Нэгдсэн төсвийн хуульд өөрчлөлт оруулах, Хөгжлийн банк байгуулах хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд зааснаар Засгийн газар зөвхөн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломжтой. Олон улсын зах зээл, хандивлагч орон, байгууллагуудаас авах хөнгөлөлттэй зээл нь үнийн дүн багатай, тусгай нөхцөлүүд заавал шаарддаг сул талтай байдаг.
Гэтэл хөгжлийн шинж чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилтын хүрээнд үнийн дүнгийн хувьд их хэмжээтэй, аливаа нэмэлт нөхцөл, тусгай шаардлаггүй зээл, санхүүжилтийг олон улсын зах зээл дээрээс татах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хэдийгээр энэ төрлийн зээл нь хугацаа богино, хүү өндөртэй байдаг ч үр ашгийг нь түргэн хугацаанд хүртэх боломжтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг сонгон оновчтой хяналт тавьж хэрэгжүүлбэл улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн УИХ-аас 2010 онд батлан гаргасан Концессийн тухай хуульд төрөөс зээлийн баталгаа гаргах асуудал тусгагдсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуультай зөрчилдөж байгаа байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилган хуулийг нэр мөр ойлгож хэрэгжүүлэх үүднээс дээрх хуулиудын төслийг боловсруулжээ.
Ерөнхий сайд мөн Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг өргөн барилаа. Улс орны эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн банк байгуулахаар заасан. Манай улсын эдийн засгийн бүтцэд эзлэх уул уурхайн салбарын хувийн жин сүүлийн жилүүдэд өсч, Монгол Улсыг чиглэсэн гадны хөрөнгө оруулалтын урсгал ихээхэн нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр урт хугацаанд орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхэд нэн тэргүүнд уул уурхайн салбар дахь хөрөнгийн удирдлагыг сайжруулан хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх замаар үйлдвэржүүлэлтийг хөхиүлэн дэмжиж, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт дэд бүтцийн бааз суурийг бий болгох зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж буйг харгалзан Хөгжлийн банк байгуулах цаг нь болсон гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Хөгжлийг банк нь статусын хувьд төрийн өмчийн банк байхаар тооцож, өөрийн хөрөнгийг улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны зохих хэсгээр бүрдүүлэх, удирдлагын хувьд банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг Засгийн газраас томилох, гүйцэтгэх удирдлагыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулж Төлөөлөн удирдах зөвлөл нь томилохоор хуулийн төсөлд тусгасэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.