмыг татвараас чөлөөлж хаяад байх уу? Үүнээс болоод ирэх оны татварын баланс алдагдахад хүрнэ шүү. Татварын хуулиудыг хэтэрхий гоожуурын систем болгож болохгүй ээ. Зах зээлийн горимдоо нийцэж амьдармаар байна гэлээ. Харин Н.Ганбямба гишүүн энэ хууль нь анх газар тариалан, төмс хүнсний ногооны татвартай холбоотойгоор яригдаж эхэлсэн. Харин одоо хальж давхиад, чоно борооноор гэдэг шиг юм болж байна. Одоо нөт гэдэг ойлголт манай хууль эрх зүйн орчноос хасагдаж эхэллээ. Монгол нөтгүй болохоо хүлээн зөвшөөрсөнтэй адил. Харин Сангийн сайд энэ хуулиа татаж авах хэрэгтэй. Эцсийн хэлэлцүүлгээр хэзээ өргөн баригдаагүй хуулийг хэлэлцэж байлаа. Оны төгсгөл болгонд нөттэй холбоотой асуудал тулган оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ? Засгийн газар энэ хуулиа татан авч, дахин оруулах хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, гишүүд ойлголтоо нэгтгэхгүй бол зөрүүтэй байдал аль аль тал дээр ажиглагдаж байна. Эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх гэдэгт Монгол улсын нутаг дэвсгэр дээр бэлтгэж самнах, ээрэх, тээварлэх гээд бүх бохир ажлыг гүйцэтгээд, бэлтгээд өгөх нь. Хятадуудын нутагтаа хийхгүй байгаа хими хэрэглэдэг, ус бохирдуулдаг ноос ноолуурыг бэлтгээд нэг хэсгийг дотооддоо нийлүүлээд, бусдыг бөөнөөр нь хятадууд аваад гарна. Энэ мэтчилэн олон тодорхойгүй заалтууд нь хяналт тавьж болдоггүйгээс нэг хуулийн заалтаар бүх юм цуваад гаргадаг гашуун туршлага бий. Үүнийг Засгийн газар дээрээ, Байнгын хороон дээрээ ч дахин яривал яасан юм бэ гэж хэллээ. Б.Чойжилсүрэн гишүүн, манай монголын экспортод гаргах бүх бүтээгдхүүн тэг хувьтай. Инпортлох болохоор чөлөөлдөг, Монгол улсад үйлдвэрлэх болохоор яагаад чөлөөлж болдоггүй юм бэ. Монголчуудаа дэмжих гэсэн бас хөдөлмөр эрхлэхийг дэмжих гэсэн санаа. 2010 оныг бизнесийн орчныг шинэтгэнэ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гээд байгаа биздээ гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Засгийн газраас оруулж ирсэн санал дээр ч гайхаж байна. Оруулж ирж байгаа хууль нь тодорхой бус байгаа учраас маргаан тариад байна гэлээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр ноолуурын тухайд малчдыг бид дэмждэг, малчид ямар ч нөтийн татвар төлдөггүй. Харин үйлдвэрлэгчдэд очихоор нөтийн татвар авдаг. Харин хятадууд ямар ч татваргүй хилээр гаргадаг. 4000 төгрөгийн экспортын татвар төлдөг байсан. 2009 онд тэглэсэн. Одоо чөлөөтэй гарч байна. Одоо бид 35 ам.доллараар 1 кг ноолуураа өгч байгаа. Монголын ноолуурын үйлдвэрлэл бүгд зогссон. Одоо Говь, Гоёо гэсэн хоёр үйлдвэр үлгэн салган ажиллаж байна. Зөвхөн ноолуурын үйлдвэрээр хэдэн мянган ажлын байр бий болгох боломжтой гэдэг.

Түүхий эд бэлтгэгч орон болохгүй гээд 90 онд жагсаад байсан. Тэгвэл бид өнөөдөр зөвхөн ноолуурын хувьд л ярихад Хятадын түүхий эдийн бэлтгэгч орон болсон байна. Ийм байж болохгүй төрийн бодлого. Хүнийг ажилтай байлгах, Монголд нэмүү өртөг үйлдвэрлэх, Монголынхоо эдийн засгийг дэмжих гэж л энд сууж байгаа. Энэ хууль зөв хууль. Харин засах зүйл байвал залруулаад явах нь зүйтэй гэлээ. С.Баярцогт сайд, Засгийн газар энэ хуулийг энэ оны 7 дугаар сард өргөн барьсан тул он тулгаж оруулж ирээгүй. Яаралтай хэлэлцүүлж өгөөч гэж УИХ-ын даргаар захирамж гаргуулсан. Санхүүгийн жилдээ нийцүүлэн оны төгсгөлд хэлэлцүүлж байгаа бөгөөд татвар төлөлттэй холбоотой болохоор хагас жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан хууль.

Засгийн газрын хуралдаанаар 3 ч удаа хэлэлцэгдсэн. Хамгийн анх зөвхөн үр тариатай холбогдуулан ХХААХҮЯ-наас оруулж ирсэн хууль. Дараа нь хэлэлцүүлгийн явцад ЭБЭХЯ, ЗТБХБЯ-наас санал боловсрогдон, нэмэгдэж орж ирсэн. Хэн нэгнийг лоббидсон зүйл алга гэлээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан уг хуулийг хэлэлцэх явцад 6 санал дээр гишүүдийн дунд эргэлзээ байх шиг байна. Ялангуяа Засгийн газрын гишүүд нь хоорондоо зөрөөтэй санал хэлж байна. Засгийн газар дээрх санал дээр юу гэж үзэж байгаагаа хэлэлцээд, чуулганы хуралдаанд оруулж ирүүлэхийн тулд 1-2 цагийн хугацаатай завсарлага авах саналтай байна гэснээр энэ асуудлыг эргэн хэлэлцэхээр хойшлуулсанаар дараагийн асуудлаа хэлэлцэж эхэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.