ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2010 ОНД
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, нийт мэргэжилтнүүддээ шинэ оны мэндийг дэвшүүлж 2011 онд амжилт бүтээл арвинтай байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. 2010 он манай салбарын хамт олонд өгөөжтөй үр дүнтэй сайхан жил болж өнгөрлөө. Хэдийгээр байгаль цаг уурын өөрчлөлт, орчны бохирдол, дэлхийг хамарсан халдварт өвчин, иргэдийн зан үйлийн буруу хэвшил, гэмт хэрэг, хордлог,осол гэмтэл гээд олон хүчин зүйлтэй холбоотой өвчин эмгэг нэмэгдэж, тэр бүхнийг даван туулах явцад ард иргэдээс багагүй шүүмжлэл, зэмлэл сонссон хэдий ч түүнтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд асар их ажил хийгдэж, бодитой үр дүнд хүрлээ. Энэ бол манай салбарын хамт олны нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэдгийг Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайдын хувьд бахархан тэмдэглэж байна. Та бидний ажлыг ямагт дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, гишүүд, засаг дарга, түүний тамгын газар, хамтран ажилладаг дэлхийн болон олон улсын байгууллагын хамт олон, эрүүл мэндийнхээ төлөө ямагт анхаарч эрүүл зан үйлийг төлөвшүүлж чадсан өрх гэрийн гишүүн бүрт эрүүл мэндийн салбарын хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж, 2010 онд эрүүл мэндийн салбарт хийгдсэн онцлох ажлуудыг та бүхэндээ сонордуулж байна.
доктор, профессор С.Ламбаа
1. НАЙМАН ХУУЛЬ, 20 ГАРУЙ ХӨТӨЛБӨР, СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАВ.
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” / архи, согтууруулах ундааны импортын татварын 1 хувь, Эмийн импортын татварын 2 хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлсэн / хуулийг УИХ-аар батлуулж, “Эрүүл мэндийн тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль хэлэлцэгдэж байна. “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанд орууллаа. Мөн Засгийн газрын хурал болон эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөө”, “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийн санхүүжилтийн талаар баримтлах стратеги”, “Түргэн тусламжийн сүлжээ” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийн лабораторийг 2010-2015 онд хөгжүүлэх үндэсний стратеги, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”, “Вируст гепатиттай тэмцэх үндэсний стратеги”, “Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, суралт, сурталчилгааны үндэсний стратеги”, “Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”, “Эрүүл мэндийн боловсролын 2010-2015 оны үндэсний стратеги”, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх стратеги”, “Эх, нярайн эрүүл мэнд” 2010-2015 оны үндэсний стратеги” зэрэг 20 гаруй хөтөлбөр, стратегийг боловсруулж батлуулав.
2. 130 ГАРУЙ СТАНДАРТ ШИНЭЭР БАТЛАГДАВ.
Анагаах ухааны судалгааг цаашид өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр анх удаа Эрүүл мэндийн сайд, ШУА-иийн Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Инновацийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ эм бүтээх төсөлд санхүүжилт олгох асуудлаар БСШУ-ны сайдтай гэрээ байгууллаа. 2009 онд анагаах ухааны салбарт хэрэгжүүлж дууссан 2 суурь судалгаа, 13 төслийн хүрээнд 48 үр дүн, эмчилгээ оношлогоонд нэвтрүүлж, 2010 онд Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 төсөл, бусад санхүүжилтээр эрдэм шинжилгээний 40 гаруй төсөл хэрэгжиж, 2010 онд нийт 130 гаруй стандартыг батлууллаа. 2010 онд анагаах ухааны салбарт шинжлэх ухааны болон анагаах ухааны докторын зэргийг 26 судлаач хамгаалав.
3. АНХНЫ ЭМИЙН ҮНДЭСНИЙ ФАРМАКОПЕЙ БАТЛАГДАВ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулсанаар эмийн зөвлөлийн статусыг шинэчлэх, эмийн зохицуулалтын асуудал хариуцсан бие даасан алба байгуулах, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, импортын эмэнд тавих хяналтыг сайжруулах, шинэ эмийг хэрэглээнд гаргах, эмийн зохистой хэрэглээний асуудлыг зохицуулах, эмийн бүртгэлийг боловсронгуй болгох, эмийн зар сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр зарчмын өөрчлөлт орлоо. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги, Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны удирдамжийг баталж, анх удаа эмийн фармакопейн 450 өгүүллийг боловсруулж гаргасанаар эдгээр өгүүллийг ашиглан эмийн үйлдвэрийн лабротори, эмийн сорилын болон итгэмжлэгдсэн лабораториуд эмэнд хими, физик, биологийн шинжилгээ хийж чанарыг баталгаажуулах үндэс бүрдэв.
4. 370 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭВ.
Манай улсад 184 эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодис, биологийн идэвхит бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйтлийн бодис ханган нийлүүлэх байгууллага, 25 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 1200 гаруй эмийн сан, түүний салбарууд үйл ажиллагаа явуулж, жилд 61 эм ханган нийлүүлэх байгууллага 33 улсаас нийт 46 тэрбум орчим төгрөгийн эм импортлоод байна. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжиж давхардсан тоогоор 370 орчим нэр төрлийн, 14 тэрбум төгрөгийн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэн 12,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ нь манай эм, эмнэлгийн хэрэгслийн нийт зах зээлийн 23,3 орчим хувийг эзэлж байна.
5. ЭМИЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН БАГА ХУРАЛ БОЛОВ.
2010 оны 11 дүгээр сард “Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт эмийн үндэсний бодлогын VI бага хурал хуралдаж, хот хөдөөгийн 500 зочид төлөөлөгчид оролцож, эмийн хангамж, хүртээмжийн байдал, эмийн чанарын хяналт, эмийн бодлогын хэрэгжилтэд салбар дундын болон хувийн хэвшлийн оролцоо, эмийн үйлдвэрлэл, импортын өнөөгийн байдал, орон нутгийн иргэдэд эмийн хангамжийг хариуцан ажиллаж байгаа эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээлийн талаар илтгэл сонсож, санал солилцон зөвлөмж гаргав. Энэ хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид оролцож , 2011-2015 онд хэрэгжүүлэх Зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийг нэмэгдүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслээр тогтвортой хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, бусад талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж тохиролцов.
6. АЙМГУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИТАЙ БОЛОВ.
Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд Архангай, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарыг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар, аймгуудын эрүүл мэндийн газартай хамтран боловсруулж, Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга нар баталгаажуулав. Дунд хугацааны стратегийг тусгайлан баталсанаар аймгуудын өвөрмөц онцлогт тохирсон эрүүл мэндийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэхүү стратегийн баримт бичгийг батлах үеээр зохион байгуулсан аймгуудын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд эрүүл мэндийн сайд 18 аймагт өөрийн биеээр очиж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажил байдалтай танилцаж олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
7. МОНГОЛ УЛС ДЭМБ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД СОНГОГДОВ.
Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай /ДЭМБ/ тогтоосон харилцааг улам гүнзгийрүүлэх зорилгоор 2009 оноос олон талт идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс ДЭМБ-ын удирдах зөвлөлд нэр дэвшиж, 2010 оны 5-р сард Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар чуулганаар батлагдав. Чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Шин Ян-су нар ЭМЯ, ДЭМБ-тай хамтран боловсруулсан “ДЭМБ, Монгол Улсын Засгийн газрын 2010-2015 оны хамтран ажиллах дунд хугацааны стратеги ”-ийн баримт бичигт гарын үсэг зурж, уг баримт бичгийг 7 дугаар сард доктор Шин Ян-су манай улсад айлчлах үедээ Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөв. Энэхүү баримт бичигт бүх түвшний хүн амд, түүний дотор алслагдсан бүс нутгийн хүн амд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн гамшгийн үед авах хариу арга хэмжээг нэмэгдүүлэхэд ДЭМБ нөөц бололцоогоо сайтар ашиглаж, Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллах эрхэм зорилгыг тодорхойлсон байна.
8. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 80 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ойг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн хүрээнд Эрүүл мэндийн яамны 80 жилийн түүхэн замналыг харуулсан ном, баримтат кино бүтээж, “Эмчилгээ оношлогооны технологийн дэвшил” үзэсгэлэн гаргаж, эрдэм, шинжилгээний бага хурал, төрийн захиргааны төв байгууллага хоорондын болон салбар, яамны хэмжээнд спортын цуврал тэмцээнүүдийг зохион байгуулав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ-ны барилгыг засварлан гадна тайлбайд мод зүлэг тарьж, давхруудын хонгилд тасалгааны цэцэг байрлуулж, дотоод сүлжээнд тулгуурласан SIP технологитой дотуур утсыг газар, хэлтсүүдэд суурилуулж, албан хэргийг цахим хэлбэрээр дамжуулах тогтолцоог нэвтрүүлэн чийрэгжүүлэлтийн болон Хүндэтгэлийн танхим, Эмнэлгийн тусламжийн кабинетийг тус тус шинээр байгуулав.
9. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРХИЙН БИЧИГ НЭВТРҮҮЛЖ ЭХЛЭВ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2009 оны 9 сард байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2009 оны 427 тоот тушаалаар батлагдсан “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн эрхийн бичгийг “Орлого орлуулан тооцох” аргаар тодорхойлогдсон ядуу өрхөд орон нутгийн засаг захиргаагаар дамжуулан олгож эхлэв. Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү эрхийн бичгийн хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр эм олгох, амбулаторийн үзлэгт хамруулах, оношлогоо шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх гэсэн 4 төрлийн тусламж үйлчилгээг хамруулах бөгөөд хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээг хот, хөдөөгийн 357 эмийн сан, бусад тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд эрхийн бичиг бүхий иргэдэд үзүүлнэ.
10. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨВ.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь өөрчилж ороор бус оношийн бүлгээр санхүүжүүлэх механизмыг бүрдүүлж Эрүүл мэндийн сайд, сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар даатгалын тарифыг шинэчлэн тогтоож 2010 оны 1-р сараас эхлэн мөрдүүлэв. Ингэснээр эрүүл мэндийн даатгалтай иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр эмчлүүлэх, амбульторийн үзлэгт хамрагдах, оношлогоо, шинжилгээ хийлгэх, уламжлалт болон рашаан сувилалын эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах болов. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хийсэн өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангийн салбарын нийт зардалд эзлэх хувь нэмэгдэж, нэг хүнд ноогдох даатгалын мөнгө нэг сая гаруй төгрөг болж өслөө. Түүнчлэн 2011 оны төсвийн хуулийг батлахад эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд хамруулахад Хүний хөгжлийн сангаас 9.3 тэрбум төгрөг зарцуулах болсоноор монголын бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдэв.
11. ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭВ.
2010 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс олон улсын байгуулагаар дамжуулан худалдан авах, улаанууд, гахайн хавдар ХИВ-гийн эсрэг вакциныг шинээр товлолд оруулах, гепатит В вирусын вакциныг 24 цагийн дотор хийж эхээс хүүхдэд халдвар дамжих нөхцлийг зогсоох боломжийг бүрдүүлэв. Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаажуулалтын хамралтыг вакцины бүрэн тун авсан хоёр хүртэлх насны хүүхдээр гаргах мэдээллийн тогтолцоог нэвтрүүлж, ОХУ-д халдварт саа өвчин гарсантай холбогдуулан “Халдварт саа өвчин үүсгэгч зэрлэг омгийн вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөө”-г баталж, халдварт саагийн эсрэг вакцинд 1-5 насны 350 гаруй мянган хүүхдийг хамруулав. Түүнчлэн А гепатитын өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан 43 мянган хүн тун А вируст гепатитын эсрэг вакциныг импортоор оруулж, эмзэг бүлгийн болон өвчлөлийн голомтод байгаа 2-9 насны хүүхдийг тархвар судлалын заалтаар дархлаажуулах арга хэмжээг авч 28700 гаруй хүүхдийг хамруулаад байна.
12. ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЭВ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Эрүүл мэндийн салбар дахь бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөө”-ний биелэлт 98 хувьтай гарлаа. ЭМЯ “төр хувийн хэвшлийн түншлэл эрүүл мэндийн салбарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн хөгжлийн түвшинг үнэлж, “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулалтын хугацаа, шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн батлав. Улсын хэмжээнд 149 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага сонгон шалгаруулалтад тэнцэж, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх болов. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтийг 3 дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөгт хүргэн оны эхнээс мөрдүүлсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өрсөлдөх чадвар эрс нэмэгдэв. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулж, хувийн хэвшлийн 30 эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгож, 45 байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгасан байна.
13. “Эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтан” БЭЛТГЭВ.
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” нь төслийн дэмжлэгтэйгээр үйлчлүүлэгчдээс гарч буй гомдлыг шийдвэрлэх олон улсын туршлагаар “Эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтан” бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулж салбарын хэмжээнд 46 “Эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтан”-г бэлтгэж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн мэдээний санг бүрдүүлэв.
14. 679 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАВ.
Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 679 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны зээлд хамруулах Засгийн газрын шийдвэрийн дагуу эрүүл мэндийн сайдын тушаалаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, улсын нэгдсэн эмнэлэг, төвүүдэд квот тогтоон өгч хэрэгжүүлж байна.
15. ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭВ.
“Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”, “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллагсадыг өндөр хөгжилтэй орнуудад мэргэшүүлэх чиглэл, төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтад хамрагдах эмнэлгийн мэргэжилтний хяналтын тоо, сургалтын зардлыг батлах, эмнэлгийн мэргэжилтэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлттэй үзүүлэх, сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмуудыг баталж мөрдүүлэв. 2010 онд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор 300 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг гадаадад танилцах болон туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, төрийн санхүүжилтээр 791 эмч, мэргэжилтнийг төгсөлтийн дараахь сургалтад хамруулав. Түүнчлэн улсын клиникийн төв эмнэлэг, үндэсний төвүүдийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын багийг аймгуудын нэгдсэн эмнэлэгт 3 хүртэл сарын хугацаагаар томилон ажиллуулж, нарийн мэргэшлийн эмч бэлтгэх сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор төгсөлтийн шалгалтыг сайдын тушаалаар баталсан мэргэжлийн комисс авч, үнэмлэх олгодог тогтолцоонд шилжүүлэв.
16. ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ХОЁР ДАХИН БУУРАВ.
Эрүүл мэндийн яам эх барихын яаралтай, нярайн нэн шаардлагатай тусламжийн хэрэгцээний үнэлгээг хийж, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийг орон нутагт томилон ажиллуулж, “Эх, нярайн эрүүл мэнд” стартеги”, “Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандарт”-ыг шинэчлэн баталж, амаржих газрын чадавхи хүний нөөцийг нэмэгдүүлэх, нийслэл, аймгуудын амаржих газар, төрөх эмнэлгүүдийг засварлах, шинээр барих ажлыг эрчимжүүлж, богино хугацааны дотор олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэнээр эхийн эндэгдэл 1990 оны түвшингөөс бараг дөрөв дахин, өнгөрсөн оны түвшингөөс хоёр дахин буурсан амжилтаар шинэ оноо угтлаа. Тухайлбал эхийн эндэгдэл 28 болсоноор өнгөрсөн оны мөн үеээс 2 дахин буурч, нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 12.6 байсан бол энэ онд 11.6 болж буурсан байна. 2011 онд 300 ортой нийслэлийн эх, нялхасын эрүүл мэндийн төв, тус бүр 150 ортой нэг, гуравдугаар амаржих газар, 6 аймагт төрөх эмнэлэг шинээр барьсанаар эх, нялхасын эрүүл мэндийн салбарт олсон ололтоо бататгах үндэс болно гэж үзэж байна.
17. “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨРТӨЙ БОЛОВ.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2010 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулав. Манай улсад түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж, жилдээ дундажаар 600 мянга гаруй дуудлага гарч нийт дуудлагын 25 хувь нь нийслэлд, 75 хувь нь хөдөө орон нутагт тохиолдож байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76.2 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээлгэсэн байна. Тийм учраас түргэн тусламжийн үйлчилгээг шинэчлэх зорилгоор удирдлага мэдээллийн нэгдсэн төвд 03-ийн дуудлагыг төвлөрүүлж, яаралтай тусламжийн төвийн салбаруудыг нийслэлийн бүх дүүрэгт байгуулах зорилтын дагуу Баянзүрх дүүрэгт шинэ салбар нээгдэв. Энэ онд аймаг нийслэлийн түргэн тусламжийн парк шинэчлэлд 3.7 тэрбум төгрөг зарцуулж 138 автомашиныг нийлүүллээ.
ЗАЙН ОНОШЛОГООНЫ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨЖ, ТӨРӨЛЖСӨН ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛАВ
2009 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Цахим эрүүл мэнд” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газарт Зайн оношлогоо, эмчилгээний хэлтсийг зохион байгуулж, телемедициний үндэсний сүлжээний бүтцийг бий болгов. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-ны харъяа байгууллага, агентлаг, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, нийт 60 гаруй байгууллага өндөр нууцлал, хурд бүхий интернетийн сүлжээнд холбогдож, өөр хоорондоо өвчний онош, дуу, дүрсийг уг сүлжээгээр дамжуулах боломж бүрдлээ. ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийг 700 сая төгрөгийн өртөг бүхий 500 компьютер, дотоод сүлжээ, теле хурлын тоног төхөөрөмжөөр хангаж, Ховд, Өвөрхангай, Дорнод, Орхон аймаг дахь БОЭТ-ийг өндөр хурдны сүлжээгээр дамжуулан зайн оношилгооны нэгдсэн сүлжээнд холбов. Түүнчлэн зайн оношлогооны үр дүнг дээшлүүлэхийн тулд Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэгт “Зүрхний төв”, “Тархины төв”, Улсын клиникийн төв эмнэлэгт “Бөөрний төв”, “Диабетын төв”, Хавдар судлалын үндэсний төвд “Элэгний клиник”, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “гепатитын эмгэг судлалын клиник”-ийг тус тус байгуулж АНУ-ын мянганы сорилын сан, глобаль сан, Хавдарын олон улсын нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж эхлэв.
18. ХӨДӨӨД ЭМНЭЛГИЙН 41 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОВ.
Эрүүл мэндийн салбарт 2010 онд 67 объектод 86,2 тэрбум төгрөгийн барилга угсралт, 62 эмнэлгийн барилгад 9,6 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэв. Эдгээрээс Баянхонгор, Ховд аймгийн 50 ортой төрөх эмнэлэг, Говь-Алтай аймгийн Бигэр, Булган аймгийн Хишиг-Өндөр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтай, Булган, Увс аймгийн Өндөрхангай сумдын 20 ортой сум дундын эмнэлэг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Чандмань-Өндөр, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 15 ортой эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүдийн халдвартын эмнэлэг, Увс аймгийн Түргэн, Сэлэнгэ аймгийн Сант, Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад 10 ортой эмнэлэг зэрэг 17,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 41 барилга байгууламж баригдаж байнгын ашиглалтад орлоо. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн барилга байгууламжид 2,0 тэрбум, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжид 3,3 тэрбум, спортын байгууллагын барилга байгууламжид 500,0 сая, аймаг, орон нутгийн барилга байгууламжид 3.8 тэрбум, нийт 9,6 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэв.
19. НИЙСЛЭЛД 9 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР БАРИГДАЖ ЭХЛЭВ.
Энэ онд 3,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Нийслэлийн Баянгол дүүргийн 100 ортой эрүүл мэндийн төв, 2,8 тэрбум төгрөгийн өртөгтэй Клиникийн нэгдсэн III эмнэлгийн өргөтгөл, 3,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийслэлийн 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 19,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төв, 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтөй Нийслэлийн I амаржих газрын 150 ортой өргөтгөл, Баянзүрх дүүргийн 4.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтөй 150 ортой амаржих газар зэрэг нийт 46.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 барилга байгууламж шинээр баригдаж эхэллээ.
20. ХОГ ХАЯГДЛЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОВ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2009 онд баталсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги”, 2009-2013 үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн сайдын 2010 оны 73 тоот тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн хашаанд эмнэлгийн хог хаягдлыг шатаахыг хориглож, нийлслэлийн эрүүл мэндийн байгууллагын хогийг нэгдсэн байгууламжид төвлөрүүлэн халдвартай хог хаягдлыг уураар халдваргүйжүүлж, зөвхөн биологийн гаралтай хог хаягдлыг шатааж устгах шийдвэр гаргав. Энэ шийдвэрийн дагуу ЭМЯ-наас 235 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар “Элемент” ХХК-тай гэрээ байгуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Наран”-гийн энгэрт Эмнэлгийн хог хаягдлын нэгдсэн байгууламжийг байгуулав. Энэ онд Эмнэлгийн хог хаягдлын нэгдсэн байгууламж нийслэлийн 325 эмнэлгээс 497 тонн аюултай хог хаягдлыг цуглуулан авч устгаад байна. Мөн ЭМЯ-наас Дархан-Уул, Эрдэнэт хотуудад эмнэлгийн хог хаягдлыг устгах тоног төхөөрөмжийг нийлүүлж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хог хаягдлын төвлөрсөн байгууламж нээж, хотын хэмжээнд 97 эмнэлгийн хог хаягдлыг цуглуулан устгаж байна.
21. АНХ УДАА ЭМНЭЛГИЙН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОВ.
2009 онд дэлхийг хамарсан амьсгалын замын халтварт вируссын өвчлөл дэгдэх үед манай орны бүх шатны эмнэлгийн сэхээн амьдруулах тасгуудад тоног төхөөрөмж дутагдаж, хүчилтөрөгчийн хангамж хомосдолд орж ихээхэн хүндрэл учирч байсан билээ. Үүнд эрүүл мэндийн яам онцгойлон анхаарч эмнэлгүүдэд хэдэн арван жил ашиглагдаж шаардлага хангахгүй болсон хүчилтөрөгчийн баллоныг шинэчилж, улсын клиникийн төв эмнэлэгийн дэргэд БНЧУ-ын хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчиийн жижиг оворын үйлдвэр байгуулав. Ингэснээр улсын клиникийн төв эмнэлэгт эмнэлгийн стандартын шаардлага хангасан хүчилтөрөгчөөр өөрийн эмнэлгийг дотуур холболтоор шууд хангах нөхцөл бүрдэж, цаашид бусад эмнэлгүүдийг эмнэлгийн стандартын хүчилтөрөгчөөр хангах зорилт тавин ажиллаж байна.
22. АНХНЫ ОУ-ЫН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА ТОДРОВ.
Монголын эмч нар элэгний хатууралтай өвчтөнүүдэд уян дурангийн аргаар улаан хоолойн хураагуур судасны боолт хийх, цоорсон ходоод оёх, титэм судсанд залгалт хийх, бамбайн бүлтийлтийг засах, ухархайн хугарал засах, уушгины артерийн хавхлагын нарийслыг уушгины артериар нээж хавхлага засах, хялар өвчний үед ташуу булчинд пластик хийх, улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй үед пластик хагалгаа хийх, өвдөгний үе, түнхний үе солих, нуруу нугаламын хугаралыг шинэ үед нь бэхлэх, гавлын ясны дутагдлыг титан бүрхэвчээр нөхөх, хүзүү, нурууны нугаламын бяцарсан хэсгийг титан бортогоор орлуулах, чөмөгт ясны хугарлыг түгжээт хадаасаар хадах, холбоос сэргээх, яс, арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, яс, үений ойролцоо хугаралыг эрт үед нь мэс заслын аргаар эмчлэх, үрэвссэн мухар олгой, уушигны дэлбэн авах хагалгааг дурангийн аргаар хийх, зүрхний хурц шигдээсийг 24 цагийн дотор стент эмчилгээгээр эмчлэх, үргүйдлийг эмчлэх, үр суулгах зэрэг олон шинэ аргыг эмчилгээний практикт нэвтрүүлсэн байна. Энэ онд улсын клиникийн төв эмнэлэг, үндэсний төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд цусны хавдар өвчний үед ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах орчин үеийн өндөр технологи бүхий, үр дүнтэй эмчилгээний аргыг өөрийн орны анагаах ухааны практикт нэвтрүүлэх бэлтгэлийг бүрэн хангалаа. 2010 онд клиникийн II нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн салбарт анх удаа чанарын удирдлагын олон улсын “ISO 9001:2000” стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээ хүртэж, нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүд оношлогоо, эмчилгээндээ 27 шинэ арга нэвтрүүлж патентийн гэрчилгээ авсан байна.
23. МОНГОЛЫН ТАМИРЧИД 339 МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРАВ.
Монгол Улсын засгийн газар биеийн тамир спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч биеийн тамир спортын зардал, хөрөнгө оруулалтад 12.5 тэрбум төгрөг зарцуулж тамирчдын амжилтыг ахиулах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсний дээр тамирчдын бэлтгэл сургуулилтад 500 орчим сая төгрөг зарцуулж, жудо-гийн дэлхийн цомын тэмцээн, эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн гранпри аварга шалгаруулах тэмцээн, Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн даамын болон Пауерлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж 730 гаруй сая төгрөг зарцууллаа. Үүний үр дүнд тамирчдын амжилт тогтвортой дээшилж, 2010 онд алтан медаль 120, мөнгөн медаль 85, хүрэл медаль 134, нийт 339 медаль авч, спортын салбарын түүхэнд энэ онд анх удаа дэлхийн цом, дэлхийн аваргаас 29, тивийн наадмаас 2 аварга шинээр төрж, анх удаа оюуны спортын тамирчдаас дэлхийн аварга, хүүхдийн Олимпийн наадмаас 2 аварга төрөн гарлаа. Монгол Улсын Засгийн газар спортын амжилт гаргасан 131 тамирчин, 28 дасгалжуулагчид нийт 1.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгов.
24. ШИНЭ СПОРТЫН ЦОГЦОЛБОРУУД АШИГЛАЛТАД ОРОВ.
Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засаг, Техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн дагуу Улаанбаатар хотод БНХАУ-ын 160 сая юаны буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газраас 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 5045 хүний суудалтай спортын ордонг хүлээн авлаа. Хэд хэдэн дэвжээг зэрэгцүүлэн тавих боломжтой спортын танхим, бэлтгэлийн заал, зочид төлөөлөгчид, сурвалжлагчдад зориулсан хэвлэлийн бага хурлын танхим зэрэг 100 гаруй өрөө тасалгаатай, спортын уралдаан тэмцээнийг дэлхийд шууд дамжуулан үзүүлэх хүчин чадал бүхий мэдээллийн танхимтай энэхүү спортын ордон дэлхийн болон олон улсын тэмцээн хүлээн авах стандартын шаардлагыг бүрэн хангасан манай улсын анхны том спортын ордон болж байна. Түүнчлэн Өвөрхангай, Төв, Баян-Өлгий аймгийн 600 суудалтай спорт цогцолборыг ашиглалтад авч, 1000 хүний суудалтай нийслэлийн спорт цогцолборын суурийг тавьж, УИХ-аас баталсан 2011 оны төсөвт нийслэлийн 6 дүүрэг, хэд хэдэн аймагт усан басейн бүхий спортын ордны зураг төсөл хийх, барьж эхлэх хөрөнгийн эх үүсвэр тусгагдлаа.
25. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭВ.
АНУ-ын Мянган сорилтын сангийн 39,2 сая ам долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” төсөл орон даяар хэрэгжиж, Азийн хөгжлийн банк /АХБ/- ны 14 сая ам долларын буцалтгүй тусламжаар ЭМСХ-3 төслийг Архангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж, эмнэлгийн барилга шинээр барих, засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэхэд 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Мөн 2011 оноос нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийг шинэчлэх төсөл боловсруулах, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг загвар эмнэлэг болгон өргөтгөх, эмийн аюулгүй байдлыг хангахад зориулан АХБ-наас 14 сая ам.долларын буцалтгүй тусламж авах гэрээнд гарын үсэг зурагдав. Глобаль сангийн хамт олон ДОХ,Сүрьеэгийн төсөлд 1,4 сая ам долларыг зарцуулж, энэ онд сүрьеэгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг бэхжүүлэхэд 18 сая ам долларын төсөл шинээр нэмж авахаар болов. Льюксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын 6,6 сая еврогийн буцалтгүй тусламжаар “Зүрх судас, эх нялхсын тусламж үйлчилгээнд зайн оношлогоо, эмчилгээг нэвтрүүлэх” төслийн 3-р үе шатыг эхлүүлэхээр болов. ЭМЯ-тай байгуулсан гэрээний дагуу Швейцарийн хөгжлийн агентлагаас 1сая 400 мянган Швейцарь франкийн санхүүжилтээр телемедицины тоног төхөөрөмж, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 14 аймгийн 339 суманд 732,4 сая төгрөгийн үнэ бүхий сум, багийн эмчийн дулаан хувцас, яаралтай тусамжийн иж бүрдэл, багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, олон найрлагат бичил тэжээл, ХБНГУ-аас ЭНЭШТ-д 300.000 еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, Шастины нэрэмжит төв эмнэлэгт 160.000 еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг тус тус олгов. Түүнчлэн олон улсын байгууллага, Ротари клуб, нийгэмлэгүүдээс олон сая ам долларын тоног төхөөрөмжийг хот хөдөөгийн эмнэлгүүдэд сурилуулав. Эрүүл мэндийн яам гадаадын зарим компануудтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Био аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори”, 30 мянган хүний суудалтай, үндэсний цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн стандартад нийцсэн ерөнхий оношлогооны болон телемедициний төв барих санамж бичигт гарын үсэг зурж монголын талын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.
26. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД ЭРХ ОЛГОВ.
Биеийн тамир спортын холбоодын эдийн засаг, санхүүгийн бие даасан чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны мөнгөн шагнал, тэмцээн зохион байгуулалтын үйл ажиллагааны зардлыг гэрээний үндсэн дээр спортын холбоодод шилжүүлэх шийдвэрийн дагуу Цанын холбоонд 15.4 сая төгрөг, Чөлөөт бөхийн холбоонд 25.8 сая төгрөг, Хүндийн өргөлтийн холбоонд 20.4 сая төгрөг, Сагсан бөмбөгийн холбоонд 11.7 сая төгрөг, Гимнастикийн холбоонд 16.6 сая төгрөг, Хөнгөн атлетикийн холбоонд 36.2 сая төгрөг нийт 126.2 сая төгрөгийг олгов. Түүнчлэн эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг, Мэс заслын нийгэмлэг, Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Мэдрэлийн эмч нарын нийгэмлэг, Шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэг, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг, Бие бялдар сэргээн засах судлалын нийгэмлэг, Монголын дархлал олдмол хомсдолтой тэмцэх нийгэмлэг, Чих, хамар хоолойн эрдэм шинжилгээний нийгэмлэг, Радиологийн нийгэмлэг, Арьс өнгөний эмч нарын нийгэмлэг, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Сувилагчийн нийгэмлэгүүд эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг улсын хэмжээнд анх удаа бие даан зохион байгуулав.