Тендерт ханддаг “хоноцын” сэтгэлгээг гээнэ
2011.01.06

Тендерт ханддаг “хоноцын” сэтгэлгээг гээнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

chuulgan_2010_05

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нараас өргөн мэдүүлсэн бөгөөд мөн үүний ижил хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын гишүүд болон Засгийн газраас мөн боловсруулж өргөн бариад байгаа билээ. Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд 10 цаг 35 минутад эхэлж,  хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир удирдан явууллаа.

 

Хуулийн төсөл санаачлагч Э.Бат-Үүл гишүүн эхлээд танилцуулга хийв. Хуулийн төслийн үзэл санааны талаар тэрээр хэлэхдээ, тухайн орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тохиолдолд өөрөөр хэлбэл барилга бариулах боллоо гэхэд л барилгын үнэлгээний хороонд сум, дүүргийн ИТХ, ЗДТГ-ын төлөөллөөс 50 хувь  оруулъя гээд байгаа юм. Энэ нь тендерийн гүйцэтгэгч нарын орон нутагт бариулсан барилга байгууламжид тухайн орон нутгийн нэгжээс тавих хяналтыг сайжруулахад чухал үүрэгтэй юм гэв. Тэр байтугай тухайн байгууламжийг барьж буй газрын, гүйцэтгэгчийн талаарх иж бүрэн танилцуулгыг заавал ил байрлуулах шаардлага ч тавигдсан байгаа. Хуулийн төсөл 4 зүйлтэй. Үүнээс хамгийн гол нь Үнэлгээний хороонд өөрчлөлт хийе гэсэн зорилт байгаа хэмээн ярилаа.

 

Хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, 2008 оны намар Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр замын тендерийн тухай   яригдахад яг ийм зүйл хэлэлцэгдэж байсан. Тендерийн хорооны талаар  яригдаад байна. Өнөөгийн нөхцөлд орон нутагт барилга барьж буй гүйцэтгэгчийг хянах мэргэжлийн хүмүүс байхгүй л байгаа. Ямар ч тохиолдолд орон нутаг аргагүйн эрхэнд барилгыг ашиглалтад хүлээгээд л авсан байдаг. Ийм байхад энэ хууль хэрэгжих үү? Мэргэжлийн хүмүүс биш тул орон нутгийн нөхөд сайтар хяналт тавьж чадах юм уу хэмээн асууж байв.

 

Э.Бат-Үүл гишүүн хариулахдаа, Үнэлгээний хороо гэдэг чинь шалгаруулах үүрэгтэй улс байх юм. 50 хувь нь мэргэшсэн, үлдсэн 50 хувь нь сум, дүүрэг, орон нутгийн төлөөлөл байна. Тухайн баригдаж буй объект дээр хамгийн их эзний сэтгэлээр хандах хүмүүс чинь орон нутгийнхан шүү дээ. Яагаад гэвэл тэнд нь, нутагт нь барилга байгууламж нь үлдэх учраас чанарын төлөө тэд анхаарч л таарна гэв.   Тэрээр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн барьсан хуулийн төслийг одоо энэ хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцээд явбал тендерийн сайн хууль гарах боломжтойг тэмдэглэж байсан. Эзний сэтгэл дээр мэргэшсэн хүмүүсийн хослол бий болвол  тендерт ханддаг хоноцын сэтгэлгээ үгүй болох юм хэмээн Э.Бат-Үүл гишүүн хэлж байв.

 

Харин О.Чулуунбат гишүүн асуухдаа, бид шинэ хууль батлах бүртээ л шахуу төрийн байгууллагын ажилтны тоог нэмэх гээд байх юм. Тэгэхээр орон нутагт тендер батлахын тулд дахиад л цагаан захтнуудын эгнээг нэмэх үү, одоо хөдөө орон нутагт бүхий л мэргэжлийн хүн байгаа тул орон тооны бус хороо байгуулвал ямар бол  гэж байв.

 

УИХ-ын гишүүн Д.Зоригт эдгээр гурван хуулийн төслийг дэмжиж буйгаа хэлээд, үнэлгээний хороонд 50 хувиар зогсохгүй орон нутгийн мэргэшсэн хүмүүс байхыг илүүтэйд үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин гишүүн Б.Чойжилсүрэн, тендерийн ажлыг зохион байгуулахдаа төсөв, зардлын ажлыг хэрхэн зохицуулах гэж буйг мөн хэр зэрэг судалгаатай ажилласныг нь хууль санаачлагчаас тодруулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, тендерт яг тодорхой стандарт хийж өгдөггүй тул янз бүрийн зүйл аваачаад хийчихдэг. Үнэндээ үнэлгээний хороог орон нутгаас бүрдүүлэх нь тийм ч чухал биш. Барилга, орон сууц, цэцэрлэг зэргийг  ашиглалтад авах болоход орон нутаг өөрөө ямар ч тохиолдолд хүлээгээд л авчихдаг, хахуульд л автаад тэр шүү дээ. Тэгэхээр ямар барилгыг ямар материалаар барих, тэгэхдээ ямар ямар стандартыг яг таг мөрдөх тухай стандарт бий болгож, зохицуулах нь чухал юм гэлээ.

 

Э.Бат-Үүл гишүүн,  Сангийн яамнаас оруулж ирсэн хуулийн төсөл яг үүнрүү чиглэсэн байгаа, харин бидний төсөл бол үнэлгээний комисс руу илүү анхаарал хандуулсан төсөл хэмээн хариулсан.

 

Ц.Сэдванчиг гишүүн хэлэхдээ, хуулийн төслийг дэмжиж байна гээд асуудлын гол нь үнэлгээний хороог бүрдүүлдэг албан тушаалтанд байсаар ирсэн. Өөрсдийн гарын хүмүүсээр яам, газрууд үнэлгээний хороог бүрдүүлж ирсэн практик байгаа гэв. Тэрээр Засгийн газрын хуулийн төсөл дэх худалдан авах ажиллагаанд орон нутгийн оролцоо гэдгийг мөн тодруулж байлаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх болоход УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, О.Чулуунбат, Д.Зоригт, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар саналаа хэлсэн.

 

Энэ бол чухал хууль гэдэгтэй гишүүд санал нэг байгаагаа илэрхийлж, яаравчлан дутуу гацуу хууль батлахгүйгээр өргөн баригдаад буй гурван хуулийн төсөл дээр Ажлын хэсэг гарган нухацтай ажиллах нь зөв гэж байв. Түүнчлэн тендерийн хороог халдашгүй том эрхтэй болгох нь чухал биш, хариуцлагатай, сэтгэлтэй хүмүүсээр бүрдүүлэх тал дээр анхааръя гэж байлаа.   Засгийн газраас нэлээд зоригтой саналууд хуулийн төсөлд нь тусгагдсан байгааг Ц.Сэдванчиг гишүүн онцолж байсан.

 

Харин хуулийн төсөл санаачилсан Э.Бат-Үүл гишүүн, эдгээр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх явцад нэг л зүйлийг онцгой анхаарах хэрэгтэйг хэлсэн бөгөөд орон нутаг дахь анхан шатны нэгжийг чадавхижуулах тал дээр хариуцлагатай хандах цаг болсон хэмээж байлаа. Тэгэхгүй бол тэд үнэндээ “амьгүй албат” болоход ойрхон байна, бүх л зүйлийг дээрээс хүсдэг, дээш нь заадаг, тэрнийг нь ч гүйцэлдүүлдэг болсоор уджээ гэсэн юм.

 

Ц.Даваасүрэн гишүүн, бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Стандарт чухал, нэг барилга барилаа гэхэд л ямар будгаар будах, ямар шохой хэрэглэх, тоосго нь чухам ямар байх вэ гэхчлэн нарийвчилсан стандартыг яг таг мөрддөг журмыг Үнэлгээний хороонд сайтар суулгаж өгөх хэрэгтэй байгаа юм гэж байсан.

 

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хэлэлцүүлсэн асуудлаар гишүүдээс санал хураахад  100 хувь дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ё.Мөнхбаатар нар өнөөдрийн байнгын хорооны хуралдааны талаар мэдээлэл хийсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.